Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алтан тариа”-гийн П.Цэнгүүн: Хүн бүрт хувиа хичээх үзэл бий

-“LIBERTY SUMMIT MONGOLIA 2018” АРГА ХЭМЖЭЭ “ДАНХАР ТӨР БА МОНГОЛ УЛС” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ-

“Liberty summit Mongolia 2018” хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Уг хэлэлцүүлэгт Монголын либертари үзэлтнүүдийн томоохон төлөөлөл гэгддэг эрхмүүд илтгэл тавьсан юм. Хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл, хязгаарлагдмал цомхон төрийг эрхэмлэгч либертари үзэлтнүүд нэг дор ийнхүү цугласан нь анхны тохиолдол бөгөөд цаашид уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж олон улсын хэмжээнд хүрээг нь тэлэх юм байна.

“Liberty summit Mongolia 2018” арга хэмжээ “Данхар төр ба Монгол Улс” сэдвээр эхэлж оролцогчид илтгэл тавьсны дараа хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Илтгэгч-“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн: -Дэлхийг сүүлийн 200 жил нуруун дээрээ үүрч авч яваа хүмүүс бол бизнесмэнүүд. Ямар бизнесмэнүүд гэхээр зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө бусдыг хохироохгүй, өөрийгөө золиослохгүй бизнес хийж байгаа хүмүүс хамгийн ариун цагаан улсууд. Шуналтай байх хэрэгтэй. Ашгийн төлөө маш их хичээх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө бодоцгоо, хувиа бодоцгоо. Гэхдээ та нар бусдыг хохироохгүйгээр юмаа хийх ёстой. Мэдээж энэ хувиа хичээх үзэл дотор гэр бүлээ хаях ч гэдэг юм уу, ах дүүсээ бодохгүй орхих гэсэн үг бас байна. Хүн бүрт хувиа хичээх үзэл, өөрийн гэсэн үнэ цэнэ байгаа. Эрэмбэ, дэс дараа байгаа. Би өнөөдөр хэнийг нь ч мэдэхгүйгээр хэнд ч хамаагүй хүнд хармаанаасаа мөнгө гаргаад татвар ч юм уу, хандив өгч болно. Гэхдээ надад ямар ч үнэ цэнэгүй хүнд өгсний оронд би өөрийнхөө дүүдээ, өөрийнхөө ахдаа ч юм уу, ээж аавынхаа эмчилгээнийх нь зардлыг төлье гэдэг чинь миний үнэ цэнэ. Тэр үнэ цэнээ өөрөө мэдэх ёстой. Бусдыг хохироохгүйгээр. Тийм болохоор манай бизнесмэнүүд, монгол бизнесмэнүүд амжилттай ажиллахад энэ философийг маш сайн ойлго. Ихэнх бизнесмэнүүд зурагтаар худлаа ярьдаг. “Аа, бид нийгмийн сайн сайхны төлөө тийм тийм ивээн тэтгэсэн, хандив…” гэж худлаа ярьдаг. Худлаа л байхгүй юу. Өөрөө өөрийнхөө л төлөө хийж байгаа. Тийм болохоор тэрийгээ ний нуугүй ярих ёстой. Тэгэхдээ хамгийн гол нь бусдаас юм авч, бусдыг хохироохгүй бизнес хийх нь хамгийн ариун зүйл. Энэ капитализмыг дэлхий дээр 200 жил хамгийн амжилттай авч яваа улсууд бол бизнесмэнүүд. Бизнесмэнүүд, үйлдвэрлэгчид байгаагүй бол өнөөдөр бид тансаг байхгүй. Социалист хүн, бизнесмэн хүн хоёр ялгаатай. Юугаараа ялгаатай вэ гэхээр гуравхан зүйлээр. Нэгдүгээрт, капиталист хүн ухаалаг тооцооллыг маш зөв хийдэг. Социалист сэтгэлгээтэй бизнесмэнүүд бол дандаа буруу тооцоо хийдэг. Төслөө буруу бичнэ, буруу замаар юмаа хийнэ. Тооцоог ухаалаг бусаар буруу хийсэн бол цаашаа явахгүй. Хамгийн зөв бизнесмэн байя гэж байгаа хүн бол тооцооллоо сайн хийх хэрэгтэй.

Хоёрдугаар чанар бол бүтээлч байдал. Юм бүтээдэг, шинийг санаачилдаг. Гурав дахь чанар нь арилжаа наймаа. Чөлөөт зах зээл. Манай бизнесмэнүүд “Би л ашигтай, би л хожиж байвал бол оо. Чи муу яадаг юм” гэдэг. Энэ бизнес “Өгөөж”-д (“Өгөөж чихэр боов” ХХК-ийг хэлэв.сурв) ч ашигтай, надад ч ашигтай байх ёстой. Энэ хүн ашгийн төлөө л явж байгаа (“Өгөөж чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэлийг заав.сурв), энэ хүн ашигтай байвал надаас улам ихийг авна. Тийм учраас арилжаа, чөлөөт наймаа бол хамгийн чухал, амжилтад хүрэх гол ажил.

Илтгэгч-Философийн ухааны доктор Б.Батчулуун:-Арав гаран жилийн өмнө би чамд тавьж байсан асуултаа одоо дахин тавья. Эдийн засгаар суралцаж байгаа хүний эцсийн зорилго нь юу юм бэ. Эдийн засагт хөндлөнгөөс оролцох эрх хэнд ч байхгүй. Тийм болохоор эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа улсууд ч оролцож болохгүй. Гэтэл та “Энэ арай хэтэрч байна” гэсэн, тийм үү. Одоо энэ бодол чинь хэвээрээ юу, үгүй юу. Эдийн засагч хүн эдийн засагтаа оролцох гэж суралцаж байгаа юм биш үү?

Илтгэгч-“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн: Нэгдүгээрт, надад эдийн засгийн доктор, зэрэг мэрэг, сургууль, диплом юу ч байхгүй. Энэ бол зүгээр миний хобби. Тэгэхээр би эдийн засагч биш. Хоёрдугаарт, би эдийн засаг ийм байх ёстой гэж ерөөсөө ярьдаггүй. Ийм байна уу, тийм байна уу надад огт хамаа байхгүй. Байвал байна, байхгүй бол байхгүй. Тэгээд л явж байдаг. Түүнээс биш ингэх ёстой, тэгэх ёстой гэж ярихгүй байгаа шүү дээ. Тэр байтугай, Засгийн газар ийм байх ёстой, тийм байх ёстой ч гэх шаардлага байхгүй. Засгийн газар зөвхөн юу хийхгүй байв аа гэдгийг л ярьж байгаа. Ийм л юм битгий хийгээч ээ, бизнест битгий орооч ээ, бизнесийг битгий үймүүлээч, битгий садаа болооч ээ, биднийг битгий дээрэмдээч ээ гэхээс ийм юм хий, тийм юм хий гэж хэлэхгүй. Засгийн газар эдийн засагт оролцохдоо биш, оролцохгүй байх нь чухал. Оролцоо нь маш бага байх хэрэгтэй.

Илтгэгч-Философийн ухааны доктор Б.Батчулуун:-Эдийн засагч хүний үндсэн зорилго нь юу вэ?

Илтгэгч-“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн:…(Мөрөө хавчив)

Хэлэлцүүлгийн оролцогч-“Өгөөж чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл:-Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ худлаа яриад байна л даа. Надад их хямдхан гурил өгдөг гэж. Би насаараа шулуулж байгаа хүн л дээ, энд. Аягүй хямдхан гурил өгдөг, энэ бид хоёр гоё гэж ярилаа. Намайг их зовоож байгаа. Хамаг мөнгөө л энэ хүнд өгч ажиллаж байна, ер нь бол (инээлдэв). Тэгээд бас миний ойлгохгүй юм яриад байна л даа. Би бизнесмэн. Мөнгө олбол нийгэмдээ өгчих санаа, бодолтой. Чи одоо зуун жил амьдрахгүй мөртлөө 1000 жилийн мөнгө цуглуулж яах гээд байгаа юм. Шунал гэж юу юм бэ. Чамаас нэг асуулт асууя. Чи ер нь шуналтай хүн үү (“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүнээс асуув.сурв). Манай философиос зөрөөд байна, тийм ээ. Манай Буддизмд шуналаа дарах хэрэгтэй, би-гээ дарах хэрэгтэй гэдэг. Шунал гэдгийг юу гэж ойлгож байгаа юм бэ?

Илтгэгч-“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн:- Гэхдээ миний гурилаар ашиг хийдэг шүү дээ (инээлдэв). Хоёр талдаа ашигтай л байгаа шүү дээ.

Хэлэлцүүлэгт оролцогч:-Ашиггүй бол больчихно л биз дээ (инээлдэв).

Илтгэгч-“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн:-Шуналыг зөв тайлбарлаж, зөв ойлгох цаг нь болсон. Ашиг хийх, мөнгө хийх. Бид мөнгө хийж байгаа, бизнесменүүд. Түүнээс биш бусдын мөнгийг хулгайлж, бусдыг золиосолдоггүй. Тэд бол мөнгө хуваарилуулагчид. Мөнгө хийгчид биш. Ялгаа нь энэ байгаа юм. Өөртөө бардам, итгэлтэй байх ёстой. Өөрөө өөртөө зарчимтай байх ёстой. Өөртөө тууштай байх ёстой. Ийш тийшээ саваад байдаггүй, тогтвортой байх ёстой. Юмандаа үнэнч бай. Бизнесмэн хүн өнөөдөр шуналгүй байсан бол ямар ч амжилтгүй байх байсан. Шуналгүй бизнесмэн хүн гэж байхгүй. Тэрийгээ зүгээр л ний нуугүй хэлж чаддаггүй (Хэлэлцүүлэгт оролцогчид алга ташиж дэмжив.сурв). Шунал гэдэг бол бидний хөдөлмөрлөж, ажиллаж баялаг бүтээх үндсэн суурь юм гэдгийг ойлгоод, муу муухай юм байхгүй, бусдад гай болохгүйгээр шуналаа дагаад ашиг хийж байгаа шиг ариун зүйл байхгүй гэдгийг л мэдэх ёстой. Бусдаас хулгайлахгүй, бусдад гай болохгүй, бусдыг золиослохгүй. Шунал гэж ийм л юм байгаа. Болж байна уу.

Хэлэлцүүлэгт оролцогч:-Буддын шашинд…

Илтгэгч-“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн:-Буддын шашин уу. Би мэдэхгүй ээ. Би өөрөө шашинлаг биш. Гэхдээ би бусдад хандив өгдөг. Тэгэхдээ тэр сайн дурын үндсэн дээр. Хүчээр биш.

Хэлэлцүүлэгч оролцогч н.Батпүрэв: Би бакалавр, магистрын түвшинд эдийн засгийг судалчихсан. Одоо дараагийн түвшиндээ судлаад явж байна. Батчулуун багш та философич хүн. Миний ойлгож байгаагаар. Философи гэдэг бол мэдлэгийн тухай, хүний мөн чанарын тухай, нийгмийн мөн чанарын тухай ойлголт, үзэл санааг судалж доктор болсноороо бидэнд яаж амьдрах, яаж философидох тухай заах гэж судлаагүй юм байгаа биз дээ. Тэрэнтэй адил эдийн засгийг судалснаараа эдийн засгийг хэрхэн зохион байгуулах тухай заах гэж, тэрэнд оролцох гэж, тэрийг танин мэдэх гэж судалж байгаа гэж бодоод байгаа. Зөв үү, буруу юу гэж асуултад тань асуултаар хариулъя.

Хэлэлцүүлэгт оролцогч н.Хүдэрхүү:-Би хувиараа бизнес эрхэлдэг. Би өмнө нь төрийн аппаратад ажиллаж байсан л даа. Татвар төлөхгүй байх явдал нь өөрөө эдийн засгийн эрх чөлөө мөн үү. Та үүнтэй хэрхэн яаж санал нэгдэх вэ. Төлсөн татварыг дахин заавал ч үгүй нийгэмд хуваарилах шаардлага байна уу. Ер нь татвар төлөхгүй бол төрийн зохицуулалт байна уу. Төр байх хэрэг байна уу?

Илтгэгч-Философийн ухааны доктор Б.Батчулуун:-Солонгос кинонууд дээр нэг ийм юм харагдах юм байна ш дээ. Зах дээр очоод энгийн хүн наймаа хийх гэхээр тэр захыг эзэмшчихсэн хэдэн дээрэмчин байна аа. Хулигаанууд гэдэг юм уу, атаманууд гэдэг юм уу. Тэд нарт л хэдэн цаас өгчих юм бол тэр хүнд тэр зах дээр бизнесээ хийх эрх чөлөө бий болчихож байгаа байхгүй юу. Монгол Улсад яг тэр зах шиг зүйл байгаа юм. Төр гэдэг зүйлд хэдэн цаас өгчих юм бол Монголдоо бизнес хийх эрх нээгдэнэ. Энэ аналоги бол хэтрүүлэг биш. Ерөөсөө л адилхан. Гэхдээ төр маань өөрөө хууль гаргаад авдаг. Газрын татах хүчний хууль энэ тэрээс огт өөр хууль байхгүй юу. Газрын татах хүчний хууль бол жинхэнэ хууль шиг хууль. Төрийн гаргасан хууль бол өөртөө хэрэгтэй хууль. Нийгэмд амьдарч байж татварыг буруушаагаад байдаг чинь юу гэсэн үг вэ гэж энэ зааланд байгаа улсуудаас бодож л байгаа. Над шиг олон ном уншсан хүмүүст яах аргагүй тийм бодол төрөөд байгаа юм. Ер нь намайг энэ баялгийг бүтээхэд энэ төр чинь юу гийгүүлсэн бэ. Нэгэнт л надаас аваад явчихаж байгаа юм бол хулгайд алдах, дээрэмдүүлэх нь татварт өгөхөөс юугаараа ялгаатай юм бэ. Ерөөсөө хүнийг шийтгэхийн тулд яадаг юм бэ гэхээр мөнгөөр торгодог. Торгууль гэдэг чинь юу вэ гэхээр муу юм хийсний төлөө өгч байгаа татвар. Татвар гэдэг чинь юу юм бэ гэхээр сайн юм хийсний төлөө авч байгаа торгууль байхгүй юу. Энэ хоёр яг адилхан. Эргэж орж ирэхгүйгээр чамаас явчихаж байгаа бол тэр алдсан зүйл чинь хэнд очсон нь хамаа байхгүй. Гэхдээ төр гэдэг чинь дандаа худлаа хэлж авдаг. Маш олон хүнээс маш багаар аваад бас л цөөхөн хүнд маш ихээр тараахыг татвар гэнэ ээ гэж төрийг тэгж томьёолж болно. Түрүүн П.Цэнгүүний ярьсан дээр нэмж хэлэхэд, Адам Смитийн “Үндэсний баялаг” зохиолыг та бүхэн бүгд уншсан байх. Тэрэн дээр “Таны ширээн дээр элбэг дэлбэг байгаа тэр хиам, шар айраг, цай, мах зэрэг чинь хэзээ, яагаад бий болсон гэхээр бизнес хийж байгаа хүний сайхан сэтгэл дээр биш, тэр хүний хувиа бодсон бодлынх нь эрмэлзлийн үндсэн дээр энэ баялаг чинь бий болж байгаа” гэсэн байдаг. Үнэхээр тийм шүү дээ. Хэрвээ нийгмээс мөнгө хийе гэж бодвол та нар энэ олон түмэн мөнгөө зарцуулах юмыг нь л хийнэ. Хүн хэр баргийн юманд мөнгөө зарцуулахыг бодохгүй. Үнэхээр сайн юм хийсэн байвал тийшээ мөнгөө зарцуулна. А.Смитийн хэлснээр сайхан сэтгэлтэйдээ биш, харж байгаад олон түмнээс их хэмжээний мөнгө хуримтлуулахын тулд хүмүүст таалагдах, дурлах юмыг нь хий. Өөрийн эрхгүй л мөнгөө зарцуулах юмыг нь хий. Тэгж л мөнгө цуглуулна. Хүчээр авдаг тийм юм байхгүй. Капитализмыг чинь зохион байгуулалт нь угаасаа тийм байхгүй юу. Нийгмийн зохион байгуулалт нь тийм.

Илтгэгч-“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн:-Саяны залууд нэмээд хэлчихье. Либертаричууд төр шүүмжлээд хязгаарлагдмал төрийн тухай ярьж байна. Энэ нь төрийг байхгүй гэж байгаа зүйл биш шүү дээ. Бас байх ёстой. Бид баялаг бүтээж байна. Нийгэмд өөрсдийнхөө амьдрал, аз жаргалынхаа төлөө явж байгаа. Төр байх ёстой гэдэг дээр гуравхан зүйлийг хэлж байсан. Гадны халдлагаас хамгаалах арми, нөгөөдөх нь дотоодын үймээн самууныг зохицуулах, хоёр хүний наймаа буюу Түмээ (“Өгөөж чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэлийг хэлэв.сурв) бид хоёр муудалцвал бид хоёрын маргааныг шийдэх Шүүх. Энэ гурваар л хязгаарлагдана. Хамгийн гол нь төр үүнээс өөр юм битгий хийгээч ээ. Энэ гурваас өөр юм хийгээд эхэлбэл дарангуйлал болно. Бүх юмыг хийгээд эхэлбэл аймшигтай юм болох нь ээ гэдгийг л гаргаж өгсөн тунхаг л даа. Үндсэндээ бүх улсууд тиймэрхүү юм руу явж байгаа санаатай, уг нь. Гэтэл коммунистууд төрийг бүхний дээр тавьчихаад сүйрч байна.

Илтгэгч-Философийн ухааны доктор Б.Батчулуун:-П.Цэнгүүний ярьсан энэ гурван функцийг гүйцэтгүүлэхийн тулд бид нар өөрсдөө бий болгох ёстой. Гэтэл одоогийн төр чинь бидэнд хамаагүй харь зүйл болчихоод байна. Ард түмний бий болгосон ард түмний засаг биш, төрийн төлөө ард түмний бий болгосон засаг болчихоод байна.

Хэлэлцүүлгийн оролцогч:-Намайг Отгонжаргал гэдэг. Сүүлийн үед бизнес дэх төрийн оролцоог улстөрчид болон бизнесмэнүүд маань Монгол жижигхэн байна, Монголын ААН-үүд жижигхэн, бүгд мөнгөгүй байна. Тиймээс төр түүнд туслах ёстой. Банкууд жижигхэн байна. Тиймээс төр оролцож байж бизнесийг дэмжихээс өөр аргагүй байна гэдэг. Үнэхээр бизнесмэнүүд төрөөс авахгүй бол болохгүй тийм жижигхэн байгаа юм уу. Данхар төр гэдэг ойлголт нь бизнесмэнүүд жижигхэн, мөнгөгүй байгаа учраас гэдэг үг рүү орчихоод байна л даа.

Илтгэгч-“Монгол Айди” ХХК-ийн захирал Д.Энхчимэг:-Ер нь тэр бол төрийн санаа зовох зүйл огт биш байхгүй юу. Миний бизнес жижигхэн байх нь миний л асуудал. Би том болгоод дэлхий рүү гаргаж чадаж байвал миний л асуудал. Гаргаж чадахгүй байвал бас л миний асуудал. Төр тэрэнд санаа зовж яах гээд байгаа юм.

Илтгэгч-Философийн ухааны доктор Б.Батчулуун:-Оролцох гээд л байгаа юм (инээлдэв).

Илтгэгч-“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн:-Дэмжээч ээ гэдэг л гол асуудал байгаа юм л даа. Ийм байна ш дээ, ингээч ээ гэхээр. Тэр хэрээр л тэд чинь “Өө, юм нэхсэн үү. Хэрэгцээтэй байна уу. Okey! Тэгвэл хэрэгцээг чинь хангаад өгье, бид нар” гээд л хууль, эрх мэдэл гээд бүхнийг чинь аваад л байна гэсэн үг. Тийм учраас хэрэгцээгүй байна гэвэл энэ төр яг үндсэндээ хийх ажилгүй болно шүү дээ. Бид “Дэмжих хэрэггүй, битгий бидэнд садаа бол. Цаашаа байцгаа” гэх юм бол бизнесмэн бид өөрсдөө бүхнийг хийж чадна. Ямар ч асуудалгүй.

Илтгэгч-Философийн ухааны доктор Б.Батчулуун:-Нэг шог байдаг. Бизнесмэнүүдэд хандаж “Та нарт яаж туслах вэ” гэсэн чинь “Туслахгүй байж л тус болооч” гэсэн гэдэг. Та тусалбал л аюултай. Тус болооч гээд л төр рүү хандвал тэд чинь ханцуй шамлаад л ороод ирнэ. Тус болохгүй байх явдал чинь л хамгийн том тус шүү гэж төрд хэлэх ёстой гэж яриад байгаа юм.

Хэлэлцүүлгийн оролцогч-“Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл:-Би асуулт асуухгүй. Илтгэгчдийн ярьсан ярианд өөрийнхөө бодлыг хэлье гэж бодлоо. Даргагүй, дарамтгүй сайхан хэлэлцүүлэг болж байна. Фэйсбүүк, твиттерт орж хүмүүсийг юу ярьж байгааг хардаг. Дандаа улс төр, сөрөг юм ярих юм. Өөдрөг юм ярьдаг хүн ерөөсөө байхгүй. Монгол Улс 28, 29 жил хөгжихдөө маш их том амжилт олсон гэж боддог. Хамгийн гол юм бол бид ардчилал, эрх чөлөө, хувийн өмчтэй болсон. Энэ бол бага юм биш гэж би боддог. Зах зээлд ороод 30 жил болж байгаа энэ улс орныг Америктай ч юм уу, Европын том том улсуудтай харьцуулаад бухимдаад байх хэрэггүй. Бүгдээрээ л чөлөөтэй ажиллалаад л, өөр өөрийнхөө хэрэгцээг хангаад амьдрах ёстой байхгүй юу. Тийм болохоор энд төрийг шүүмжлээд ч юм уу, гомдоллоод байх шаардлагагүй. Өөртөө л гомдохоос өөр аргагүй. Татварын хувьд бол би Б.Батчулуун багшийн хэлсэнтэй ерөөсөө эсрэг бодолтой байна. Хүн та үхэх нь үнэн, төрөх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэсэн шүү дээ. Төрд мөнгө байх ёстой. Татвар нь буруу болчихоод байгаа юм. Би энэ тоог хэд хэдэн удаа хэлсэн. 2016 оны тоо. Монголд 134 мянган ААН байдгийн 70 хувь нь Улаанбаатарт байдаг. Тэр 70 хувийнх нь тодорхой хувь нь буюу 40 мянга нь л тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Ихэнх нь Х тайлан гаргаад тендер рүү дайрдаг. Худлаа компаниуд байдаг. Уучлаарай, тийм компаниуд байвал. Нийт төсөвт төлж байгаа татварын 80 хувийг цөөхөн буюу 300 ААН төлдөг. Энэ хэдхэн ААН-үүд төсөвт мөнгө хийдэг. За, тэгээд татварын бүтцийг нь аваад үзвэл тэр мундаг хөгжөөд байгаа орнуудад татварын бүтэц нь ямар байдаг вэ гэхээр хувь хүний татвар ихэнхийг нь эзэлдэг. Бид иргэдээсээ татвар авч чаддаггүй. Нөгөө хэдэн татвар өгдөг хэдийгээ шалгаад ноолоод л загнаад байдаг. 300-хан ААН нийт татварын 80 хувийг бүрдүүлж байсан. Одоо сайжирсан эсэхийг мэдэхгүй байна. Энэ бол шударга биш байгаа юм. Хүн болгон татвараа өөрийнхөө олсон орлогоосоо төлөх ёстой. Энэ бол иргэний үүрэг. Америкт татвар бөглөдөг хүснэгтийг хараад би айж байгаа байхгүй юу. Татвараас бултах ямар ч боломж байхгүй. Японд ч тэр. Шударгаар хөдөлмөр эрхлээд шударгаар татвараа төлөх ёстой. Манайд шударгаар татвар төлснийгөө олигархууд, муу сайн шуналтай юмнууд, та нар энэ дэлхий, энэ Монголоос зайл гээд байх юм. Бид нар зайлчих юм бол яах юм бэ. Манай татвар бага. Татвараа төлцгөө! Бүгдээрээ төл. Хувь хүний албан татварыг үнэнчээр төлдөг болох ёстой. Тэгж байж Монгол Улс хөгжинө.

Миний хувьд тэр яриад байгаа шунал гэдэг үгийг жаахан өөрчилчихвөл аятайхан ч юм шиг санагдаад байна (инээв). Ер нь бол бид нарыг дандаа шуналтай, та нар яасан идэж ууж ханадаггүй юм гэдэг, фэйсбүүк, твиттерт байнга. Би нэг юм бичихээр л “Чи үнээ буулгаач ээ шуналтай авгай” гээд л хэлдэг байхгүй юу (инээлдэв). Тэгэхээр нь би юу ч хариулдаггүй. Гэхдээ өнөөдөр шатахуун дээр чөлөөт зах зээл бий болчихсон. 1200 шатахуун түгээх станц байна. Энэ бол ямар ч хэрэггүй хөрөнгө оруулалт болсон. Манайх 300 л байна. Цаана нь 900 байна. Надаас авалгүй өөр газраас ав л даа. Энэ чинь чөлөөт эдийн засаг биз дээ. Таалагдахгүй бол өөр тийшээ яв. Сая Баянхонгор аймгийн төвд очиход дүүрэн ШТС. 16 ШТС байсан. Гайхсан. Аймгийн төвд 16 ШТС ямар хэрэгтэй юм бэ. Хоёр байхад л болно шүү дээ. Зах зээлийн мэдрэмж байхгүй, ашигтай гэж бодоод л ордог. Тэдний ч буруу биш. Төрийн бас нэг гүйцэтгэх үүрэг бол хүмүүсийг хааш нь хөрөнгө оруулах вэ гэдгийг чиглүүлэх. Тэр 16 ШТС бүгдээрээ газар дээрээ унана. Ийм жишээ бол мянга байгаа. Махны үйлдвэр 50, 60 байсан. Одоо ашигтай явж байгаа нь хаана байгаа юм, бүү мэд. Би чинь одоо илтгэгч болчихов уу яав (инээв). Монгол хүний, хувь хүний баялгийг үндэсний баялаг гэж үзэх ёстой байхгүй юу. Оюунгэрэлийн хөрөнгө боловч энэ бол Монголын хөрөнгө. Би Монголын газар дээр хөрөнгө оруулалт хийгээд Монголд татвараа төлж байна. Тэгэхэд яагаад энэ муу Оюунгэрэл хохироход “Хохь чинь” гэж байгаа юм бэ. Болохгүй шүү дээ. Би тэр 16 станцыг хараад үнэхээр дотор муухайрсан. Сумын төвд дөрөв, таваараа. Ямар хэрэгтэй юм. Бүгдээрээ ашиггүй. Тэгэнгүүт бензиндээ юм холиод л. Тэгэнгүүт Засаг дарга нь “Петровис” үнээ буулга гэнэ. Үнээ буулгаж яах юм. Үнэтэй байж л байг. Нөгөөдүүл нь хямдханаас нь аваг л дээ, тийм биз дээ. Та бүхний ярьж байгаа юмнууд дундаас хамгийн их сэтгэл зовоож байгаа нь хууль, засаглалын асуудал. Үнэхээр биднийг чөлөөт зах зээл дээр чөлөөт иргэн байхад саад болж байгаа юм бол хуулийн байгууллагууд. Засгийн газартай шүүхдээд ялна гэж мөрөөдөхийн хэрэг ч байхгүй. Шүүх хэргийг удааж, хүнийг залхааж хахууль аваад юмыг шийдээд сурчихсан байна. Энэ тал дээр бид өөрчлөлт гаргаж чадахгүй бол амьдрахад хэцүү болох нь ээ.

Хэлэлцүүлгийн оролцогч-“Өгөөж чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл:-Ж.Оюунгэрэл гуай зөв юм ярьж байна. Ярьсныг нь сонсч байгаад асуултаа мартчихлаа (инээлдэв). П.Цэнгүүн захирал их ховор хүн л дээ. Байгаа байдал нь ч тэр. Их зөв. Олон жил хамтарч бизнес хийж байна. Жилдээ нэг хэрэлддэг байсан бол одоо дөрөв хэрэлддэг болоод байгаа. Үнээ улирал тутамд өөрчлөөд байгаа байхгүй юу. За тэр ч яахав. Манай Буддизмд бусдыг хохироож, бусдыг зольж юмыг нь авахыг шунал гээд байгаа. Ж.Оюунгэрэл захиралтай санал нэг байна аа. Энэ шунал гэдэг үгээ жаахан өөрчлөөд явмаар байна. Үг жаахан тодорхой биш байна. Өөр юу байдаг юм.

Хөтлөгч:-Шука! (инээлдэв).

Хэлэлцүүлгийн оролцогч-“Өгөөж чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл:-Шука, мука нь ч юу юм. Тан шиг яаж бардам байх вэ. Энэ их дарамттай бизнесийн орчинд өөрийнхөөрөө бардам байж төрийн дарамтад орохгүй яаж бизнес хийж чадаж байна вэ. Яагаад вэ гэхээр мөнгө ав гээд байхад нь авахгүй. Ядаргаатай хүн шүү дээ, чи чинь. 27, 28 тэрбумыг билүү ав гэсэн чинь авахгүй гээд байсан. (Хэлэлцүүлэгт оролцогчид алга ташив.сурв). Тэгснээ үнээ буулга гэхээр үнээ буулгахгүй гэсэн. Тэгтэл төр нь мөнгөн устай гурил гэж зохиол бичээд чамтай үзсэн шүү дээ. Тэрийг даваад гарч байна гэдэг гайхалтай байхгүй юу. Яаж ингэж чадаж байна аа. Би дийлэхгүй юм байна шүү дээ.

Илтгэгч-Философийн ухааны доктор Б.Батчулуун: -Май Шук! (Микрофоноо П.Цэнгүүнд өгөв.сурв). (Бүгд инээлдэв.)

Илтгэгч-“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн:-Зарчимтай байх. Үнэт зүйлээ өөрөө маш сайн ойлгох. Юу бүтээж байгаа билээ, юуны төлөө хийж байгаа билээ. Хэнд зориулж хийж байгаа билээ гэдгээ ухаар. Ёс суртахуунтай, ёс зүйтэй байх. Би яагаад тэгэхэд мөнгөнөөс татгалзсан бэ гэхээр надад ёс суртахуун байна. Тэр чинь муухай байна шүү дээ, татвар төлөгчдийн мөнгийг аваад ашиглаад явах зөв биш. Тэр үүднээс л тэгсэн. Бизнесмэн хүн өөрөө бодож “Энэ зөв үү, буруу юу” гэдгээ л бодож өөрөө шийдвэр гарга. Хэн ч тулгаагүй, хэн ч ав гэж шахаагүй. Дарамт бол мэдээж дараа нь зөндөө шүү дээ. Төр бол дарамтлах л гэж байдаг. Өнөөдрийн манай төр бол бүгдээрээ хувийн компаниуд шүү дээ. Хувийн компаниуд л нийлчихсэн болохоос биш төр гэдэг субьект биш шүү дээ (Алга ташицгаав.сурв).

Хэлэлцүүлгийн оролцогчид, ТББ-ын төлөөлөгчид хэлэлцэж буй асуудалтай өөрсдийн байр суурийг илэрхийлцгээлээ.

Илтгэгч-“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн:-Нэг их гарц марц санал болгоод ингэх ёстой, тэгэх ёстой юм гээд байгаа юм байхгүй шүү дээ. Гарц, шийдэл хайгаад ингэвэл хөгжинө, хөгжихгүй гэхгүй. Надад ч Монголыг хөгжүүлэх гээд ч байгаа юм байхгүй байна. Хувиа хичээж байгаа учраас. Энд сууж байгаа хүмүүс, надаас гарц хайгаад байх хэрэггүй шүү. Шийдэл ч хайгаад хэрэггүй. Зүгээр л өөр өөрсдийнхөө бодит байдлыг цэгцтэй харцгаа. Зарчимтай байцгаая гэдэг юмыг л санал болгож ярьж байгаа шүү дээ.

Хэлэлцүүлгийн оролцогч:-Орон бүхний пролетари нэгдэгтүн гэдэг шиг энд баахан либерал хүмүүс нэгдчихсэн юм шиг байна. Зовлон нэгт ахан дүүс гэдэг шиг бид чинь нийгэмд бол бэлгийн цөөнх гэдгээс ч цөөнх шүү дээ (инээлдэв). Одоогоор либертари нийгэм гэж дэлхий дээр алга байна. Төргүй болох санал түүхэнд маш олон удаа гарч л байсан. Либертари гэж улс төрийн тогтолцоог яриад байна уу, хувь хүний үзлийг яриад байна уу. Хэрвээ нийгэм, улс төрийн тогтолцоо ярьж байгаа бол хэдүүлээ яаж либертари нийгэм байгуулах юм бэ? Илтгэгч-“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн:-Либертари нийгэм байгуулах гээд яваад байгаа юм биш шүү дээ. Энхчимэг захирал чөлөөт зах зээлийн талаар ярьсан бол Батчулуун багш бол либертари үзэлдээ тууштай нэгэн. Би бол либертари гэж ярихгүй байгаа биз дээ. Би бол капитализм ярьж байна. Капитализм, капитализм. Ялгаа зөндөө байгаа шүү.

Тэмдэглэсэн: Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *