Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмыг 2001 онд анх санаачлан зохион байгуулснаас хойш 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн наадамд 111 бүтээл ирснээс хоёр шатлалаар шүүн хэлэлцэж шилдгүүдийг тодрууллаа. “Алтан-Өд 2021” наадмын шагнал гардуулах ажиллагаа өчигдөр 12.00 цагт Үндэсний төв номын санд боллоо. “Алтан-Өд 2021” наадмын шилдгүүд 1. Хүүхдийн шилдэг зохиолын төрөлд Г.Сэр-Одын шагналт зохиолч Б.Ганчимэгийн “Аз жаргалын байшин” бүтээл 2. Баримтат уран зохиолын төрөлд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Д.Шагдарсүрэнгийн “Шилдэг нийтлэл-87” бүтээл 3. Утга зохиолын судлал, шүүмжийн төрөлд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, урлаг судлалын ухааны доктор, МЗЭ-ийн шагналт судлаач Д.Батсайханы “Театрын түүх” бүтээл 4. Утга зохиолын орчуулгын төрөлд орчуулагч Б.Гэрэлийн Г.Г.Маркесийн “Эзэнтний намар” роман 5. Жүжиг, киноны зохиолын төрөлд МЗЭ-ийн шагналт зохиолч, судлаач П.Батхуягийн “Чулуун бөмбөрийн нүргээн” жүжиг 6. Хүүрнэл зохиолын өгүүллэг, туужийн төрөлд Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Б.Догмидын “Бүргэд тэнгэрт хальдаг” бүтээл 7. Хүүрнэл зохиолын том хэмжээний төрөлд МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Бадамжавын “Модон сахалт” роман 8. Яруу найргийн төрөлд яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн “Зүрхэнд агч намур” бүтээлүүд тус тус шалгарлаа.