Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Америк-Хятадын дээд хэмжээний уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Трамп Ши Жиньпин зурган илэрцүүд

Флоридад болж өнгөрсөн Америк-Хятадын дээд хэмжээний уулзалт хэний ч төсөөлж байгаагүй найрсаг уур амьсгалтай болсон байна. Энэ уулзалтаар Хойд Солонгосын асуудлаар ямар нэг тохиролцоонд хүрээгүй ч Ши Жиньпин Пьёньяний цөмийн хөтөлбөр ноцтой түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрч, АНУ-тай ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Ялангуяа гадаад орнуудын төрийн тэргүүнүүдтэй уулзахдаа элдэв сонин ааш авир гаргадаг Дональд Трамп энэ удаа тун томоотой байсан нь Хятадын талыг баярлуулжээ. Трамп яг л туршлагатай улс төрч шиг байсныг энд онцлох хэрэгтэй.

Ши Жиньпинийг айлчлалын дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон айлчлалын үр дүнгийн талаар товч мэдэгдэл хийсэн юм. “Хоёр удирдагчийн уулзалт эерэг уур амьсгалтай, үр дүнтэй болж өнгөрлөө” гээд энэ нь цааш цаашдын бусад түвшний харилцаануудын суурийг тавьсныг тэр онцолсон байна.

Талууд ямар нэг асуудлаар, ямар нэг гэрээ байгуулаагүй өнгөрсөн боловч Америк-Хятадын худалдааг сайжруулах “100 хоногийн ажлын төлөвлөгөө” боловсруулахаар тохиролцож чадсан байна.

Өчигдөр Сирийн агаарын баазад өгсөн АНУ-ын пуужингийн цохилт дээд хэмжээний уулзалтын найрсаг уур амьсгалд нөлөөлөөгүйг албаныхан онцолжээ.

Трамп Ши Жиньпинд зориулсан оройн зоогийг дууссанаас нэг цагийн дараа Сирийн пуужингийн цохилтын тухай мэдээлсэн юм. Тэр үүнээс дөрвөн цагийн өмнө буюу Флоридад ирээд байхдаа албаныхантай зөвлөлдсөний дараа цохилт өгөх тушаал өгсөн байжээ.

Энгийн иргэд, хүүхдүүдийн аминд хүрсэн аллагыг зогсоохын тулд цэргийн ажиллагаа явуулах болсон Трампын шийдвэрийг ойлгож байгаагаа Ши Жиньпин хэлснийг Тиллерсон мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Одоогоор дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хомс байгаа ч дэлхий нийтээр төсөөлж байсан шиг “ширүүн” уур амьсгалтай яриа хэлэлцээр болоогүй гэдэг нь олон баримтаас харагдаж байна.

Айлчлалын дараа “Ерөнхийлөгч Трамп манай хоёр орны төлөөлөгчдийн уулзалтыг сайн бэлдэж, биднийг халуун дотноор хүлээж авлаа” гэж Ши Жиньпин Хятадын хэвлэлд ярьсан нь үүнийг баталж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *