Categories
мэдээ нийгэм

Ахуйн хэрэглээний хуурамч газ их хэмжээгээр хилээр нэвтрүүлсэн хэрэг гарчээ

-БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС БНХАУ-Д ҮЙЛДВЭРЛЭСЭН 8400 ШИРХЭГ ХУУРАМЧ ГАЗНЫ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА-

НХАУ-аас хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хуурамч шингэрүүлсэн шатдаг хий буюу ахуйн хэрэглээний газ хууль бусаар оруулж ирдэг хэд хэдэн сүлжээ гэмт хэрэгтнүүд байгаа гэнэ. Бүр хил гаалийнхан дээрх сүлжээ гэмт хэрэгтнүүдийн гар хөл болж, хоёр улсын хилээр ямар ч асуудалгүй нэвтрүүлдэг гэнэ. Энэ талаар хууль хяналтын байгууллагад иргэд болон аж ахуйн нэгжээс гомдол ирдэг аж. Гэвч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШӨХТГ, цагдаагийн байгууллага огт анхаарлаа хандуулахгүй өдий хүрч байгаа аж.

Өнгөрсөн бямба гаригт Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст нэгэн иргэнээс “Хуурамч газ их хэмжээгээр “Нарантуул” зах дээр бууж байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэсэн дуудлага ирсэн байна. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр ахуйн хэрэглээний жижиг савтай хуурамч газ их хэмжээгээр буулгаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид олон тооны газ буулгаж байгаа газарт очсон. Хүнд даацын ачааны машинаас “SUN” гэх нэр бүхий 300 хайрцаг, 8400 ширхэг газ буулгаж байсан юм. Рагчаа гэх иргэний хилээр оруулж ирсэн газ гэдэг нь тогтоогдсон. Дээрх “SUN” гэх нэр бүхий газ нь хуурамч гэдэг нь одоогоор тогтоогдоод байгаа. Мөн Рагчаа цагдаагийн байгууллагад ахуйн хэрэглээний газ оруулж ирэх тусгай зөвшөөрөл бүхий гэрчилгээ болон хил гаалиар хэрхэн нэвтрүүлсэн талаарх холбогдох бичиг баримтыг өгөхгүй байгаа. Хууль бусаар хуурамч газ оруулж ирсэн байж болзошгүй хэргийн мөрдөн байцаалтын ажил хийгдэж байна” гэх мэдээлэл өгсөн юм.

ХУУРАМЧ ГАЗ ДЭЛБЭРч, ТҮЛЭГДСЭН ОЛОН ИРГЭН ГССҮТ-Д ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖЭЭ

“SUN” гэх газыг Солонгос улсын “TAEYANG” корпораци үйлдвэрлэдэг аж. Манай улсын “Мөн зөв” гэх компани тус газыг албан ёсны эрхтэйгээр импортлон борлуулдаг аж. Гэтэл иргэн Рагчаагийн оруулж ирсэн газ нь Солонгост үйлдвэрлэдэг газтай нэр нь адилхан боловч хуурамч гэдэг нь тодорхой байгаа гэнэ. Тусгай зөвшөөрөл бүхий гэрчилгээ хил, гаалийн бичиг баримт огт байхгүйгээс гадна газан дээр хятад, солонгос бичигтэй, орос кодтой байгаа гэнэ. Мөн хэд хэдэн газраа “SUN” гэж томоор бичсэн байна. Дээрх хуурамч газыг БНХАУ-ын хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа аж. Чанарын шаардлага огт хангагдаагүй бөгөөд иргэд худалдаж аваад хэрэглэж байх үед нь тэсэрч дэлбэрэх аюул өндөр байгаа гэнэ. Сүүлийн үед ахуйн хэрэглээний газ дэлбэрснээс болж түлэгдсэн олон иргэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй. Дэлбэрсэн газуудын ихэнх нь хуурамч байсан гэдгийг МХЕГ-аас мэдэгдсэн байна. Хилээр хууль бусаар оруулж ирсэн газ үнийн хувьд хямдхан байдаг аж. Иргэд хямд үнэтэйг нь худалдан авдаг байна. Хуурамч газ нь ашиглах явцад шингэнээ гадагш их хэмжээгээр ялгаруулдаг аж. Үүнээс болоод агаарт цацагдсан хий очлуур асаах, ил гал гарах үед шууд авалцаж дэлбэрч байгаа гэнэ. Хуурамч газ дэлбэрч байгаагаас болж иргэд гар, нүүр зэргээ түлж, гэрээ шатаасан тохиолдол ойр ойрхон гарах болсон. Иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж албан ёсны борлуулагч компаниас хохирол нэхэмжлэх гэхээр ямар компани оруулж ирсэн нь тогтоогдохгүй байсаар хохирч үлддэг байна. Мөн хэрэглэсэн газны савыг дахин ашиглаж хууль бусаар хийн шингэн шахаж борлуулж байсан хууль бус үйлдэл МХЕГ-ын шалгалтаар илэрч байжээ. Үйлдвэрийн тусгай стандартын дагуу савласан хий удаан хэрэглээтэй байдаг аж. Гэтэл хуурамч газ хоёр данх цай буцалгаж хүрэлгүй дуусдаг байна.

ХИЛ, ГААЛИЙНХАН ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙН ГАР ХӨЛ БОЛЖ, ХУУРАМЧ ГАЗ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЖЭЭ

Тэгвэл иргэдийн амь насанд заналхийлсэн хуурамч газыг гэмт этгээдүүд хэрхэн хилээр нэвтрүүлж байна вэ. Ахуйн хэрэглээний шатдаг хий буюу газыг тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий хэдэн компани хилээр оруулж ирэн худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байдаг аж. Газ нь онцгой аюултай барааны төрөлд ордог. Үйлдвэрлэх явцад алдаа гарсан тохиолдолд хэрэглэгчийн амь насанд аюултай. Газыг хадгалах, ачиж тээвэрлэх явцад стандартын горим алдагдсан тохиолдолд тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй, хүний амь насанд аюултай. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй компаниуд даатгалтай, газ тээвэрлэх зориулалт бүхий чингэлэгт тээвэрлэдэг байна. Гэтэл хууль бусаар хуурамч газ хилээр нэвтрүүлж байгаа гэмт хэрэгтнүүд хүнд даацын машины тэвш буюу барилгын материалын дор нуун хилээр нэвтрүүлдэг гэдгийг эх сурвалж хэлж байв. Машины тэвш буулгахад л дүүрэн хуурамч газ ачсан машин ороод ирж байгааг Замын-Үүдийн Гаалийн байцаагч, Хилийн мэргэжлийн хяналт, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагч нар юу ч хараагүй юм шиг өнгөрөөдөг байна. Мэдээж үүний ард ихээхэн хэмжээний авлига, хээл хахууль яригдах нь тодорхой. Өдгөө зөвхөн баригдаад байгаа нь дээрх 8400 ширхэг газ юм. Үүний цаана хичнээн тооны хуурамч газ оруулж ирж, иргэдийг хохироосныг тогтоох боломжгүй.

8400 ширхэг хуурамч газ хилээр нэвтрүүлсэнтэй холбоотойгоор Замын-Үүдийн гаалийн байцаагч, Хилийн мэргэжлийн хяналт, Хил, хамгаалах ерөнхий газрын алба хаагч нарыг шалгах ажиллагаа хийгдэх аж. Хил гаалийнхан гэмт эдгээдүүдтэй тохиролцож, хуурамч газ хилээр нэвтрүүлж, иргэдийн амь насанд заналхийлж байгаа гэмт хэргийн сүлжээг таслан зогсоохоор хууль, хяналтынхан ажилдаа орсон бололтой.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *