Categories
мэдээ улс-төр

АН гэрээгээ өөрсдөө эхэлж зөрчсөн

МАН-ын
дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын
бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Су.Батболд нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд МАН-ын дарга М.Энхболд “АН, МАН-ын хооронд байгуулсан хамтран
ажиллах итгэлцлийн гэрээг бодитоор дүгнэж чадахгүй байсаар гэрээ цуцлагдлаа.
Монголын төр цаашид хариуцлагатай болох ёстой. Анх АН-ын зүгээс таван бүлэг 20
гаруй асуудал бүхий гэрээ байгуулсан. Манай намын хувьд эдийн засгийн нөхцөл
байдал хүнд байна. Та нарын туршлага хэрэгтэй байна гэсэн тул бид улс орноо
бодож орсон. Тэр ч утгаараа бид алдааг нь засахад дэм болъё гэж хамтрах шийдвэр
гаргасан. Гэрээнд тусгагдсан томоохон ажлууд болох Оюу толгой, Таван толгойн
асуудал АН-ынхнаас болж гацсан. Уг нь одоо байгаа гэрээг муутгахгүйгээр
асуудлаа шийдэхэд хамтраад явна гэсэн ч Ерөнхий сайд, АН-ын дарга, УИХ-ын
даргын хандлага муу байсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг
яаран батлах гэж байна. Үндсэн хууль, Сонгуулийн хуулиа Их хуралд ч өргөн
бариагүй байгаа. Бид амаа үдүүлнэ гэж анхнаасаа хамтраагүй. Манай намын сайд
нарыг халгаа сэлгээ их хийсэн гэж шүүмжилсэн. Үнэндээ бүх яаман дээр халаа
сэлгээ хийгдсэн. Харин ч АН-ынхан өөрсдөө хангалтгүй ажилласан шүү” гэдгийг
тодотголоо. Харин МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Манай нам орон
нутгаар Бид хамтдаа аянаа хийж байгаа нь үнэн. Иргэдтэй уулзаад явж байхад
тэдний зүгээс эдийн засгийн хямрал яагаад үүсэв. Бондуудын зарцуулалт ямар
шугамаар явсан гээд их олон зүйл асуусан. Манай намын гишүүд, Засгийн газрын
гишүүд худлаа ярьж чадаагүй тул үнэнээр нь хариулсан. Манай намын хувьд 2012
оноос хойш Засагт орох хүртэлх хугацаанд бий болсон зүйлсийн хариуцлагыг
хүлээхгүй. Сайханбилэгийн Засгийн газарт хамтарсан хугацааныхаа хариуцлагыг
хамтдаа үүрнэ гэдгээ хэлсэн. Гэрээ цуцаллаа гээд манай намынхан янз бүр болоод
байгаа юм алга. Ерөнхий сайд, АН-ын дарга нар манай бүлгийн хуралд орж ирээд
хамтарсан Засгийн газарт үндсэн чиг үүргийн яамд болох Сангийн яам, БОНХАЖЯ-ыг
УИХ-ын гишүүдээр удирдуулж болно гэсэн. Тэр ч утгаараа дээрх хоёр яаманд
манайхаас УИХ-ын гишүүд очсон. Харин нөгөө дөрөв нь гаднаас томилогдсон. Гэрээг
АН л өөрсдөө зөрчсөн. Ардчилсан намын фракцын зөрчил улсыг туйлдуулж байна”
гэсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Анх гэрээг бид бичгээр
байгуулсан. Гэрээний заалтан дээр 2016 оны сонгуулийн үр дүнгээс бий болсон
Засгийн газар байгуулагдтал хүчин төгөлдөр байна гээд заачихсан. Анх энэ
гэрээнд хоёр намын дарга, Бүлгийн дарга, гэрээ байгуулах ажлын хэсгийн дарга
нар гарын үсэг зурцгаасан. Алд биед ам гэрч, албан бичигт тамга гэрч гэдэгдээ.
Бидэнд албан бичгээр хандах ёстой” гэв. Түүнчлэн дараагийн сайд нарын асуудлаа
бушуухан шийдэх ёстойг сануулснаар хурал өндөрлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *