Categories
мэдээ нийгэм

“Ахмадын ачлал” хөтөлбөр хэрэгжүүлж байна

Дорнод аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Ахмадын ачлал” хөтөлбөр, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд долдугаар сарын 21-ний өдөр соёл, урлаг, спортын салбарын ахмадын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад Дорнод аймгийн Засаг даргын орогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа нар оролцлоо. Энэхүү арга хэмжээнд соёл, урлаг, спортын салбарын тэр дундаа Аймгийн төв номын сан, Музей, Хөгжимт драмын театр, Биеийн тамир спортын газар, сумдын Соёлын төвийн өндөр настнууд болон ахмад шатарчид, шатрын багш нар нийт 20 гаруй ахмадууд оролцож, нийгэм, цаг үеийн тухайд болон тус салбарын ахмад настнуудад үзүүлэх аливаа арга хэмжээ, хандах хандлага, тусламж дэмжлэг тааруу байдаг тухай хэлж санал бодлоо хуваалцлаа.

Мөн аймгийн хэмжээнд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар ахмадуудын үгийг залуу хойч үе, төрийн байгууллагуудад хүргэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажилладаг ажээ.

Өмнөх сард аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хөдөлмөрт бэлтгэх сургалтын төв”-д хувиараа үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч ахмад настнуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж оролцсон бөгөөд сар бүрийн уулзалтаас гарч буй санал, зөвлөмжүүдийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан, зохих арга хэмжээг шат шатандаа авч, бодлогын түвшинд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *