Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ынхны тохироо юу болов?

Ерөнхий сайд Н.Алтан­хуягийг огцруулах бичгийг Ардын нам өргөн барьснаас хойш гурав дахь долоо хоног­тойгоо золголоо. Шударга ёс эвсэл дараа нь АН завсарлага авснаар асуудал хойшилсоор байна. Ардын нам завсарлага авна гэж байхгүй учраас хүссэн хүсээгүй энэ долоо хоногт Ерөнхий сайдыг огцруу­лах эсэх тухай хэлэлцэх нь ойлгомжтой.

Уг нь Засгийн газрын тэргүүнийг татан унагах санаа МАН-ынх байлаа. Гэсэн ч гол бужигнаан АН-д өрнөж байна. Бүлэг дотроосоо гишүүд нь гарын үсэгээ цуглуулж, намаасаа томилогдсон Ерөнхий сайдыг огцруулахаар үгсэж эхэлсэн юм. Р.Бурмаа, Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга, Д.Ганбат, Г.Баярсайхан, Р.Амар­жаргал, М.Зоригт, Ж.Батзандан гээд МоАХ, Шонхор фракцийн голдуу гишүүд тэр бичигт гарын үсэг зурсан тухай мэдээлэл бий. Харин тэд эгнээндээ Д.Арвин, М.Батчимэгээс эхлээд хэд хэдэн хүнийг нэгтгэж, тоогоо 15-д хүргэсэн гэдэг нь хэр үнэний ортой юм бол. Эх сурвалжуудын хэлж байгаагаар бараг худлаа юм шиг байна.

“Эсэргүүнүүд”-ийн тоо нэмэгдэхгүй байлаа ч АН-д асуудал хэвээрээ. Тийм учраас АН-ын томчууд уулзаж, яриа, тохироо хийсээр байна. Энэ тухай элдэв таамаглалууд улс төрийн хүрээнд хөвөрсөөр байгаа юм. Өнгөрсөн лхагва гаригт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав ярилцаад Н.Алтанхуягаар АН-ын даргынх нь суудлыг өгүүлж, Ерөнхий сайдаар нь үлдээе. Оронд нь З.Энхболдыг АН-ын дарга болгоё гэдэг тохироонд хүрсэн гэлцэж байлаа. Үнэхээр ч маргааш нь буюу пүрэв гаригт үдээс өмнөх чуулганы хуралдааныг тасалдуулан байж, АН-ын бүлэг ээлжит бус хурал зарласан юм. Энэ үеэр Н.Алтанхуяг мэдэгдэл хийнэ гэсэн хүлээлт АН-ынханд байв. Улс төр ингэж эргэсэн учраас УИХ-ын дарга З.Энхболд ч тэр өдөр харзнасан бололтой. Мэдээж Н.Алтанхуяг намын даргаа өгнө гэдгээ зарлавал даруй ҮЗХ-г хуралдуулж, намын даргын тамга тэмдэг солилцох ажил ундрах байлаа.

Гэтэл Н.Алтанхуяг дарга тэр өдөр бүлгийнхээ хуралд ямар ч мэдэгдэл хийгээгүй учраас бүр бантан болж хувирсан байна. Тэрээр бүлгийн хурлын эхэнд “2016 оны сонгууль ойртож байхад бүгдээрээ ингэж хагаралдаад яах вэ. Намынхаа эв нэгдлийг хангая” гэх утгатай үгс унага­сан нь зарим гишүүдийн уур ундууцлыг хүргэж, уур амьсгалыг эвдсэн бололтой. Н.Алтанхуягийг огцруулахаар гарын үсгээ зурсан гишүүдийн зүгээс “Эдийн засаг элгээрээ хэвтчихээд байхад та улс орныхоо эрх ашгийг бодоод ажлаа өгч чадахгүй байна уу” гээд босоод ирсэн сураг байна.

Н.Алтанхуяг намын даргаа өглөө ч Ерөнхий сайдын суудалд удаан тогтохгүй нь мэдээж. 2016 оны сонгуулийн өмнө намын дарга нь Ерөнхий сайд байна гэдэг дүрэм үйлчилж таарна. Тийм учраас Н.Алтанхуяг юу юуны туханд хүрэлгүй намын даргаа өгье гэж зарлаагүй биз ээ. Алтан гадасынхан ч, өөрийнх нь талд бат зогсоо МҮД-нийхэн ч түүнд энэ эрсдлийг сануулж ятгасан хэрэг. Ингээд бүх зүйл орвонгоороо эргэж. Шал дэмий хэрэлдэж, ямар ч шийдэлд хүрч чадалгүй гацсан учраас бүлгийн хурлыг завсарлуулж, гишүүд нь чуулгандаа орохоор явцгаасан гэнэ. Баасан гаригт ч АН-ын бүлгийнхэн хуралдах гэж яарсангүй чуулгандаа суусаар тарлаа. Тэгэхээр одоо юу болох бол. Янз бүрийн таамаг байна. Н.Алтанхуяг дарга нэгэнт анх тохирсон амандаа хүрээгүй учраас асуудлыг кнопоор шийдэхээс өөр аргагүй болсон тухай АН-ын зарим гишүүд ярьж байна. Тэгвэл МАН-ын 26 дээр МАХН-ын Л.Цог, АН-ын ес нэмэгдэхээр лав 36 санал Н.Алтанхуягийн эсрэг тоологдох нь тодорхой болчихлоо. Дээрээс нь кнопоор шийднэ гэвэл санал хураах өдөр зугтахад бэлэн хэсэг гишүүн байгаа. Мэдээж тэдний кноп эсрэг саналд тоологдоно. Ингээд тооцохоор Н.Алтанхуяг Ерөнхий сайд суудлаасаа уначих магадлал тун өндөр юм байна.

Гэхдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд АН-ынхан уулзаж, тохироогоо үргэлжлүүлсэн сурагтай. Төрийн гурван өндөрлөг дахин ярилцаад нийгэм эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед засаг төрөө тогтвортой байлгах нь чухал гэдэг шийдэлд хүрсэн тухай мэдээлэл байна. Хэдийгээр Ерөнхийлөгчийн зүгээс Э.Бат-Үүлийг намын дарга болгох саналтай. УИХ-ын дарга З.Энхболд намын дарга, Х.Баттулгын хувьд Н.Алтанхуягийг унагаж МАН-тай хамтрах гэх мэтийн ашиг сонирхолтой байсан байж болно. Гэвч үүнийгээ дарах ёстой гэж АН-ын томчууд үзсэн бололтой. Бямба гаригт болсон АН-ын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр өрнөсөн яриа ч энэ чиглэл рүү эргэжээ. Н.Алтанхуяг дарга нь ч амралтын өдрүүдэд өөрийнх нь эсрэг гарын үсэг цуглуулаад яваа гишүүдтэйгээ нэг бүрчлэн уулзаж, тохиролцсон сураг байна. Гэвч АН-ынхан МАН-тай адилгүй, цагаа тулахаар яаж ч мэднэ. Дээр хэлсэнчлэн кнопоор асуудлыг шийднэ гэдэг итгэл үнэмшилтэй яваа гишүүн олон байгаа. Дээрээс нь Н.Алтанхуяг л өөрчлөгдөж байвал энэ намын даргаар өөр хэн ч болсон яахав гэдэг хатуу байр суурьтай гишүүд бий. Н.Энхбаяртай хамтарч гэрээ байгуулсныг эсэргүүцэж, Н.Алтанхуягтай дайн зарлачихаад байгаа бүлэг ч байна. Тэдэнд төрийн гурван өндөрлөгийн байр суурь хамаагүй байж мэднэ. Тэгэхээр асуудал хаашаа эргэхийг таахын аргагүй. Ямар ч байсан өнөөдөр болох АН-ын бүлгийн хурлаар бүх зүйл тодорхой болох нь ээ.

Ер нь ардчилсан хувьс­галыг удирдаж явсан нөхдүүд өнөөдөр АН-ын толгойд ээлжлэн сууж, төрийн өндөр албан тушаалуудад очиж байна. Тэд л зөөлөн суудалд тухалж, бусад нь гудамжинд лааз өшиглөж яваа нь нууцгүй үнэн. Тиймээс АН-ын удирдлагуудыг шинэчлэх цаг болсон гэж улс төр судлаачид үзэх нь бий. Ардчилсан хувьсгалыг манлайлж явсан алтан хараацайнуудаа ч АН-ыг хүнд үед авч гарсан гавьяатнуудаа ч, шинэ залуу үеэ ч албан тушаалд адил тэнцүү томилдог болох хэрэгтэй.

АН ингэж өөрчлөгдөх тохироо нь бүрдсэн гэдэг үнэн. Гэвч улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед засаг төрийг бужигнуулах нь цагаа олоогүй хэрэг. Тиймээс өнөөдөр байгаа төрийн гурван өндөрлөгтэйгээ АН 2016 оны сонгуульд орох ёстой. Ард түмний амьдралыг сайжруулахын тулд нэгийг нь огцруулна гэвэл худлаа. Хэрэв нэгийг нь огцруулах гэж байгаа бол нэгмөсөн гурвууланг нь солих хэрэгтэй. Одоо Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагалаа гэхэд дараа нь гарч ирэх засаг тогтвортой ажиллах баталгаа алга. “Алтан гадас” фракцийг гомдолгүй үлдээж байж л дараагийн засаг тогтвортой ажиллаж чадна. Гэвч АН-ынхнаас “Алтан гадас”-ыг гомдолгүй үлдээх өнгө аяс өнөөдөр харагдахгүй байгаа учраас эцэс төгсгөлгүй амбицаа дарах нь юу юунаас чухал гэдгийг ард түмэн хэлээд байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *