Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Алжир бүсгүйчүүд”

Пабло Пикассогийн Алжир бүсгүйчүүд хэмээх уран зураг өнгөрсөн тавдугаар сард Кристигийн дуудлага худалдаагаар 179,4 сая америк доллараар зарагдсан. 140 саяас эхлэн дуудсан үнэ сүүлийн мөчид 179 сая 365 мянган долларт хүрч шинэ цуглуулагчийн эзэмшилд очоод байна. 1954-1963 оны хооронд Пикассо сонгодог үеийн мастеруудын бүтээлийг өөрчлөн шинэчилж нэлээн хэдэн цуврал зураг зурсны нэг нь энэ “Алжир бүсгүйчүүд” юм. Энэ нь Евгений Делакруагийн 1834 онд зурсан “Алжир эмэгтэйчүүд өргөөндөө” хэмээх сонгодог уран зургийг Пикассо фовист зарчмаараа 15 жижиг цуврал болгон зурсан бүтээл юм. Дээрх он жилүүдэд Пикассо Францын зураач Эдуард Манэгийн 1863 онд зурсан “Зүлгэн дээрх үдийн зоог”, Диего Веласкесийн “Ордны шадар эмэгтэйчүүд” гэхчлэн нэлээнхэдэн сонгодог бүтээлийг эвдэж өөрийн манераар зурсны дотор Алжир бүсгүйчүүд”-ийг 1954-1955 онд 15 цуврал болгон зурсан байна. 1940-өөд оноос Пикассо Луврт байнга зочлон, Делакруагийн бүтээл дээр ажиллан анхны хар зургаа гаргах болсон байна.

Пикассогийн маш олон бүтээлүүд нь сонгодог бүтээлүүдээс шууд шинэчлэн хуулбарласан фовист формууд байдаг. “Алжир бүсгүйчүүд” дээр бол Пикассо уг зургийн нүүрэн талд сууж буй хоёр бүсгүйн формыг эвдэж, санаанд оромгүйгээр эргүүлэн, цээж болон ар талыг нь үзэгч рүү зэрэгцүүлэн харуулжээ. Мөн этгээд сонин, харь үндэстний хувцас зүүсгэлтэй шивэгчин эмэгтэйчүүдийг дүрслэх, амьд тод өнгөний хэллэг бүхий “дорнын” гэх Матиссын сэдэв илэрхийллийг түүнийг нас барснаас зургаан долоо хоногийн дараа Пикассо өөриймшүүлэн авч энэ бүтээл дээрх зарц эмэгтэй дээр онцлон хэрэгжүүлсэн. Энэ бол 15 цувралын эхнийх нь юм. Тэрбээр насан туршийн анд нөхөр бөгөөд мөнхийн өрсөлдөгч Анри Матиссын дорно дахиныг илтгэх шивэгчин эмэгтэйн сэдвийг “сайн дураараа өөртөө өвлөн авсан” нь энэ юм. Матиссын урлаг дахь дур булаам,зовлонт татвар эмсийн дүрслэл. Энэ талаараа Пикассо наргиан болгож “Матисс нас барахдаа шивэгчнээ надад хууль ёсоор үлдээсэн юм” гэсэн байдаг. ПикассоЖаклин Рокийн хөргийг олонтаа зурахдаа дандаа ийм төрхтэйгөөр дүрсэлсэн байдаг.

Анх 1956 онд Америкийн гоёл чимэглэлийн үнэт эдлэлийн үйлдвэрлэл эрхэл­дэг компанийн ерөнхийлөгч, урлагийн бүтээл цуглуулагч Виктор Ханц “Алжир бүсгүйчүүд” цувралыг бүхэлд нь 212, 500 доллараар Парисын нэгэн галерейгаас худалдан авч байжээ. Аваад хувилбар тус бүрийг С. Н, J гэхчлэн дугаарласнаараа өнөөг хүртэл хадгалагдаж байгаа. Дараа нь 15 цуврал зургийн 10-ыг нь Нью Йоркийн Зайденбергийн галерейд худалдсан байна. Харин өдгөө эдгээр цуврал нь тус тусдаа улсын болон хувийн цуглуулгад хадгалагдаж байгаа юм. “Алжир бүсгүй­чүүд”-ийн цуврал хэзээ, хаана ямар үнээр зарагдсан мэдээлийг сонирхуулъя.

“С” хувилбар нь анхны худалдан авагч Виктор Хансыг нас барсны дараа 1988 онд зарагджээ. “Н” хувилбар нь 1997 онд мөн Хансын цуглуулгаас 7,15 сая доллараар зарагдаж Швейцарийн Жое Намадын цуглуулгад оржээ. Уг хувилбар өнгөрсөн тавдугаар сард Английн Ливерпүүлийн музейн зээлийн барьцаанд байв. “J хувилбар” нь 2006 онд 18,6 сая доллараар, “K хувилбар” нь 1997 онд 6,6 сая доллараар, L хувилбар нь 2011 онд 11,4 сая доллараар,”M” хувилбар нь1997 онд 10 сая доллараар, “N” хувилбар нь 1960 онд Вашингтоны их сургуулийн урлагийн музейд зарагджээ. Энэ тохиолдолд хэдээр зарагдсан нь тодорхойгүй байна. “Алжир бүсгүйчүүд” -ийн 15 цувралын сүүлчийн “О” хувилбарыг 1997 онд мөн Кристигийн дуудлага худалдаагаар 31,9 сая доллараар худалдсан байна. Үүнийг Их Британийн Лондонд амьдардаг Саудын Арабын нэгэн цуглуулагч худалдан авч байжээ. Энэ “О” хувилбар нь өнгөрсөн тавдугаар сард Кристигийн дуудлага худалдаагаар 179 сая 365 мянган доллараар зарагдаж дуудлага худалдааны хамгийн өндөр үнэд хүрэв.

Үүнээс өмнө 2013 онд Францын зураач Фрэнсис Бэконы “Люсьен Фрейдийн гурван судалбар” бүтээл мөн Кристигийн дуудлага худалдаагаар 142,4 сая америк долларын үнэд хүрсэн нь дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн урлагийн бүтээл байв. Пикассогийн “Алжир бүсгүйчүүд”-ийн “О” хувилбарыг Катарын экс Ерөнхий сайд Хамид Вен Жасим Вен Жабер Аль Тани худалдан аваад байна.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *