“Форбс” сэтгүүлийн газраас 2016 оны Америкийн хамгийн чинээлэг 25 гэр бүлийн жагсаалтыг гаргасан байна. Энэ жилийн судалгаагаар нэгдүгээрт “Wall-Mart” сүлжээ дэлгүүрийг байгуулсан Уолтоны гэр бүл бичигдлээ. Америкийн хамгийн чинээлэг гэр бүлээр тодорсон Уолтоных дөрөв дэх удаагаа ийнхүү уг жагсаалтыг тэргүүлэв. Тэднийх 82 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй юм байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулах юм бол хөрөнгө нь дөрвөн тэрбум ам.доллараар хорогджээ. Анх Уолтоных хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан. Үнээгээ сааж, хүмүүст хүргэж өгөх ажлыг хариуцдаг байсан хүү Сэм Уолтон сурагч байхдаа сэтгүүлийн захиалгын хуудас тараах, сонин хүргэгчээр ажиллаж байжээ. Тэрээр дайны дараа жижиглэнгийн худалдаа эрхэлж наймаагаа улам боловсронгуй болгох тал дээр байнга ажилласан. 1962 онд анх “Wall-Mart” дэлгүүрээ нээж түүнийгээ улам өргөжүүлжээ. 1979 онд АНУ даяар 230 сүлжээ дэлгүүртэй болсон. 1984 онд Сэм Уолтон нь “Форбс” сэтгүүлээс гаргасан Америкийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. Тэрээр нас барахдаа хөрөнгөө эхнэр, дөрвөн хүүхдэдээ өвлүүлснээс хойш эдний гэр бүлийнхэн Америкийн хамгийн чинээлэг айлын тоонд багтах болжээ.
2016 оны Америкийн хамгийнчинээлэг гэр бүлийн жагсаалтын хоёрдугаарт Кохынхон бичигдлээ. Ах, дүү хоёр болох Чарльз, Дэвид Кох нь “Koch Industries” холдинг эзэмшдэг. Тэдний аав Кох нь газрын тос боловсруулдаг холдингийг анх байгуулж, өнөөдөр АНУ-д нэлээд томд тооцогддог, жилийн 100 тэрбум ам.долларын орлоготой ажилладаг. Уг нь бол түүний хувьцааг Кохын гэр бүлийнхэн бүгд эзэмших ёстой байжээ. Гэвч 1983 онд Чарльз, Дэвид хоёр хоорондоо муудалцаж хамаатнуудад байсан хувьцаануудыг бүгдийг худалдан авсан байна. Ах, дүү хоёр Америкийн хамгийн чинээлэг арван хүний тоонд багтдаг. “Форбс” сэтгүүлээс гаргасан жагсаалтын гуравдугаарт орсон Марсын гэр бүл 78 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй юм байна. Жаклин, Жон, Форрест Марсын эзэмшдэг компанийн бүтээгдэхүүнийг хүмүүс андахгүй. Бидний амтархан иддэг “Mars”, “M&M” зэрэг шоколад эднийх. Одоо тус компани нь амттан төдийгүй гэрийн тэжээмэл амьтанд зориулсан хоолыг үйлдвэрлэдэг. “Форбс” сэтгүүлийн судалгаагаар 49 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй Каргилл-Макмилланы гэр бүл дөрөвдүгээрт бичигджээ. Хөдөө аж ахуйн салбарт тодруулбал, бяслагаараа алдартай “Cargill” компани нь мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. Тус компанийг 1865 онд Шотландын армид алба хааж байсан ахмад цолтой Уильям Уоллес Каргилл анх байгуулсан түүхтэй. Тэрээр XIX зууны сүүлчээр төмөр замыг эрчимтэй ашиглаж эхлэх үед хөлжсөн байна. Түүнээс хойш тус компанийн үйл ажиллагаа амжилттай яваа. Одоо хувьцааг нь энэ гэр бүлийн зургаан гишүүн эзэмшдэг бөгөөд олны анхааралд аль болох өртөхгүй байхыг хичээдэг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус компани нь хөрөнгөө дөрвөн тэрбум ам.доллараар арвижуулсан байна.
2016 оны хамгийн чинээлэг гэр бүлийн жагсаалтын тавдугаарт Коксын гэр бүл оржээ. 1898 онд Жеймс Кокс “Dayton Evening News” сонинг худалдан авснаар бизнесээ эхлүүлжээ. Өнөөдөр тус компани нь машины арилжаа, кабелийн телевиз, телевиз, радио гээд нэлээд өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг. Харин хувьцааны 50 хувийг Жеймс Коксийн охин Жеймс Анн Кокс Чембер саяхныг болтол эзэмшиж байсан гэдэг. Жеймс Коксийн ач хүү нь захирлын зөвлөлийн даргаар нэг хэсэг ажилласан байжээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгөө 1,5 тэрбум ам.доллараар арвижуулсан “Johnson’s Preparad Past Was Company”-ийн эзэд болох Жонсоны гэр бүлийнхэн зургадугаарт орсон юм. 1886 онд тус компани байгуулагдсан бөгөөд эхэндээ пракетан шалыг арчлахад зориулагдсан тусгай бүтээгдэхүүн худалдаж байв. Герберт Фиск Жонсон энэ бизнесээс насны эцэст хүртлээ эрхэлж хүү Гербөрт нь өвлөн авч, гоо сайхан, ариутгалын зэрэг эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгожээ. Өдгөө “Johnson&Johnson” -ийн ялангуяа хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнээрээ дэлхийд алдартай билээ.
Америкийн хамгийн чинээлэг 25 гэр бүлийн жагсаалтын есдүгээрт бичигдсэн Херстийн гэр бүлийг онцлохгүй байхын аргагүй юм. Уильям Рэндольф Херст 1887 онд “Hearst Corp” корпорацийг байгуулжээ. Түүний амьдралаар сэдэвлэн “Иргэн Кейн” киног хийсэн бөгөөд “San Francisco Examiner” сонинг анх худалдаж авчээ. Өнөөдөр тус корпораци нь 49 сонин, 340 сэтгүүлтэй бөгөөд дэлхий даяар борлогддог. Түүнээс гадна гурван ч кабелийн телевизтэй. “Hearst Corp” корпорацийн эзний ач хүү Уильям Рэндольф Херст нь нэлээд алдартай сэтгүүлч болсон. Корпорацийнхаа удирдах зөвлөлийн даргаар ажилладаг тэрээр Пулитцерийн шагналыг хүртсэн байна.
2016 оны Америкийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтын эхний аравт орсон гэр бүлүүдийг сонирхуулъя.
1.Уолтон-130 тэрбум ам.доллар
2.Кох-82 тэрбум ам.доллар
3.Марс-78 тэрбум ам.доллар
4.Каргилл-Макмиллан – 49 тэрбум ам.доллар
5.Кокс-41 тэрбум ам.доллар
6.Жонсон-30 тэрбум ам.доллар
7.Притцкер-29 тэрбум ам.доллар
8.Жонсон (Эдвард)-28.5 тэрбум ам.доллар
9.Херст-28 тэрбум ам.доллар
10. Данкан-21,5 тэрбум ам.доллар