Categories
мэдээ нийгэм

“Амгалан хотхон”-д гарсан галыг шуурхай унтраажээ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Амгалан хотхон”-д гал түймэр гарч, хаус шатсан осол энэ сарын 22-ны шөнө гарсан. Иргэд ослын дуудлагыг тухайн өдрийн 23:24 цагт НОБГ-т өгсөн бөгөөд Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, нэмэлтээр гал түймэр унтраах, аврах 14, 26 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ослын газарт ажилласан юм.

Гал түймэр гарсан газарт албан хаагчдыг очиход хоёр айлын 28х14 хэмжээтэй орон сууцанд гал бүрэн дэлгэрсэн, урд талын 2 айлын 28х7 хэмжээтэй орон сууцанд гал тархсан байдалтай байсан байна.

Гал унтраах зориулалтын 7 автомашин, 30 албан хаагч 65,5 тонн ус зарцуулж, хорт хий утаанаас хамгаалах 4 багтайгаар шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 00:05 цагт зогсоож, шөнийн 03:06 цагт бүрэн унтраасан.

Албан хаагчид шуурхай ажиллаж гал түймрийг унтрааснаар шатлагад өртсөн байшингийн ойр байрлах хоёр байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж авран хамгаалав.

Гал түймэр гарсан шалтгаан нөхцөл, хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *