Categories
мэдээ цаг-үе

Алдарт морин хуурч Чибулаг: Хүний нас гэдэг зуны нэг ялаа, тиймээс үндэстнийхээ өмнө хүлээх хариуцлага их

Дэлхийн хэмжээнд яригдах оюунт цөөхөн Монголын нэг, БНХАУ-ын нэгдүгээр дэсийн хуурч, манайхаар бол ардын жүжигчин, төрийн шагналт Чибулагтай Шилийн хот дахь “Чибулаг” морин хуурын сургууль дээр нь зорин очиж уулзлаа. Чибулаг гуайн өрөөнд Отгонтэнгэр хайрханы сүүдэр залаастай. Тэгэхнээ, мань эр Завхан аймгийн чиглэлийн сартуул хүн гэнэ шүү. Үүнийгээ бол харин ч нэг нуухгүйгээр үл барам “Ар, өвөр, халимаг, буриад гэх биш бид дэлхийн нэг л монгол” гэж омог бардам хэлж байна. Өөртөө итгэлтэй, хувилгаан шидтэй ийм монгол олон байвал ч дэлхий дээр бид мөн ч агуу үндэстэн хэвээр байсаар байх сан.


-Монгол Улсаас Өмнөд Монголын 70 жилийн ойд зорин ирэхдээ тантай уулзъя гэж их бодлоо. Та сайхан зусч байна уу?

-Сайхан зусч байна аа. Сайн явж ирэв үү. Би дэлхийд олон олон Монгол байна гэж боддоггүй, ганцхан Монгол, ганцхан Чингис хаан байдаг гэж бодож чармайж ирсэн. Би яруу найрагч Лхагвасүрэнгийн нэвтрүүлэгт орохдоо ч “Дэлхийд миний ээж, аав бол ганцхан миний Монгол, дэлхийд ганцхан миний Улаанбаатар, дэлхийд ганцхан миний морин хуур” гэж хэлсэн. Тэрийг та нар сонссон байлгүй. Дуучин Лхагвасүрэнд хүртэл тэр утгаараа “Морин хуур” гэж дуу хийж дуулуулсан. Та Лхагвасүрэнг манай алдарт дуучин Лхасүрэнтэй андуурч асуух шиг боллоо. Лхасүрэн одоо бие нь муу болжээ. Өвөр Монголд Мао Зе Дунгийн үеэс үхээгүй дөрвөн урлагтан байна аа.

-За, хэн хэн байна?

-Дэдмаа гэж байна аа, тэр маань хагас бие нь өвчинтэй. Лхасүрэн маань сээрэн өвчинтэй. Жинхуа багш ходоодны өвчинтэй. Чибулаг гэж нэг хүн дэлхийг тойрох өвчинтэй. (инээлдэв) Манай Өвөр Монголын дарга нар “Бид нүүдэлчин амьдралаа гээжээ. Ганцхан Чибулаг л нисгэл (онгоц)-д суугаад дэлхийгээр нисэж байна аа” гэж ярьж байна.

-Дэлхийг өдөртөө шахуу тойрдог танд ямар зүйлийн ачаа тээш байх вэ?

-Надад нэг морин хуур байхад л хангалттай. Дэлхийн хүн ардад морин хуураар Монгол гэдэг өнгө, гэрлийн гялбааг үзүүлье гэж явсаан. Энэ жил жар дахь жилдээ явж байна.

-Та хэдэн наснаасаа морин хууртай нөхөрлөв?

-Би зургаан наснаасаа хуурдаад энэ жил далан дөрвөн нас зооглож байна аа. Хүмүүс надаас “Та яагаад өтөлдөггүй юм бэ” гэж их асуудаг. Би тэдэнд “Дайсныхаа өмнө үхэж болохгүй, үхсний хойно ч сүнсээ худалдахгүй” гэж хэлдэг юм. Ямар учраас тэгж байна гэхээр би гэдэг хүн морин хуур хуурдана гэж үйлийн үрээ өмчилж авсаан. Би Хятад ард улсын арван жилийн их самралтаар гянданд суулаа, хар ажил хийлээ. Хүний муу үхдэггүйн үлгэрээр одоо болтол үхсэнгүй. Одоо болтол амьд сэрүүн явсан минь бас ч амаргүй гэж би боддог юм.

-Ээжийгээ улаан хувьсгалчдад амьдаар нь шатаалгаж, шорон гянданд хоригдсон атлаа үхэж чадаагүйн шалтгаан юунд байна?

-Хүн гэдэг чинь үндэстний омогшлынхоо туг нь байх учиртай. Өөрийнхөө үндэстний омогшил нь байж чадахгүй бол энэ дэлхийд хорхой шавьжийг ч дийлэхгүй өчүүхэн амьтан шүү дээ. Тэгж амьдраад хэрэггүй. “Зоос олно оо, зоос олно оо” гэж хөөрцгөөх болж. Зоос гэдэг юм хүнд тэгтлээ хэрэггүй ээ. Би бол зоос олно гэж ердөө боддоггүй. Зоос олно гэж бодсон бол энэ морин хуурын сургуулиа байгуулахгүй. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газраас байгуулсан энэ сургуульд маань олон улсын сурагчид зоос мөнгөгүй сурч байна. Монгол Улсын арван таван сурагч энд сурч байна.

-Мөнгө олохгүй юм бол та юунд энэ сургуулиа байгуулав?

-Манай өвөг дээдэс Чингис хаан энэ дэлхийг эзлэхдээ монголчуудыг олон газар тарааж. Монгол гэж хаа хаана тарсан ямар хэлтэй, ямар зан заншилтай хүмүүс байдгийг бид бүрэн гүйцэд мэдэхгүй. Тиймээс би олон улс оронд байгаа монголчуудын хүүхдүүдийг энд авчирч, морин хуураар дамжуулан морин хуурын эгшигт бүх дэлхийн монголчууд сэтгэл нэгдэж өвөг дээдсийнхээ алдар гавьяаг улам сайхан уламжлаасай гэж бодсоных юм. Газар газрын монгол хүүхдүүд энд ирснээр бие биеэ танихгүй байна гэж юу байхав. Халимагт байгаа, Японд байгаа, Тайваньд байгаа, Буриадад байгаа, Улаанбаатарт байгаа монголчууд харилцан бие биеэ таньж мэднэ. Хүний нэг нас гэдэг чинь зуны нэг ялаа. Ямар учраас ингэж хэлж байна гэхээр “Үхэш үгүй хүн хүн гэж үгүй. Үнэр орохгүй мах гэж байдаггүй”. Тиймээс хүн гэдэг үхэхээ мэдэж байгаа бол үндэстнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй. Хэрвээ зүгээр л үхэх хорвоо гэж бодож байвал тэр хамгийн тэнэг, соёлгүй зүйл.

-Чибулаг ах та зүгээр ч нэг хуурч биш, том философич хүн байна шүү?

-Ертөнцөд манай өвөг дээдэс Чингис хаан агуу их түүхийг бүтээж. Тэгвэл бид юу юм. Бид чинь бас хүн. Хүн гэдэг чинь махаар бүтсэн амьтан. Тэр эртээ оройгүй үхдэг юм. Тэгэхээр үхэхээсээ өмнө үндэстэн угсаатнаа гэрэлтүүлэх өнгө гэрэл нэмэх учиртай. Хүн болж төрсөн л бол заавал үүнийг биелүүлэх хэрэгтэй. Тиймээс би морин хуураараа дэлхийд “Үхэшгүй бие, үнэр оршгүй мах”-ыг орлуулан амьд л байвал хүмүүн төрөлхтөнд морин хуурын эгшгийг тархааж явъя гэж амьдарсан.

-Та морин хуурынхаа эгшгийг энэ онд гэхэд хаа хаана дэлгэрүүлэн сонсгов?

-Би өмнө хоёр сард дөчин өдөр дотор Хятад орны хорин таван хотод тоглож, өмнөд орны арван гурван мужийн нанхиад ахан дүүст морин хуурын увдис шидийг үзүүллээ. Манай морин хуурын аялгууг сонссон хүмүүс ямар үндэстэн, угсаатнаасаа үл хамааран нүднээсээ нулимс унаган, сэтгэл нь их хөдөлж байна. Ази тив бол монгол хүний хойч үе гэдгийг би бүрэн мэдэж байна. Нэг япон хүн надад “Нэг үндэстэн, нэг угсаатан аж амьдралаа бүгдийг өөрчилж болно” гэж хэлж байсан. Гэвч, үндэстний эс өөрчлөгддөггүй. Тэр эс гэдэг чинь хоёр түмэн жил болоод ч өөрчлөгддөггүй. Морин хуур гэдэг үндэстний эс болсон оюун санааны түлхүүр болж ард түмний сэтгэлийн оньсыг нээдэг гайхамшиг гэдгийг би мэдсэн.

-Мөн ч сайхан юм даа, ах минь. Морин хуур, та хоёр монгол соёлоо дэлхийд харин ч нэг гайхуулж байна шүү?

-Морин хуур бол манай өвөг дээдэс Чингис хаанаас үлдээж өгсөн орийн ганцхан эрдэнэ. Би морин хуурыг зүгээр нэг хуур гэж боддоггүй. Морин хуур бол дэлхий дээрх ганцхан толгойтой хөгжим. Толгойтой тулдаа таван цултай. Таван цултай учраас сүнстэй. Сүнстэй тулдаа сахиус оршсон хуур юм аа. Ерийн хуур биш ээ гэж би зүтгэсээр байгаад тайзан дээр жаран жил хөгжимдөж байна. Тайзан дээр гарахаас өмнө зургаан жил хөгжимджээ. Тиймээс ч би морин хуурынхаа эгшгэнд залуужиж 74 настай мөртлөө 47-той хүн шиг явж байна.

-Зургаан настайгаасаа хөгжимдсөн гэхээр морин хуур та хоёр тун чиг олон жил нөхөрлөжээ. Анх хэн танд хуурын аялгуу зааж өгөв?

-Хэн ч зааж өгсөнгүй. Би Өвөр Монголын Тунлогийн тэнд хорчин хошууны Морин сүмийн тавдугаар дүрийн хувилгаанаар тодорч байсан хүн. Тэр үед хувьсгал болж Морин сүмийн лам нарыг алж, би хөдөө гэртээ ирсэн. Ирсэн өдрөөсөө эхэлж хуур цуур суръя гэж ааваараа ганц нэг татлага заалгасан. Тэр дэмий болсонгүй хуурч болжээ. Бага сургууль төгссөний хойно Өвөр Монголын Дуурийн театрт шалгалт өгч хуурчаар орсон. Ингэж 1958 оны аравдугаар сарын 1-нээс Хөх хотод ирснээс хойш жаран жил болж байна. Харин энэ Шилэн хотод үүнээс ч өмнө ирсэн. Шилийн хот тэр үед мал бэлчсэн, чоно уулын оройгоор сүлжиж гүйсэн зэлүүд хөдөө газар байлаа. Чонын дуу шөнө бүр дэргэд гардаг, байгаль ертөнц тэр хэвээрээ байсан нутаг шүү. Би Шилийн хотод машинаар ирэхэд нэг сүм, хоршоо хоёр л байсан. Сүмд нь хоноход сарьсан багваахай манай хамт явсан хэдэн хүний хамар дээр сууж айлгаад, шөнө дунд нөгөөдүүл маань “Ээ, чөтгөр өө” гэж дуу алдан бөөн юм болж байлаа. Бид шөнө босч гар дэнгээ барьж явсан ч чөтгөр огт олсонгүй. Энэ газар ирсэн ч манай монгол соёл цөөхөн, харин Шаньси соёл нэлээд түгээмэл байлаа.

-Шаньси соёл гэдэг юу гэсэн үг билээ?

“Шаньси газраасаа ирээд

Шаашийгаа үүрээд гарч ирж байна” гэж дуу хүртэл байсан. Шаньси гэдэг чинь хятад гэсэн үг юм уу даа. Тэгтэл Шилэн Ажил мэргэжлийн сургуулийн тэргүүн дарга очиж намайг сонгон энд ирсэн. Тиймээс ч би Хөх хотод биш Шилийн гол аймгийн төв Шилэн хотод “Чи булаг” морин хуурын сургуулиа байгуулсан. Таван мянган түмэн зоосоор морин хуурын сургуулийн асар тагтыг байгуулаад зургаан жил боллоо.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *