Categories
мэдээ цаг-үе

Алтны төлөөх зэрлэгшил (3)


ЦАГДАА НАРЫН ХӨӨЛӨГ БУЮУ НҮХНИЙ ЭЗЭД НҮХЭЭ ОРХИВ

Үдийн наран хэвийсээр төд удалгүй үдшийн бүрий нөмрөв. Нинжа нар
ядрахаа мэдрэхгүй ажилласаар л. Моторын чимээ улам нэмэгдэж зарим нинжа нар шантрав
бололтой зардлаа хийгээд буцах тухай ярьж эхэллээ. Нөгөө хэсэг нь өглөөний долоон
цагаас өмнө жаахан чулуу авчих гэж үзэлцэнэ. Учир нь өглөөний долоон цагт цагдаа
нарын бүрэлдэхүүнтэй хөөлөг ирнэ гэсэн тул юу ч үгүй байгаа нөхдүүд гэнэт сэхээ
авч байгаа нь энэ. Цагдаа нар ирэхээрээ бичиг баримт шалгаад, торгоод балладаг гэнэ.
Хувь заяатайгаа эвлэрсэн зарим нэг нь архи уун хоорондоо цусаа гартал зодолдож байна.
Нэг найзыгаа хайгаад явж байгаад тэдэн дээр очтол шидсэн чулуунд нь золтой л оногдчихсонгүй.

“Амьгүй лалар минь нааш ир дээ” хэмээн хоёр залуу босоод ирэв. Ер нь бол хөлийн
хурдаараа зугтсан нь дээр гэж хэлсэн хүний үг санаанд буув. Зүгээр л зугтчихлаа.
Тас харанхуй шөнө гүйж яваад жижиг нүх рүү унав. Хүмүүс тэр нүхэнд бараг дүүртэл
нь хог хийсэн тул газардахдаа тийм ч сүртэй унасангүй. Харанхуй нүхэнд унасны буянаар
согтуучууд намайг олсонгүй. Цагдаа нарын сургаар олон хүмүүс хөдөллөө. Шөнө дөлөөр
цагдаагийн маяак асаасан хар хаммер жийп ирэв. Алтантогос уулын оройд шахуу ирж
зогсчээ. Олон хоног яваад юу ч олж чадаагүй хүмүүс уйлах нь холгүй зогсоно. Баруунхараагаас
ирсэн хэсэг залуус өөр нүх рүү дээрэмдэн орохын тулд хэлгүй нэг нөхөртөө хутга бариулжээ.
Хэлгүй залуу бодож санах зүйлгүй хатгачихдаг тухай нутгийнх нь залуус хэлж байв.
Өглөө хөөлгийнхөн ирэх сургаар бондгорынхон ч сандралдаж эхэллээ. Бондгорын хагасаар
явна гээд шууд л чирэх янзтай шүү. Хоёр найзын хамт гурав дахь хоног дээрээ хоёр
тавын шуудай чулуутай боллоо. Бидний хувьд олзны бага нь амттай гээд нутаг буцах
болов. Харин жинхэнэ нинжа нар явах янз алга. “Хөөлөг ирж л байг. Үхсэн алалцаад
гарах хэрэгтэй” хэмээн сархад хүртэнгээ дэргэдэх хүмүүсээ хөөргөнө. Төд удалгүй
нинжа нар “Цагдаа нар Баруунхараагаар  салаад
ирж байна” гэх мөчид нэлээдгүй хүмүүс нүхээ орхив. Үнэндээ алтны тэр олон нүхнээс
хоёр гурваас нь л алт гайгүй гарч байсан юм. Тэр нүхнүүд дээр хүмүүс тэдний ярьдгаар
“алалцаж” цус нөжөө гоожуулан нүх рүү орохоор зүтгэнэ.

Ер нь бол нүхэнд орчихсон байхад аргаа олно гэж ярих юм билээ. Бидний
хувьд хоёр шуудай чулуугаа машиндаа ачиж аваад хөдөллөө. Тэр чулуунуудаа тээрэмдүүлнэ
гэдэг том ажил ард үлдсэн тухай найз маань хэлэв.

 

БУХ ОЛСОН ХҮН АЛТНЫ КАРЬЕРАА ДУУСГАДАГ

Насаараа алтанд явсан хүмүүсээс баяжсан нь тун ховор байдаг аж. Тэдний
хувьд алт гайгүй гарсан газраас нэг бурзайгаад дараагийн алт гартал хорвоогийн бор
хоногийг өнгөрүүлдэг гэсэн. Нинжа нараас нэг дор том бух олсон хүн дахин алтанд
явдаггүй аж. Хэдэн жилийн өмнө Завханаас нэг нинжа гэр бүлийн хамт алтанд явсан
юм байна. Нөхөр нь нэг өдөр 25 сая төгрөгийн бух олоод эхнэртээ үзүүлжээ. Эхнэр
нь дахиад нэг нүх рүү орчих жаахан чулуу аваад гараад ир гэсэн байгаа юм. Нинжа
залуу болохоор том бух олсон хүн дахин нүхэнд орвол шороонд даруулдаг гэдэг бичигдээгүй
үнэнд итгэж явсан болохоор өдрийн хагас орохгүй гэж зөрүүдэлжээ. Эхнэр нь чи ганцхан
удаа л орчихооч дээ гэж шалсаар байгаад нүх рүү оруулсан гэнэ. Нөхөр нь нүх рүү
шурган ормогц нүх нурж өнөөх залуу амиа алджээ. Эхнэр нь уйлан хайлан “Хэрэггүй
орууллаа. Зүгээр л явдаг байж” хэмээн 25 сая төгрөгөө нөхрийнхөө шарилтай ачаад
Завхан руу буцсан гунигт явдал болж байжээ. Нинжа нар “Алт хүний шуналыг хөдөлгөдөг.
Хүн шуналаа захирч явах ёстой. Алт ямар ч хүнийг араатан болгож чаддаг. Том бух
олсон хүний алтны карьер шууд дуусдаг. Эсвэл амиа алддаг” гэсэн юм. Мөн байгаль
өгснөө буцааж авдаг болохоор алттай хүн шиг харьцах ёстой гэцгээх юм билээ. Алт
дагаж амьдрал ахуйгаа залгуулж яваа хүмүүсийн дийлэнх нь амь сорьсон зүйл хийдэг.
Ямар ч бэхэлгээ байхгүй нүхэнд үхэлтэй өрсөлдөн алтны чулуу цохидог. Тэдний хувьд
“Энэ төр биднийг ингэж явуулж байна. Төр нь иргэнээ хардаг байсан бол юу гэж ингэж
явах вэ. Зарим гэр бүлүүд удам дамжсан нинжа нар болсон” хэмээн ярьж байсан юм.

Нинжа нарын ордог нүх нурахгүй гэх ямар ч баталгаа байхгүй. Зарим
хүн муутай нөхдүүд нь нүхнийх нь багана чулуунд алт байгааг харчихаад амиа бодон
баганыг нь цохиод авчихдаг аж. Иймэрхүү хүн чанаргүй хүмүүсээс болж олон ч хүн шороон
доор мөнх нойрссон тухай тэд ярьцгаасан юм. Олон зүйл шалгааж асуугаад байсанд нэг
егзөр өвгөн “Чи нинжа биш сэтгүүлч юм биш үү. Нэг л харсан хүүхэд байх юм. Бичих
гэж байгаа бол бичсэн шиг бичээрэй” гэлээ. Хэрэв сэтгүүлч гэдгээ мэдэгдвэл үргэлж
эргэж харж байхгүй бол ер нь хэцүү ш дээ хэмээн анхааруулсан юм. Нинжа нар хамгийн
сүүлд хэзээ сонин уншиж, зурагт үзсэнээ санахгүй байна гэлээ. Нэг өвгөн “Монгол
Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ямар хүмүүс ажиллаж байгаа вэ. Яагаад биднийгээ
харахгүй байна вэ” хэмээн үнэн голоосоо хэлж байлаа. “Элбэгээ ерөнхийлөгч Энхбаяраас
тамгаа авсныг санаж байна. Сүүлийн үед улс төрд юу болж байна. Хот хүрээ хэр тэлж
байна” гэхчилэн түмэн асуултаар булж байсан юм. Энэ өвгөнөөс гадна хичнээн хүн ийм
байдалтай байгаа бол гэж бодохын зуур харамсах сэтгэл төрнө. Алтны нүхнээс нүх дамжин
явсаар ингэж зэрлэгшиж байгаа хүмүүс ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг бол.

 

ЧУЛУУГАА ТЭЭРЭМДҮҮЛЭХИЙН ТУЛД АРЫН ХААЛГА

ХЭРЭГТЭЙ

Чулуугаа аваад Зүүнхараагийн тээрэм рүү өглөө эртлэн очлоо. Хүмүүс
оволзож шороонд дарагдсан машинууд гурав хонож байна гэлээ. Тээрмийн очерийг асуутал
“Наймдугаар сарын 22 хүртэл дугаар өгчихсөн. Одоо ямар ч арга алга” гэв. “Манай
цаана дахиад нэг тээрэм байгаа оч” гэхээр нь тийш зүглэв. Эхний тээрмийг бодоход
дугаар алга. 24 дээр нэрээ бичүүллээ. Ямартай ч 4-5 хоногийн дараа орох байх гээд
ярьж байтал аз болж гурав дахь хүн “Маргааш ирж бичүүлье. Дахин нэг ачаа маргааш
ирнэ” гэлээ. Тэр хүн хоёр тэвш чулуутай аж. Тээрэмд нэг удаа ороход зургаан цаг
орчим болж байв. Өдөртөө орчих байх хэмээн найдаж байтал эхний хүний гурван шуудай
чулууг тээрэмд оруулж дуусахад үүр цайж байв. Уг тээрэм шинэ байсан тул тээрэмний
ул нь арзайсан юм харагдана. Хамгийн эхний хүн гурван шуудай чулуунаасаа есөн грамм
алт авлаа. Тэд 500 мянган төгрөгтэй боллоо. Уг нь 2-3 сая төгрөг авна гэж бодож
байсан болохоор их л сэтгэл дундуур байгаа харагдсан. Угаасан чулуугаа дахин угаахаар
алт гардаг аж. Тэд есхөн грамм алт авчихаад юуг нь угаадаг юм гэж уурлан шалмаа
хаяад явчихлаа. Тэдний араас ганц шуудай чулуутай Баяраа ах тээрэмд оров. Түүнтэй
хамт явсан залуу эхний хүмүүсийн орхисон шалмыг угаагаад долоон грамм алт авч
400 мянган төгрөгтэй болчихлоо. Уг тээрмийн чулуу уландаа арзгар тул хамаг алт нь
тэр нүхнүүд рүү орсон аж. Нэгэнт орчихсон алтыг яалтай билээ гээд ярьж зогстол нэг
нь тэвнэ барьж ирээд тээрмийн тогоо руу орчихлоо. Араас нь яваад очтол тэвнээр нэг
нэгээр нь авна гэж байна. Тоглож байгаа байлгүй гэтэл тээрэм дотроо хэвтчихсэн ухаж
эхэллээ. Үнэхээр бух буюу том том алт нь доороо үлдчихсэн байсан юм. Алт гарч ирсэнд
урамшсан уу яасан нүхнээс бүр гарах шинж алга. “Арынхаа хүмүүсийг бодооч ээ” гэж
хэлснийхээ төлөө загнуулаад авлаа. “Үйлээ үзэж олсон алтаа зүгээр нэг тээрэмд ингэж
дээрэмдүүлэхгүй шүү” хэмээн шүд зуув.

Тээрэмний Туяа гэх бүсгүйд хандан есөн грамм алт авсан залуус “Танай
тээрэм ямар муухай хулгайч юм бэ” гээд уурссан үгс чулуудав. Ямар ч хүн жаахан чулуугаа
аятайхан тээрэмдүүлээд авахыг бодох нь гарцаагүй. Тэдний хувьд зургаан цаг тээрэмнийхээ
чулууг долоохоос наагуур юм болов. Нэг нөхөр ирээд “Сайн долоо. Хамаг алт чинь наад
нүхнүүдэд чинь байгаа. Хоосон хоцорвол та нарын хохь болно. Та нар гэртээ шалаа,
аягаа ч ингэж угаадаггүй биз” гээд буцаад явлаа. Ашгүй нэг тэд тээрэмнээс гараад
иртэл уг тээрмийг ажиллуулдаг хүний дүү ирээд бидний өмнүүр долоон шуудай чулуу
оруулав.

Бүтэн өдөржин хүлээсэн болохоор хэл ам хийтэл “Хуцаад бай. Иймээ
тиймээ юм яриад байгаарай” гээд бараг л та нарыг тээрэмд оруулахгүй байж чадна ухааны
юм хэлдэг байгаа. Уг нь орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор төслөөр
барьсан аж. Гэтэл уг тээрэм танил тал, арын хаалгаар хэд хоног хүлээсэн хүмүүсийн
өмнүүр хүн оруулж үйлчилдэг юм билээ. Тэднийг хүлээх бас нэг ажил гарлаа. Өдөр өнгөрч  оройн хэрд хоёр шуудай чулуугаа оруулав. Чулуугаа
тээрэмдүүлсний дараа хүн гуйж алтаа угаалгалаа. 20 грамм алт гарч нэг сая төгрөг
болов. Гурвуулаа өнөө мөнгөө хувааж аваад гэр гэрийн зүг явцгаасан юм. Гурав хоногийн
дотор сая төгрөгийн ажил хийсэн нь энэ билээ.

 

БҮТЭН ГАЗРААС АЛТ УХМААР БАЙНА БУЮУ ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ

Гар аргаар алт олборлогчдын тухай хууль батлагдсанд нинжа нар таатай
хандаж байсан бөгөөд заавал уурхайн ухсан нүхэн дээр орох нь тийм ч таатай санагдахгүй
байгааг хэлсэн юм. Тэдний хувьд шинэ газар сэндийчих нь сайхан байдаг гэнэ. За тэгээд
цөөхүүлээ байвал бүр янзтай юм байх. Алтны төлөөх зэрлэгшил, нийгмээс тасарсан хүн
сүрэг алт гарч байгаа газар өсөн өндийж байна. Долоо хоног нүх ухаж хумсны толион
чинээ цаашлаад өндөгний чинээ алт олоод тэнгэрийн умдаг атгасан мэт баярлах. Насны
хоолоо олсон мэт нуруу тэнийн маадгар алхах. Алтаа тушаачихаад явж байхдаа Октъябрийн
алтан дээр явсан залуусаас “Цагдаа нар ирэв үү” гэхэд “Ирсэн. Хөөгдөөд ирчихээд
л байж байна. Удахгүй өөр хамгаалалт ирэх байх. Даваабаатар тэнэг л битгий ирээсэй”
гэж байсан юм. Үнэндээ Октъябрийн алтан дээр хувиараа бизнес эрхлэгчид, төрийн албан
хаагч, банкныхнаас гадна мянгат малчин хүртэл нүх ухаад явж байгааг хараад алт хүчтэй
юм гэдэг нь батлагдах мэт. Алтанд явна гэдэг нь зүгээр очиж газар дээрээс чулуу
шуудайлаад алт авахын нэр огтоос биш. Ямархан тэмцэл, даваа нугачаа, цаг хугацаа,
хүч хөдөлмөр зарж санасандаа хүрдэг зарим нь санасандаа ч хүрч чадахгүй байгааг
хараад нуруу бөгтийх шиг санагдав. Анх ирсэн өдөр уулзсан хүүдээ загнуулж байсан
82 настай эмээ “Төрийн түшээд ирж хараач. Нүдээ нээгээч” гэсэн нулимстай үгээр энэ
тэмдэглэлээ өндөрлөсү.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *