Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ахмадуудаа адалсан ард түмэн өөдөлдөггүй

Гурван жилийн өмнө манай сонин “Хөгшдөө хөгшин нохой шиг хаядгаа больё” хэмээн гол нийтлэлээ болгон бичиж байлаа. Яг л энэ өдрүүдэд, ахмадын баярын үеэр хөгшдийн тухай нийгэмд асуудал болгон түгээж байжээ. Монголд тэтгэвэрт гарсан л бол хүний тооноос хасагдах шахуу болдог тухай элэг эмтрэм жишээнүүдийг иш татан өгүүлж байв.

Өдгөө энэ өдрүүдэд Олон улсын ахмадын баяр болж байна. Гоё хувцсаа өмсөж, одон тэмдэг зүүсэн хөгшчүүд бөөн бөөнөөрөө жигтэйхэн баяртай явцгааж байна. Хамт олон нь тэднийг хүндэтгэн хүлээн авч, гарын бэлэг өгсөн бололтой жижигхэн зүйл барьцгаажээ. Жилдээ ганц ингэж хүндлүүлж, бөөнөөрөө уулздаг болохоор тэдний баярлах нь аргагүй юм. Бусад үед хөгшчүүд маань бөмбийсөн жижигхэн гэртээ ганцаардан хүүхдүүдээ хүлээн хөлийн чимээ чагнан суудаг юм. Эсвэл ач, зээ нараа харан өндийх ч завгүй өдөржин асрагчийн цаг наргүй ажил хийнэ. Зарим нь гудамжинд бохь, чихэр ширхэглэн зарж амьжиргаандаа нэмэрлэнэ. Хөдөө бол хүйтэн гэрт хоол ундгүй өнжих энүүхэнд. Арай тэнхлүүн нэг нь өдөржин хонь мал хариулна. Хүүхдүүд нь “аав, ээждээ хайртай”, “миний ээж хөөрхөн” гэж нялуурах ч ачилж тэтгэж байгаа нь тун цөөн. Голдуу л тэтгэврийн зээл авахуулан өөрсдийнхөө түмэн хэрэгцээг нөхнө. Залуудаа өмсөж байсан хээ нь арилж, өнгө нь гандсан цэмбэн пальто, ээтийж хуучирсан шаахайгаа өвөө нар өдөр тутамдаа өмсдөг. Дулаахан юм гээд пөөнөгөр пээлник эмээ нарт оногдоно. Хамгийн хямд, өнгө донж маруухан эд. Хөдөө бол сэмэрч гандсан дээл л байхад хувцасны хэрэгцээгээ хангачихна.

Энэ бол Монголын хөгшчүүдийн нийтлэг төрх. Тэтгэврээ үр хүүхдэдээ зориулдаг тэдэнд олигтой хувцас авах мөнгө байхгүй учраас хичнээн жил өмссөн хэдэн хувцсаа хаялгүй өмсөнө. Өөрсдөө ч, хүүхдүүд нь ч, ер нь хүн болгон хөгшин хүн гоёод яах юм гэсэн тогтсон ойлголт байдаг болохоор ийм байх ёстой мэт л байдаг. Хэн ч эмзэглэдэггүй, хэн ч анзаардаггүй. Ийм болохоор ахмадын баяраар нэг цуглахдаа тэд жигтэйхэн дуртай. Гарын бэлэг болгон өгсөн хямдхан аягаа төрийн одон авсан дайтай үзэж, бөөн баяр хөөр болно. Харахад элэг эмтэрмээр санагддаг юм. Магадгүй би гэсэн нэг өдөр, ийм аяга аваад баярлаж зогсох биз гэж бодохоор гунигтай, харуусалтай. Хөгширнө гэдэг амьдралын жам ч хөгширсөн хойноо хэнд ч тоогдохгүй амьдарна гэдэг аймшигтай юм.

Өнөөдөр манайд 310 мянган ахмад настай хүн байдаг. Тэтгэврээ тогтоолгосон хүмүүс гэсэн үг. Тэдэнд зориулсан ганцхан хууль байдаг нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль. Энэ хууль бас дотроо зөрчилдөөнтэй. Залуудаа ямар ажил хийж байснаар нь хөгшчүүдийг ялгаварладаг гэж шүүмжлэл дагуулдаг. Монголын ахмадын чөлөөт холбоо өнөө жил “Насаар ялгаварлахын эсрэг зогсоцгооё” гэсэн уриатай тэмдэглэхээр болсон тухайгаа мэдээлсэн байна лээ. Тэднийг маань хүмүүс сонсоосой. Ядаж ахмадаа хүндэлдэг болохсон. Тэднийгээ асарч тойлдог, сэтгэл амар амьдардаг болгоход тийм их хэцүү юм биш шүү дээ.

Барууны хөгжилтэй орнууд ахмадуудаа бөмбийтөл нь халамжилдаг. Тэдэнд зориулсан эмнэлэг, сувилал, өдөр өнжүүлэх, асрамжийн газрууд олноороо бий. Тэнд хөгшчүүд өдөржин хууч хөөрч, тоглож, зааж сургаж, асарч сувилуулж уйдах завгүй өнжинө. Үр хүүхэдгүй хөгшид бол тухайн асрамжийн газарт хувийн байр, хаусаа гэрээслэн үлдээдэг. Харин амьд ахуйд нь хөгшнийг сайн асрах үүрэгтэй. Асрамжийн газрынхан энэ ажлаа халтуурдахгүй, нөгөө ертөнцөд очтол нь хамгийн сайнаараа асарч сувилна. Хүүхдүүд нь ажил албатай бол өтөл настай аав, ээжээ өдөр өнжүүлэхэд өглөө өгөөд орой авна. Эсвэл долоо хоногийн сувилалд өгөөд амралтын өдрөөр гэрт нь авчирч хамт байцгаадаг. Харах, хандах хүнгүй ганцааранг нь орхидоггүй. Иймэрхүү ахмад настнуудаа харсан хууль эрхзүйн хамгаалалт их. Ер нь хүнийг хөгширлөө гэж хаядаггүй, улам л бөөцийлж хаацайлсаар байгаад ертөнцөөс үддэг. Ийм жишиг Монголдоо тогтоомоор байна. Хувийн хэвшлийнхэн зөвхөн ахмадуудад зориулсан амралт, сувилал, өдөр өнжүүлэх, асрамжийн газруудыг хэд хэдээр нь байгуулбал үйлчлүүлэх хүн лав олдоно. Төрөөс үйлчилгээ энэ тэрд нь бага зэрэг дэмжлэг үзүүлээд эхэлбэл аяндаа аав ээж, эмээ өвөөгөө хөтлөөд очих хүмүүс олширно. Алийн болгон хөгшдөө хөгшин нохой мэт орхих билээ дээ.

Монголчууд нүүдэлд тээр нэрмээс болдог гээд наян таваас дээш насалсан хөгшдийнхөө ам руу нь том уураг сүүл хийлгээд, араас нь шаант чөмөгний шагайтай үзүүрээр түлхүүлэн “бурхан болгодог” байсан тухай харгис домог бий. Домог болон яригддаг тийм цаг үе өнгөрсөн ч хөгшчүүддээ хөндий хүйтэн ханддаг хандлага нь хэвээрээ. Борнуурын Ахмадын асрамжийн газарт очихоор сэтгэл эмтрээд, хэдэн өдөр санаанаас гардаггүй гэж хүмүүс ярьдаг. Учир нь тэнд хүүхдүүд нь эцэг, эхээ аваачаад хаячихдаг юм. Эргэж очих, ач зээтэй нь уулзуулах тухай ойлголт байхгүй. Очсон хүн бүрээс хүүхдүүдээ сураглах тэр хөгшид залуудаа бидэн шиг л ажил хөдөлмөр эрхэлж, хань ижилтэйгээ үр хүүхдүүдээ өсгөн дуулж, шуугьж явсан байж таараа.

300 гаруй мянган хүн гэдэг бол маш хүчирхэг арми. Тэдний ажлын туршлага, үзсэн харсан дуулсан амьдралын хар ухааныг ашиглавал Монголын нийгэмд асар их хэрэг болно. Зөвхөн тэтгэвэртээ гарсан багш нар л гэхэд 32 000 хүрчээ. Ийм багш нарын чадварыг ашиглах юм бол хүүхдүүдийн сурлага сайжраад ирэх нь лавтай. Ийм бодлого, зохицуулалт хийж, хууль санаачилж одоогийн байгаа байдлыг өөрчилмөөр байна.

Өнөөдрийн ахмадын асуудал бол маргаашийн таны, бидний асуудал юм. Ирээдүй рүүгээ гар буугаар буудвал эргүүлээд тань руу их буугаар буудна гэдэг үгийг хэн хүнгүй мэддэг байх. Тэгвэл ахмадуудаа адалсан ард түмэн өөдөлдөггүй. Эцэг, эхийгээ өргөж асраагүй бол үр хүүхэд нь сайн явдаггүй гэдэг эртний үгтэй ард түмэнсэн бид.

Д.Оюунтуяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *