СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар Ардчилсан намын төлөөлөл М.Тулгат, Д.Ганбаяр, Б.Анхбаяр нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Ардчилсан намын төлөөллөөс Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд, УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн үр дүн, сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох зарим асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, “Сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгуулийг ил тод, нээлттэй, хяналттай байлгах, санал тоолох төхөөрөмж болон санал хураалтын дүнг гаргах талаарх хуульд заасан ажлыг олон нийтэд ил тод, нээлттэй, баримттайгаар үзүүлдэг. Ажлынхаа талаар үнэн зөв, баримттай мэдээлэл өгөхөд Та бүхэнтэй хамтран ажиллахад татгалзах зүйлгүй. Цаашид сонгогчдын боловсролын асуудалд ач холбогдол өгч, өргөн цар хүрээтэй ажил зохион байгуулахад хамтран ажиллах боломжтой бөгөөд улс төрийн намын үүрэг, оролцоо чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.
Ардчилсан намын хувьд сонгуулийн ирц, оролцооны талаарх УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох талаар анхаарч, цаашид сонгогчдын боловсролын асуудлаар Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.