Categories
мэдээ улс-төр

АН-ын даргын сонгуулийг энэ сарын 28-нд явуулахаар боллоо

АН-ын дарга С.Эрдэнэ эв нэгдлийг хангаж, ойлголцох алхмыг түрүүлж хийх үүднээс АН-ын даргын цахим сонгуулийн хугацааг наашлуулж, гуравдугаар сарын 28-нд болголоо.

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурал өнөөдөр (2021.03.18) болсон юм. Хурлаар гуравдугаар сарын 17-нд болсон ҮБХ-ны нөхөн сонгуулиар сонгогдсон 92 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгуулиар сонгогдсон намын дарга нарыг батламжиллаа.

Тухайлбал, нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Э.Бат-Үүл, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар сонгогдсон Ж.Сугарсүрэн, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар сонгогдсон Д.Цогтбаатар, Хан-УУл дүүргийн АН-ын даргаар сонгогдсон Б.Анхныбаяр, Багануур дүүргийн АН-ын даргаар сонгогдсон Б.Сайнзаяа нарт батламж гардуулав.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлд АН-ын дарга С.Эрдэнэ батламжийг нь гардуулахдаа “Нийслэлд хийж эхлүүлсэн ажлаа дуусгахыг чинь Улаанбаатар хотынхон тэсэн ядан хүлээж байгаа шүү. Амжилт хүсье” гэсэн юм. Харин нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Цэргийн баяраар батламжаа авч байгаадаа баяртай байна. 2024 оны сонгуульд нийслэлийн намаа ялуулна” гэсэн юм.

Мөн хурлаар АН-ын хүний эрхийн асуудал хариуцсан дэд даргаар Ч.Өнөрбаярыг томиллоо. Түүнчлэн ҮБХ-ны ээлжит бус цахим хурлаар АН-ын даргын цахим сонгуулийн хугацааг наашлуулах тухай Дотоод сонгуулийн хорооны тогтоолыг хэлэлцэн дэмжжээ. Тиймээс АН-ын даргын цахим сонгууль гуравдугаар сарын 28-нд явуулахаар санал нэгдсэн байна. Нэр дэвшигчдийг маргааш буюу гуравдугаар сарын 19-ний 10.00-20-00 цагт бүртгэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *