Categories
гадаад мэдээ

Ан Сан Су Чи парламентад сууна

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Мьянмар улс анх удаагаа ардчилсан байдлаар парламентын чөлөөт сонгуулиа хийсэн билээ. Сонгуулийн дүнд Нобелийн шагналт Ан Сан Су Чигийн тэргүүлдэг “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам парламентын 300 суудлын 180-д ялалт байгуулж, олонхи болсон юм.

Хэрэв “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам нь парламентын сонгуульд ялбал Мьянмар улсын Засгийн газрыг тэргүүлнэ гэж хүний эрхийн домогт хамгаалагч, улстөрч, тэрс үзэлтэн Ан Сан Су Чи амласан байдаг.

1962 оноос хойш тус улсыг цэргийн дэглэм удирдаж байсан бөгөөд саяхан буюу 2010 онд парламентын засаглалтай болсон. Гэхдээ тус улсын хуулиар парламентын суудлын 25 хувийг армийнхан авахаас гадна Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтөд хориг тавих эрхийг тэдэнд өгсөн байдаг.

Одоогоор Мьянмарыг удирдах шинэ Ерөнхийлөгчийн нэр тодорхойгүй байгаа хэдий ч Ан Сан Су Чи ерөнхийлөгч болохгүй нь нэгэнт тодорхой болжээ. Учир нь тэрбээр гадаад нөхөртэй юм. Тус улсын хуулинд зааснаар гадаад хүнтэй гэр бүл болсон хүн улсаа удирдах эрхгүй байдаг аж. Тэрбээр Ерөнхийлөгч болох боломжгүй ч удахгүй тангаргаа өргөж парламентад суухаа мэдэгджээ.

Тэгвэл ирэх сарын 1-нд тус улсын шинэ парламентын гишүүд албан ёсоор тангаргаа өргөх юм.

Г.Сайнбилэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *