Categories
мэдээ нийгэм

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн туршилтын хугацаан сунгалаа

Эдийн засгийн хөгжлийн яамнаас өнөөдөр “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар тогтоолоор “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг баталсан. 

Түр журамд чөлөөт бүсэд гадаадын иргэдийг визгүй нэвтрүүлэх, бараа, тээврийн хэрэгслийг гаалийн татваргүй, чөлөөтэй оруулах, аж ахуйн нэгж байгууллагыг бүртгэлийн хураамжгүйгээр бүртгэх болон хил, хяналтын байгууллагуудын эрх, үүргийг тодорхой тусгасан зохицуулалтууд бий.     Мөн иргэний бараа солилцоо, худалдааг дэмжих үүднээс зорчигчийн худалдан авсан 3.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсээс Монгол Улсын нутаг дэвсгэрт татваргүйгээр оруулахаар журамласан болно. Улмаар түр журмын дагуу 2 сарын хугацаанд /2014 оны 6 дугаар сарын 1-нээс 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл/ “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг туршилтын журмаар эхлүүлсэн. 

Журмыг хэрэгжүүлэх хүрээнд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд 2014 оны 6 дугаар сарын 22-29-ний хооронд олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, Монгол, ОХУ, БНХАУ-ын төр засаг болон бизнесийн төлөөлөл оролцон, бизнес уулзалтууд болсон юм. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахаас өмнө чөлөөт бүсэд 3 аж ахуйн нэгж хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж байсан бол одоогийн байдлаар 10 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийн, худалдаа үйлчилгээгээ хэвийн явуулж байна. Түүнчлэн ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын төлөөлөгчид “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлээд байна.

 2014 оны 6 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 31-ний хооронд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд 125 мянган тонн барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж, 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

 Туршилтын хугацаанд чөлөөт бүсэд 851.5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн орсноос 253.7 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн зарагдаж, нийт 7181 зорчигч, 2365 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн тоон мэдээ байна.

Алтанбулаг-Хиагт боомт 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн горимд шилжсэн, чөлөөт бүс дэх хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй үргэлжилж байгаа зэргийг харгалзан 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар уг журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж түр журмын үйлчлэх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, тогтоол нь албажаад байна.               

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *