Categories
мэдээ нийгэм

Алслагдсан нутгийнханд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхэд мобайл технологи үр дүнтэй

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн туршлага солилцох уулзалт өнөөдөр ЭМЯ-нд боллоо. Эрүүл мэндийн анхан шатны түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулахаар зорьж байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад мобайл технологи хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Тэрээр цааш хэлэхдээ, Монгол улсын газар нутгийн байдалд тохирсон, алслагдсан хүн амд хүрсэн, нэг ч хүнийг орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх мобайл технологи нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг хийж хэвшихэд суурийг нь тавьж өглөө гэлээ.

Мобайл технологийн төслийг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, алслагдсан 7 ба 26 дугаар хороо, Өмнөговь аймгийн Гурвантэс, Номгон, Манлай сумдад амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд цаашид олон нийтийн түвшинд өргөжүүлж, Архангай аймгийн Өндөр-Улаан, Баянхонгор аймгийн Богд, Увс аймгийн Зүүнхангай, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төв болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн Гэрэлт Манал, Чингэлтэй дүүргийн Угтах-Ирээдүй өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэхээр болжээ.

Одоогоор уг төслийн хүрээнд 13000 гаруй хүн халдварт бус өвчний эрт илрүүлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагдсан бөгөөд явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай машин, тоног төхөөрөмж /зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет гэх мэт/-ийг нийлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *