Categories
мэдээ нийгэм

Акико Терада-Хагивара: Монгол Улс мөчлөг дагасан төсвийн бодлогоос зайлсхийх хэрэгтэй

Уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтуудын үр дүнд Монгол Улсын эдийн засаг энэ онд сэргэж 2.5 хувиар өсөх ч, нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал дээд цэгтээ хүрснээр энэхүү өсөлт 2018 онд 2.0 хувь болж буурах төлөвтэй хэмээн Азийн Хөгжлийн Банкнаас мэдэгдлээ.

Тус банкнаас өнөөдөр 2017 онд Монголд эдийн засгийн төлөв ямар байх вэ гэдэгт судалгаа хийснээ танилцуулсан юм.

Эл судалгаагаар 2015 онд 2.4 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнгөрөгч онд 1.0 хувь болсон нь барилгын салбарын уналт, өрхийн хэрэглээний худалдан авалт саарсантай холбоотой хэмээн тайлбарлав.

Харин 2017-2018 онуудад эдийн засаг сэргэх таамаглалыг АХБ дэвшүүлж байна. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өсөхийн зэрэгцээ ОУВС болон бусад хөтөлбөрүүд батлагдах хүлээлтээс гадна 580 сая ам. долларын бондын дахин санхүүжилт амжилттай болсон нь эдийн засаг сэргэхэд нөлөөлнө гэж үзжээ.

Ийнхүү эдийн засаг энэ онд 2.5 хувиар огцом өсөх ч нүүрсний үйлдвэрлэлийн өсөлтийн 2017 оны өндөр суурийн нөлөөгөөр дээрх өсөлт 2018 онд 2.0 хувь болж саарна хэмээн тооцжсон байна. Улмаар Оюутолгойн уурхайгаас энэ онд 1.0 тэрбум ам.доллар, 2018 онд 1.2 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийх нь нөлөөлнө гэж үзжээ.

Монгол Улс нүүрсний экспортоос олох ашиг өндөр байгаагаас 2017 оны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөх ч Оюутолгойн эд хөрөнгө давамгайлсан хөрөнгө оруулалтын импорт нэмэгдсэнээр 2018 онд сөргөөр нөлөөлнө хэмээн АХБ-ны эдийн засагчид тодотголоо.

Ирэх жилүүдэд өрхийн хэрэглээ, төрийн хөрөнгийн зарцуулалт болон зарим урсгал шилжүүлгүүд дарамттай хэвээр байх нь. Тэгвэл инфляцийн хувьд энэ онд 3.5 хувь, 2018 онд 3.9 хувиар өсөх төлөв гарчээ.

АХБ онцгой албан татварууд нэмэгдсэнээр шатахууны үнэ өсөх төлөв ажиглагдаж буйг онцоллоо. Түүнчлэн хэрэглээний үнийн индекст жин дарах махны үнийн хувьд тогтвортой хэмжээндээ байна гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.

Харин гадны шууд хөрөнгө оруулалтын хүлээгдэж буй өсөлт төлбөрийн тэнцэлд үзүүлэх дарамтыг хөнгөвчилнө гэж үзсэн байна. Нүүрсний экспорт нэмэгдсэнээр урсгал дансны алдагдал энэ онд ДНБ-ийн 2.1 хувьд хүрч буурах ч, экспорт тогтворжиж, импорт нэмэгдсэнээр 2018 онд 6.3 хувьд хүрч өсөх юм байна.

АХБ-ны Зүүн Азийн газрын ахлах эдийн засагч Акико Терада-Хагивара ярихдаа,

Монгол Улс байгалийн баялгаас олох орлогын тодорхой хувийг ирээдүй хойчдоо үлдээх зорилгоор 2017 онд Ирээдүйн өв санг, 2010 онд төсвийн тогтворжилтын санг байгуулсан. Аль болох мөчлөг дагасан төсвийн бодлогоос зайлсхийж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Ирэх жилүүдэд байгалийн баялгаас олох төсвийн орлогын зохицуулалтыг бэхжүүлэх нь Монгол Улсын хувьд томоохон сорилт хэвээр байна. Тодруулбал байгалийн баялгаас олох орлогыг зохистой удирдах шаардлагатай бөгөөд олсон орлогоо онцгой үед хэрэглэх хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Жил бүр тус банкнаас гаргадаг эдийн засгийн “Азийн хөгжлийн төлөв” тайланд Ази-Номхон далайн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2017, 2018 онд өнгөрсөн оны 5.8 хувиас ялигүй буурч 5.7 хувь болно гэсэн таамаглал дэвшүүлсэн байна.

Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн огцом өсөлт болон дотоодын бүтцийн шинэчлэл зэргийн үр дүнд хөгжиж буй Азийн улс орнуудын гуравны хоёр нь эдийн засгийн эерэг өсөлттэй байгаа. Энэ нь тус бүс нутгийг дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж буй хамгийн том тоглогч болгож байна дээрх тайланд дурджээ.

Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен

“Азийн Хөгжлийн банкны зүгээс Ази Номхон далайн бүс нутаг дахь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2017, 2018 онуудад 5.7 хувьтай байна гэсэн таамаг тавьж байна. Түүнчлэн олон улсын зах зээл дэх таваарын үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан бүс нутгийн хэрэглэгчийн үнийн индекс энэ онд 3 хувь, 2018 онд 3.2 хувь болон өснө гэж үзэж байна. Гэхдээ бүс нутагт хөрвөх хөрөнгө нэлээн их байгаа нь эрсдлийг бууруулах боломжтой” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *