Өнөөдөр /2021.01.29/ Ардчилсан намын анхан дунд шатны гишүүд намынхаа дотоод асуудлыг шийдэж, шинэчлэл хийхийг уриалан мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан С.Эрдэнэболд “Өнөөдөр монгол орон ардчилал, зах зээлийн орон бус халамжийн орон болсон байна. Энэ хэцүү нөхцөлд хүн хүнээ хайрлахгүй байна. Үүний нэгэн хохирогч болсон ээж хүү хоёрыг өмөөрсөн ард түмэн тодорхой албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж, олуулаа талбай дээр жагссан. Гэтэл МАН-ын зүгээс Засгийн газар огцруулан халхавчилж, асуудлыг аргалах гэж оролдсон. Энэ бол арчаагүй үйлдэл. Цар тахалтай тэмцэх олон тэрбум төгрөгийн хандив тусламж хэрхэн зарцуулагдсан нь мэдэгдэхгүй байна. Эрх баригч МАН удахгүй 100 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэх гэж байна. Намын 100 жилээс илүү хүний эрхээ дээдэлсэн, эдийн засгийн хямралаас гаргасан эрх баригчид бидэнд хэрэгтэй. Ардчилсан нам нэн яаралтай дотооддоо цэгцэрч, сөрөг хүчний дуу хоолойгоо гаргах хэрэгтэй байна. Иймд АН-ын дотоодод маргаан үүсгэж байгаа талуудад хатуу анхааруулга өгөхөөр залуус бид Зориг агсны хөшөөн дээр ийнхүү цугларч байна.
Нэгдүгээрт, Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ танд хандаж хэлэх үг байна. Та ажиллаж байх хугацаандаа АН-ыг УИХ-д бүлэггүй нам болгосон. Түүнчлэн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Та намын дарга мэтээр авирлах эрхгүй. Мөн захиалгаар АН-ыг хагалан бутаргаж байгаа нь ёс зүйн, дүрмийн хувьд ч байж боломгүй асуудал тул анхан дунд шатны гишүүд бид эсэргүүцэж байна.
Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан танд хандаж хэлэх үг байна. АН-ын тамгийг шилжүүлж хадгалсан 8 сарын хугацаанд та шинэчлэл хийж чадсангүй. Мөн намыг хоёр хуваагдсан мэт иргэдэд буруу ойлголт төрүүлсэн тул тайлбар хийхийг шаардаж байна. Ардчилсан нам дотроосоо үймж байхад олигтой үйлдэл хийхгүй, манлайлалгүй байгаа байдлыг тань бид эрс шүүмжилж байна. Бид бүхэн хэн нэгний халаасны хүмүүс баймааргүй байна. Ардчилсан намын дахин сэргэх суурь бол зорилгоо зөв тодорхойлоход оршино. Бид бүхэн Ардчиллын суурь зарчмууд дээр зоригтой зогсож чаддаг үзэл санаа бүхий АН-ын гишүүд баймаар байна. Иймд манай орны өнцөг булан бүрт ардчиллын эрс шинэчлэл хийхийг хүсэж буй залуус бүгд бидэнтэй нэгдээрэй” хэмээв.
Түүнчлэн “АН-ын 9 дүгээр их хурал 2017 онд болж, төрийн бүх шатны сонгуульд ялагдал хүлээсэн бол намын дарга 30 хоногийн дотор огцорно гэж баталсан. Гэтэл С.Эрдэнэ намаа ялагдуулж, тамгаа өгчхөөд буцаагаад авч байна. Бөөлжсөн бөөлжсөө эргэж долоож байгаа хувилбар бол С.Эрдэнэ” хэмээсэн байна.
Тэд АН-ын дотоод зөрчил туйлдаа хүрснийг дурдаад “хууль бус” дарга хэмээн үзэж буй С.Эрдэнийг буруутгаж, түүнийг намаа хагалан буталгах үйл ажиллагаагаа зогсоохыг шаардлаа. Мөн АН-ын даргын үүрэг гүйцэтгэж буй Ц.Тувааныг маш муу ажилласан гэж шүүмжиллээ.