Categories
гадаад мэдээ

Америкийн тэргүүн баячуудын жагсаалтыг гаргалаа

“Forbes” сэтгүүлийн
газраас 2015 оны Америкийн тэргүүн баячуудын жагсаалтыг гаргалаа. Энэ жил 400 хүн
жагсаалтад багтсан бөгөөд Билл Гейтс 22 дахь
удаагаа тэргүүлсэн байна. Өдгөө 59 настай түүний хөрөнгө 76 тэрбум ам.доллараар
үнэлэгджээ. Одоогоос 40 жилийн өмнө Б.Гейтс, Пол Аллен нар “Microsoft” компанийг
анх байгуулсан түүхтэй. Б.Гейтс 2014 онд компанийнхаа удирдах зөвлөлийн даргын албыг
хүлээлгэн өгч түүнээс хойш “Bill &Meilnda Gates” санг удирдан ажиллаж байгаа. Түүний дэмжлэгтэйгээр
энэ жил хумхаа өвчний эсрэг вакциныг гаргаж авах төсөл амжилттай хэрэгжсэн юм. Б.Гейтс энэ жил Америкийн боловсролын системийг
боловсронгуй болгох үйлсэд нэг тэрбум ам.доллар хандивласан билээ.

Хамгийн чинээлэг америкчуудын
жагсаалтын хоёрдугаарт 62 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Уоррен Баффет бичигджээ.
Хамгийн нэр хүндтэй хөрөнгө оруулагч гэгддэг түүний “Berkshire Hathaway” компани сансарт нисэхэд зориулагдсан төхөөрөмж үйлдвэрлэдэг
“Precision Castparts” компанид 37 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэрбумтан
хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Kraft Foods”, “Heinz”, “Burger King”,
“Tim Hortons” зэрэг компаниудад хийсэн хөрөнгө оруулалтаасаа нэлээд ашиг авдаг бөгөөд
энэ нь түүний орлогын нэлээд хэсэг нь болдог. У.Баффет олон нийтийн ажилд идэвхтэй
оролцдог нэгэн. Тэрээр ирэх жил болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан
намаас нэр дэвших гэж буй Хиллари Клинтоныг дэмжиж мөнгө хандивлана гэдгээ мэдэгдсэн.
Өнгөрсөн долдугаар сард гэхэд тэрээр зөвхөн буяны үйлсэд 2.8 тэрбум ам.долларын
хандив өргөжээ.

“Oracle” корпорацийг үндэслэн байгуулагч Ларри Эллисон
тэргүүн баячуудын жагсаалтын гуравдугаарт орсон. 2014 онд ерөнхий захирлын ажлаа
өгсөн хэдий ч хяналтыг гартаа байлгасаар байгаа. Өнгөрсөн зургадугаар сард бизнесээ
өргөжүүлэхээр болсон тухайгаа мэдэгдсэн тэрээр “Oracle” корпорацийг 1977 онд байгуулсан. Түүний хүүхдүүд
Холливудад продюссерээр тун амжилттай ажиллаж байгаа бөгөөд “Terminator”,
“Mission: Impossible” зэрэг үзэгчдийн сайн мэдэх кинонуудыг бүтээхэд хамтран ажилласан
юм.

2015 оны хамгийн чинээлэг
америкчуудын жагсаалтад орсон баячууд нь дунджаар 5.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Amazon.com-ийг үндэслэн байгуулагч Жефф Безосийн
хөрөнгө өнгөрсөн нэг жилийн хугацаанд
16.5 тэрбум ам.доллараар арвижиж шилдэг тавд багтсан нь хамгийн том амжилт болсон.
Энэ удаад Facebook-ийг үндэслэн байгуулагч М.Цукерберг шилдэг аравт багтсан бол
тэргүүн баячуудын жагсаалтад шинээр 25 хүн орсон байна.

Ингээд 2015 оны хамгийн
чинээлэг америкчуудын жагсаалтын эхний аравд орсон хүмүүсийг танилцуулъя.

1. Билл Гейтс

2. Уоррен Баффет

3. Ларри Эллисон

4. Жефф Безос

5. Чарльз Кох

6. Дэвид Кох

7. Марк Цукерберг

8. Майкл Блумберг

9. Жим Уолтон

10. Ларри Пейж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *