Ардчилсан намын дотоод сонгуульд оролцох гишүүд тодорхой дэнчин тавьж өрсөлдөнө. Дотоод сонгууль ирэх сарын 2-нд болох юм.
Намын сонгуульт албан тушаалтан гэдэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга нар, Үндэсний бодлогын хорооны гишүүн зэрэг албан тушаал багтаж байгаа юм.
Үндэсний бодлогын хороонд өрсөлдөх сонирхолтой хүмүүс гурван сая төгрөгийн дэнчин төлөх юм байна. Одоогийн байдлаар тус хорооны 380 суудлын төлөө 700 орчим хүн өрсөлдөхөөр байна.
Түүнчлэн намын гишүүд эдгээр сонгуульд оролцохдоо гишүүнчлэлийн татвар болох 1200 төгрөгөө төлж, саналын эрхээ баталгаажуулах юм. Бүртгэлийн ажил 40 орчим хувьтай явж байгаа бөгөөд энэ сарын 13-ны өдрөөр дуусгавар болох аж.
2000 онд АН шинээр зохион байгуулалтад ороход сонгуульт гишүүдийн татварыг нэг сая төгрөгөөр тогтоож байсан бол 17 жилийн дараа гурван сая төгрөг болгожээ.