Categories
мэдээ нийгэм

Алтайн уулсын монголын уламжлалт ан агнуур ба хээрийн зоог

Үүрийн таван жин. Монголчууд үүр цайх торгон агшинг ингэж нэрлэдэг. Чухамхүү энэ үед бид Говь-Алтай аймгийн Бигэр сумын Бурханбуудай уулын Баянсайрын амны Хэцүү эрэг гэдэг газарт ирж машинаасаа бууцгаалаа. Хавцалд машины дуу цуурайтан ан амьтан үргээхээс сэргийлж анчин Б. Гантөмөр бид хоёр хавцал өгсөн цааш алхав. Энэ нутгийн нэрт анчин Ж.Бэгзсүрэн гуай бидэнтэйхамт явах байсан боловч түүний хөл өвдсөн тулбидний ажилд туслуулахаар хүүгээ явуулсан ажээ. Б.Гантөмөр биднийг Бигэр сумын төвд хүлээж байсан бөгөөд бид тэндээс шууд ууланд гарч байгаа нь энэ.

Хавь ойр харанхуйд умбаж хавцлын хурц оройнууд дээрээс өнгийх нь үнэхээр сүрдэм. Чив чимээгүйн дунд хааяа нэг гарах бидний хөлийн чимээ хавцал дундуур урсах уулын горхины дуу л содон сонсогдоно. Удалгүй хавцлын оройгоор тэнгэр цайж үүр тэмдгэрч эхлэв. Хоёр км орчим яваад хавцал тавигдаж уудам чөлөөтэй болдог аж. Удалгүй Гантөмөр уулын энгэр өөд гараараа заалаа.Эхлээд би нэлээн зовж байж ганц тэх л харав. Удалгүй ууланд нүд дасаж биднээс зуу хүрэхгүй м газарт нийт арван найман тэх байгааг олж харлаа. Янгир нь Монгол улсын “Ан агнуурын хууль”-ийн “нэн ховор”, “ховор”, “элбэг” гэсэн ангиллын “ховор” гэсэн ангилалд багтах бөгөөд агнах зөвшөөрөл авахад төлбөр хураамж нь нийлээд 900$ болдог байна. Бид нэг тэхийн зөвшөөрөлтэй яваа билээ.

Тэхүүд биднийг аль эрт олж харсан бололтой бүгд нааш харан зогсоцгооно. Удалгүй морь ч үгүй энэ хоёр явган яав л гэсэн байртай биднийг тоохоо больж залуу тэхүүд нь хоорондоо мөргөлдөн тоглож уул өөд аажмаар өгсөв. Зуны улиралд янгир эм, эрээрээ салан сүрэглэж намар орооныхоо үед л нийлдэг гэнэ.Энэ нь тэх ишигтэй ямааг бодвол илүү өндөрт хол явж бэлчээр давхацхаас сэргийлэн идэш тэжээлээ хувиарлах байгалийн нэг зохицуулалт билээ. Залуу тэхүүд нь богино эвэртэй улаан зүстэй нас гүйцсэнүүд нь сүрлэг эвэртэй хар саарал зүстэй байх аж. Тйимээс ч нутгийнхан тэхийг улаан, хар загал гэж хоёр ангилан нэрлэдэг гэнэ. Энэ сүрэгт зургаанхар загал, бусад нь улаан тэх байв. Тэх шөнө уулнаас бууж уулын нөмөр хормойд ирж хоноглодог тул үүрээр хэвтэрт нь ирж агнадаг эртний ийм нэгэн арга байдаг аж. Харин Гантөмөр энэ аргаар тэх агнахыг хүссэнгүй. Уг нь чавхаар харвасан ч онохоор ойрхон зайд бид хоёр очсон билээ. Энэ аргыг “ядарсан эрийн арга” гэдэг бөгөөд хэвтэрт нь агнавал янгир буцаж эндээ хоноглохоо больчихдог муу талтайгэнэ. Харин анчин маань буцах замдаа хавцлын ёроолд шахан барьсан 40 см урттай, 15-20 см өргөнтэй, 10-15 см өндөртэй чулуу өрж хийсэн битүү хороонуудыг үзүүллээ. Заримынх нь ам онгорхой байх аж. Энэ нь дээр үеийн хүмүүс суусар барьдаг байсан чулуун хороо гэнэ. Дотор нь мах хийж адууны сүүлээр хийсэн урхиар занга тавьж суусар агнадаг байсан аж. Суусар шөнийн амьдралтай тэгээд ч үргэлж хосоороо байх тул нэг суусар барьсан зангыг дахин тавихад маргааш өглөө нь нөгөөдөх нь заавал ордог гэж өвгөчүүл ярьдаг байсан гэнэ. Бас уулын хярд байдаг жим замын хоёр талд чулуу овоолон дундуур нь утас татаж цахиур бууны гохтой холбон ирвэс агнадаг байсан байна. Үүнийг сааль гэдэг гэнэ. Ийм саалийг Өмнөговь аймгийн Ноён ууланд байхыг нь би өөрийн нүдээр үзэж байсан билээ.Тэгэхээр Алтайн нуруу дагасан Говь-Алтай, Өмнөговь аймгийн дунд байх Өвөрхангай, Баянхонгор аймгийнхан ч ийм аргаар ирвэс агнадаг байсан байж таарна. Харин одоо ийм сааль тавибал хүн агнадаггүй юм гэхэд мал агнах байх. Цаг цагаараа байдаггүй гэж энэ.Ирвэс суусар шиг шөнийн амьдралтай болохоор өдрийн амьтад шиг бус ямар ч хар сэжиггүйгээр заавал жим даган өрсөн чулууны хоорондуур зүтгэн өөрийгөө “агнадаг” байна.

