Categories
мэдээ улс-төр

АН бүлгийн хуралд З.Энхболд, Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийжээ

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Тэд бүлгийн хурлаараа Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч салбарын сайд болон төрийн нарийн бичгийн дарга нь байхгүй байгаа учраас энэ хуулийн төслийг хойшлуулсан байна.

АН бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийжээ.

Мэдээллийн үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар гишүүд саналаа хэлж, асуулт асуусан байна. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн талаар, Ард түмний санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцжээ. Ард түмний санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, арваннэгдүгээр сарын 26-нд санал асуулга явуулж амжих эсэх асуудалд гишүүд байр сууриа илэрхийлсэн байна. Мөн сумын Засаг даргыг иргэдээс сонгох нь зөв гэсэн байр суурийг зарим гишүүд илэрхийлж, орон нутагт улстөржилт их байдгийг зогсоох ёстой гэжээ. Харин зарим гишүүд хэрвээ сумын Засаг даргыг иргэдээс сонгодог болбол нэг мөнгөтэй, компанитай эрх мэдэлтэй хүний гарт орох магадлалтай гэсэн саналууд гарчээ. Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд нэгдмэл байр, суурьт хүрээгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Зөвхөн АН бүлгээрээ саналаа хайрцаглаад хүч түрээд асуудлыг шийдэхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүх нам зөвшилцөнө. Парламентад суудалгүй намууд уг асуудлаар оролцох ёстой. Мөн нийт ард түмнээр хэлэлцүүлж санал авах зорилготой байгаа. Түүнээс биш ганцхан АН хүч түрээд уг асуудлыг хэлэлцэхгүй” гэлээ. Мөн учир битүүлгээр Хөвсгөл аймагт амиа алдсан ирвэс хамгаалагчийн хэргийн талаар АН-ын бүлгээр хэлэлцсэн байна. Талийгаач залуугийн асуудалд анхаарал хандуулж, хэргийн цаад учрыг олох ёстой гэж тус бүлгийн гишүүд үзжээ. Учир нь талийгаачийн эцэг хүүг нь барьцаанд байлгаж, сүрдүүлж байсан талаар ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *