Categories
мэдээ нийгэм

Америк, Монгол цэргүүдийн хамтарсан \”“KHAAN QUEST\” сургууль болно

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг “Khaan quest” сургууль энэ сарын 20-ноос Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын төвд эхлэх гэнэ. Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлж, сургуульд оролцогч орнуудын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой аж.

Хоёр орны хамтарсан сургуулилт 2003 оноос эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсын сургууль болон өргөжсөн юм. Энэ сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг таван гол арга хэмжээний нэг юм байна.

“Khaan quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд батальоны түвшний команд штабын сургууль, салааны түвшний тактикийн хээрийн сургууль, барилга инжерийн ба эмнэлгийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулж, Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэхийн зэрэгцээ, олон улсын цэргийн эмч, барилгын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, туршлага солилцон, орон нутгийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг.

Эмнэлгийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааны хүрээнд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын захын дүүргүүдийн хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм. Энэ жишгээр 2004 оноос хойш 75 мянга орчим иргэдэд үйлчилсэн байна. Мөн энэ үеэр тухай орон нутгийн эмч эмнэлгийн ажилчидтай харилцан туршлага солилцох сургалтыг зохион байгуулж, ард иргэдэд эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулж, зөвөлгөө өгөх нь уламжлал болон тогтжээ.

Харин Барилга инженерийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааг 2006 оноос эхлэн зохион байгуулсан юм. Энэ сургуулилтын хүрээнд орон нутаг болон нийслэлийн захын дүүргүүдэд байрлах сургууль, цэцэрлэг, дотуур байрууд, өрхийн эмнэлгийн барилга байгууламжид засвар хийх, худаг, халуун усны байр барих зэрэг тусламжийн ажлыг АНУ-ын барилгын цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран хийдэг.

Сургуульд Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Франц, Бүгд Найрамдах Чех Улс, Австрали, Бангладеш, Беларус, Канад, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Индонези, Япон, Пакистан, Польш, Тажикстан, Турк, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг 23 орны Зэвсэгт хүчний алба хаагчид оролцоно. Олон Улсын “Khaan quest” сургуулийн нээлт энэ сарын 20-нд болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *