УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдсан. Уг хуралдаан нэлээн ширүүхэн өрнөсөн сурагтай. Таван толгойн гэрээний төсөлтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар маргалдсан бололтой юм. УИХ-ын дарга Тавантолгойн гэрээний төслийг ямар шалтгаанаар буцаасан тухай мэдээллийг бүлгийн гишүүдэд өгчээ. Харин Ерөнхий сайд хуулийн төсөл хууль зөрчөөгүй хэмээн хамгаалжээ. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд “Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцааг Монголын ард түмэн эзэмшдэг. Гэтэл та нарын гэрээгээр Монголын ард түмний эзэмших ёстой хувьцаа Шинхуад шууд очих болж байгаа, Монголын талын эзэмших 51 хувь хаана байгаа юм. Ийм хууль зөрчсөн гэрээний төсөлд өргөн барих цаг өгөхгүй” гэжээ. Энэ маргааныг сонсч суусан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт уур нь хүрсэн бололтой “Тэр 1072 ширхэг хувьцаа чинь цаас шүү дээ” гэсэн байна.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн “1072 хувьцаа бол Ардчилсан намын ард түмэндээ амласан амлалтын нэг. Хувьцаа чигээрээ үлдэх ёстой” гэсэн санал хэлж, энэ асуудлыг тойрч ярилцжээ. Гэвч Таван толгойн асуудал дээр бүлгийн гишүүд нэгдсэн саналд хүрч чадалгүй хуралдаанаа өндөрлүүлжээ.
Энэ өдрийн хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг нарийвчлан хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан ч зөвхөн Таван толгойн асуудлыг хэлэлцсээр таарчээ.