Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮЗХ-ны хурлаар дүрмийн шинэчилсэн төслийг дэмжжээ

Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хороо /ҮЗХ/ өчигдөр бүтэн өдрийн турш хуралдаж, өнөөдрийн Их хурлаар хэлэлцэх асуудлыг эцэслэн баталжээ. Өөрөөр хэлбэл, ҮЗХ сүүлчийн удаа хуучин бүрэлдэхүүнээрээ хуралдаж байгаа юм. Учир нь ҮЗХ-ны гишүүд шинэ дүрмийн төслөөр нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, одоогийн 228 гишүүнийг 304 болгох бөгөөд дээр нь АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд байх юм. Түүнчлэн хоёр жилд нэг удаа ротаци хийгдэхээр болжээ.

Мөн хуралдаанаар намын Их хурлын зохион байгуулалт болон намын дүрмийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн байна. Ингэхдээ зарим нэг зарчмын зөрүүтэй саналуудыг Их хурлаар хэлэлцэхээр тохирчээ. Үндсэндээ Ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг нийтээрээ дэмжсэн байна.

ҮЗХ-ны гишүүдийн хувьд, намын даргыг сунгаа буюу олон гишүүдийн санал хураалтаар явуулах эсэх дээр нэлээдгүй маргалджээ. Тиймээс уг маргааныг өнөөдөр болох Их хурлаар эцэслэн шийдэхээр болсон аж.

Намын даргыг одоогийн дүрмээр АН-ын ҮЗХ-ны гишүүдийн дундаас сонгож, Их хурлаар баталгаажуулдаг байсныг болиулж, намын анхан шатны үүрийн гишүүнээс эхлээд бүх шатны гишүүд нэр дэвших, өрсөлдөх эрхтэй болгож буй юм байна.

Өнөөдөр болох Их хуралд 1210 төлөөлөгч оролцоно. Уг хурлаар АН дүрмээ шинэчилнэ. Ерөнхийдөө хагас босоо тогтолцоо руу орж байгаа гэдгийг намын гишүүд хэлж буй юм. Мөн намын гишүүний бүртгэлийг цахимаар хийж, гишүүдийн татварыг нэмж байгаа аж. Тухайлбал, жилдээ 1200 төгрөгийн татвар төлдөг байсан бол шинэ дүрмээр сард 12000 төгрөгийг жирийн гишүүд тухайн намдаа төлөх юм байна.

Хэрвээ татвараа төлөөгүй бол намын гишүүн хэвээрээ байна, гэхдээ намын дотоод сонгуульд санал өгөх эрхгүй байх аж. Дүрэм батлагдсанаар намын эв нэгдэл, сахилга, хариуцлага, захирах, захирагдах ёс, нээлттэй ил тод байдал сайжирна гэж үзжээ. Их хурлын 1210 төлөөлөгч 09:00 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд, дараа нь хуралдаа орох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *