УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
Ингэхдээ УИХ-ыг яаралтай хуралдаж, цаг үед тулгарч буй асуудлыг шийдэхийг шаардав. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өнөөгийн Засгийн газраас шалтгаалж байдал ийм дээр тулсанд хариуцлага хүлээх, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг халдвар тараах нөхцөл бүрдүүлсэнд уучлалт гуйхыг шаардав.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Ковидын хуулиар далимдуулж УИХ-ын 76 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээ хуралдсангүй. УИХ-ын чуулганыг өнөөдөр эсвэл маргааш нэн яаралтай зохион байгуулж үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх шаардлагатай байна. 300 мянга гаруй хүн халдвар авсан, хичээл сургууль эхэлсэн, хоёр жил хоригдсон, шатахуунгүй болсон ийм үед бид амраад байж болохгүй. Иймээс цаг үед тулгарч буй асуудлыг шийдэхийг шаардаж байна. Ингэхдээ шаардлагатай зүйл заалтуудыг өргөн барьж буй шаардлагад тусгаж өгсөн.
Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдыг хариуцлагаа хүлээ гэдэг шаардлагыг мөн хүргүүлж байна. Засгийн газрын бодлогоос улс ийм байдалд хүрсэн. Гуравдугаарт, 2021 оны гуравдугаар сараас хойш МАН-ын 100 жилийн ой тэмдэглэж, удаа дараа одон медаль тараасан зэрэг олон хүн цуглуулж халдварыг хавтгайруулсан. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулиар хөдөө орон нутагг руу явж халдвар тараасан. Үүний дараа уул тахих нэрийдлээр халдвар нэмэгдүүлсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг уучлалт гуйхыг шаардаж байна. Түүнээс гадна малын шүлхий өвчин 13 аймагт тараад байна. Тиймээс Ардчилсан нам сөрөг хүчний хувиар дуу хоолойгоо илэрхийлж, хариуцлага нэхэж байна” гэв.
Мөн “Ирэх сарын 1-нд Сүхбаатарын талбайд “Одоо боллоо” цуглаанд оролцохыг ард түмнээсээ хүсч байна” гэлээ.
Ардчилсан намын бүлгээс дараахь шаардлагыг тавьж байна. Үүнд
- Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
- ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа Монгол Улсын элчин сайд нарыг эгүүлэн татах
- Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйврыг нэн даруй зогсоох
- Удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг биелүүлэхгүй бол ирэх сарын 1-нд Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна гэв.