Бид эндээс хөдөлж энэ уулын Үерт хэмээх нөгөө аманд Гантөмөрийнхтэй айл байгаа Бэгзсүрэн гуайтай уулзав. Энэ үеээр огцомхон ширүүн бороо орлоо. Гэтэл гаднаас Гантөмөр орж ирээд “морьд бэлдчихлээ хоёулаа явъя” гэв. Биднийг ууланд гарч байтал бороо зогсож харин өтгөн манан дэгдэв. Нэлээн дээр гарч нэг хадны нөмөрт морьдоо орхиод цааш салхи сөрөн явган явав. Гэтэл манан дунд тэмээ шиг өндөр тэх харагдсанааойртох тутам томорсоор хоёр давхар байшин шиг болов. Энэ нь сүрдмээр ч юм шиг тун ч сонин үзэгдэлаж Бараг тулж ирж байжтэх маань хэвийн хэмжээндээ орсон бөгөөд биднийг танингуут хамраараа час хийтэл чанга шүгэлдэж бусдыгаа сэрэмжлүүлэнгүүт энд тэндгүйасга шажигнан сүрэг тэх хоромхон зуурүргэж одлоо.Би янгир хамраараа ингэж хүн цочтол дуугардаг гэдгийг мэддэггүй байсан болохоор ихэд цочиж Гантөмөрийг баахан инээлгэв. Бид уг нь тэхэнд бараг цохиод авахаар ойртсон билээ. Гэтэл Гантөмөр буудсангүй. “Удахгүй нар гарч газар эгшинэ. Янгирч идшилж эхлэнэ. Тэр үед нь шилж байж агнана” гэлээ.

Манан дунд салхи сөрөн очиж тууртан агнадаг эртнээс уламжилж ирсэн ийм нэгэн арга байдаг аж. Жинхэнэ уулын ан агнах арга. Говьд бороо орохыг хүлээвэл хэдэн долоо хонох бол. Бороо орсон ч ийм манан гарна гэж юу байхав.

Үдээс хойш бороо зогсож нар мандан манан шуугдав. Бид уулын бараг оройд нэгэн том хадны ард нуугдан сууж байлаа. Учир нь бид тэхийн сүргийг дурандаж бэлчээрлэх чиглэлийг нь тогтоосныдарааамдан сууж буй нь энэ билээ. Удалгүй бидний дороос яарамгүй идэшлэх тэхийн сүргийн эх нь гарч ирэв. Нийт 72 тэх тооллоо. Хорин дөрөв нь загал. Гадаадын анчид нь эврийг нь авах гэж зөвнөх загалуудыг л агнадаг аж. Харин бидэнд эвэр нь бус мах нь хэрэгтэй билээ. Юу ч анзаарахгүй тайван идэшлэж байсан тэхийн сүрэг буун дуунаас цочин хуйларч газрын уруу хоромхон зуур далдарлаа. Харин нэг улаан тэх газар дээрээ дээш үсэрснээ эврэндээ дийлдэн газрын уруу ойчив. Тэх толгойд нь буудахад ингэдэг аж.

Анчин Гантөмөр тэр дороо тэхээ өвчиж янзлав. Үүнд З2 минут зарцууллаа. Толгойг нь тайрч аван хүзүүгээр нь туламлан өвчиж гэдэс дотрыг нь гаргаж хаяад махыг нь яг л хорхог хийдэгтэй адил жижиглэдэг аж. Ялгаа нь арьсанд нь 5 см орчим мах үлдээн битүү өвчдөг байна. Тэхээр боодог хийх байсан тул толгойд нь буудсан аж. Хэрэв биеээр нь буудвал нүх гарч боодог хийхэд төвөгтэй болдог гэнэ. Сумны нүхийг дээлнийхээ хөвөнгөөр бөглөж болдог ч гэсэн энэ нь тийм ч сайн арга биш аж. Сонирхолтой нь энэ үед “шарсан хавирга” аль хэдий ньбэлэн болчихсон байв. “Шарсан хавирга” хийх арга дэлхийд хоол хийх хамгийн амархан арга байжмагадгүй.

Алтайн ууланд ортууз гэдэг хурц, хурц шовх улаан өргөстэй ногоон навчтай нэгэн бут ургах. Харин ургахаа больж үхэхээрээ цагаан саарал өнгөтэй,тэвэр дүүрмээр том болдог аж. Нутгийнхан ийм ортуузыг буурал ортууз гэдэг бөгөөд гэртээ гал асаахдаа цаасны оронд хэрэглэдэг гэнэ. Буурал ортуузны диаметрнь 20-40 см хүрч байв. Анчин агнасан тэхээ өвчихдөө хүмүүсийн тоогоор хавирга гарган авч буурал ортуузанд чүдэнз зураад дээр нь тавьчихдаг аж. “Шарсан хавирга” хийх аргаердөө л энэ. Анчин ангаа өвчиж дуусахад “шарсан хавирга” бэлэн болчихсон хүлээж байдаг байна.

Бид бооход бэлэн болсон янгираа моринд ганзгалан уулын уруу буулаа. Замдаа Гантөмөр анчин нэг бурхи буудлаа. Анчин маань тарвага буудахдаа богинохон саваа модны үзүүрт ховил гарган бэхэлсэн алганаас арай томхон цагаан сарлагны сүүлийг өмнөө эргүүлэн ойртож байв. Нутгийнхан үүнийг “даллуур” гэж нэрлэх бөгөөд тарвага агнах энэ арга ч “тарвага даллах” гэдэг байна. Даллууртай анчин харсан тарвага хойд хоёр хөл дээрээ босож зогсон хошгорч ойртуулан бэлэн бай болж байгаа нь их л сонин санагдав. Тарвагаар боодог хийхийн тулд бас л толгойгоор нь бууджээ. Ингээд бид Үертийн голын Хадан дугуй гэдэг хавцалд орлоо. Бургасан дундуур нарийхан жимээр явсаар хориод метр диаметртэй битүү хавцалд орж ирэв. Энд ханан хаднаас ус шүүрч тошлой хэмээх жимсний бут ургасан нь нэн үзэсгэлэнтэй. Хүй нэгдлийн үед байгаа мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөөд байдаг тун сонин газар юм билээ.

Бид энд гал түлж авчирсан чулуугаа улайтган тэх, тарвага хоёроор “боодог” хийх ажилдаа оров. Анчин маань хажуугийн асганд бэлэн ургасан зэрлэг сонгиноос хэдийг түүж ирэн боодгондоо хийж амтлав. Алтайн зэрлэг сонгино үнэхээр аагтай юм билээ. Амт аагаараа хоёр гурав нь л бидний мэддэг таримал сонгины нэг кг-тай тэнцэх байх. Илүү гарч ч магадгүй.

“Боодог” гэдэг нь “боох” гэсэн үгнээс үүсэлтэй аж. Үнэхээр ч битүү туламласан тэх, тарвага хоёрын хүзүүг мөн л бүснээсээ цуулж авсан хэсэг даавуугаар боож түнтийгээд ирэнгүүт нь амсрыг нь татан хийг нь тааруулж байв. Гүзээн хорхог, боодог хийх арга бараг адилхан бөгөөд ялгаатай нь дөрвөн мөчинд нь таарсан гонзгой улайссан чулуу хийж гал дээр эргүүлж тойруулан үсийг нь түлж хутгаар хуссаар ямар ч үсгүй болж хөрс нь сайханшаргалтталнь шарж болгодогт орших аж. Харин амт нь хорхогноос хамаагүй илүү. Үнэхээр янгир, тарваганы арьсийг ийм амттай болох юм гэж хэн санах билээ. Бид “хорхог”, “махан хавчмал”,“сорс” хийх бүрэн боломжтой байсан боловч нэгэнт говьд хийж үзсэн учир сонирхоогүй билээ. Амтат боодог ялангуяа боодогны “шөлөнд цохиулсан” би Бэгзсүрэн гуайнд хангалттай унтаж амарсныхаа дараа түүнтэй ан агнуурын тухай баахан хууч дэлгэж дайлуулж цайлуулаадбүрэнхий болж байхад Бигэр сумын төвийг зорилоо. Уулнаас буухад чих шуугин дүлийрч байв. Тийрэлтэт онгоц буухад л ингэдэгсэн. Мөн ч өндөр ууланд гарч дээ бид. Цас оронгуут Хэнтийн ууланд гарч ойн амьтан агнах монгол арга, уламжлалт хоолтой танилцана.Арван сарын сүүл хүртэл хол байна даа, хол байна. Энэ жил цас эрт орох болов уу.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *