Categories
мэдээ нийгэм

“Алтанбулаг”-аас 13.6 сая төгрөг олжээ

 “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, худалдааны урсгал бий болгох, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг эхлүүлэх, 2014 оны 6 дугаар сарын 22-29-нд болсон олон улсын үзэсгэлэн худалдааг туршилтын журмаар зохион байгуулах зорилгоор тус бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журам батлаад буй. Энэ журам 6 сарын 1-нээс 7 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйлчлэхээр байж.  Энэ хугацаанд тус бүсэд 484.9 сая төгрөгийн суурь үнэлгээ бүхий барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж, 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 

“Алтанбулаг” боомт энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн горимд шилжсэн, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй үргэлжилж байгаа зэргийг харгалзан тус бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмын хугацааг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгах санал тавьжээ.Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, түр журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгажээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *