Гурван жил хэртэй үргэлжилсэн Яармагийн зам засварын ажил ерөнхийдөө
дууссан. Өргөн, түгжрэлгүй, аюулгүй замтай болсон нь тэр хавийнхны төдийгүй нийслэлчүүдийн
талархлыг хүлээгээд буй. Уг замыг “HKB” ХХК
барьж гүйцэтгэсэн. Тэд есдүгээр сарын 20-нд энэ замыг Улсын комисст хүлээлгэж өгөхөөр
төлөвлөж байжээ. Гэтэл уг замын хот руу орж ирдэг хэсэг буюу урд талын эгнээг бүхэлд
нь хаагаад дулаан, цэвэр, бохир усны шугам гаргана гээд хэд хэдэн газарт нь сэтэлж
байна. Үүнийг харсан иргэд “Гурван жил зовж зүдрэн байж хийсэн шинэ замыг яагаад
сэтлээд эхлэв ээ”, “Энэ замыг ашиглалтад хэзээ өгөх бол хэмээн хүлээж байтал одоо
юу болоод дахиад ухаад байна вэ. Хэзээ бид сайхан замаар явах юм бэ” хэмээн халаглаж
байна.
“HKB” компанийнхан Талбайн
инженер О.Цэвэлмаатай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.
-Танай
компани хэдэн оноос энэ замын ажлыг эхлүүлсэн билээ?
-2012 оноос энэ ажлыг эхлүүлсэн. Гурван жил дамнасан ажил л даа.
13.7 км зам. Одоогоор ажлын явц 90 хувьтай явж байна. Бид энэ сарын 20-нд замаа
улсад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ажлаа хүлээлгэж өгөхийн даваан
дээр барьсан замыг маань сэтэлчихлээ. Багаж техник авчраад сэтэлгээ хийх гэж байгаа
гэж дуулаад арай ч үгүй байлгүй дээ гээд итгээгүй. Хийгдээд дууссан замыг сэтэлнэ
гэж байхгүй дээ гэж бодож байсан. Тэгтэл дээрээс сайд дарга нар албан шаардлага
гаргаад сэтэл гээд баталчихсан юм билээ.
-Танай
барьсан замыг хэдэн хэсэгт сэтэлж байна вэ?
-Таван хэсэгт сэтэлчихсэн. Бид замаа сэтлүүлэх асуудлыг анхнаас нь
эсэргүүцэж, ийм шийдвэр гарсныг дуулаад ажил гүйцэтгэгчийн хувьд дуртай байгаагүй
л дээ.
-Шинэ
баригдсан замыг өдийд, газар хөлдөж байгаа үед сэтлэх нь ямар хор хохиролтой байдаг
юм бэ?
-Бид замаа норм дүрмийн дагуу барьсан. 2012 оноос эхлээд замаа барьж,
даланг нь л гэхэд үечлэх технологиор үе үеэр нь нягтруулсан шүү дээ. Гэтэл тэр сэтэлсэн
хэсгүүдийг буцаад дүүргэхэд байгалийн нягт нь хоёр, гурван жилийн турш нягтруулсан
чанарт хүрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ нөхөн сэргээлтийг нь хийж байгаа компаниуд
чанартай хийгээсэй гэж хүсч байна. Яагаад гэвэл манай компани энэ замыг комисс хүлээж
авснаас хойш гурван жилийн баталгаат хугацааг нь хариуцах юм. Ингэхээр манай компанийн
ажлын үр бүтээл энэ бүхэнд яригдах учир нөхөн сэргээлтийг нь сайн хийгээсэй. -Хэрвээ нөхөн сэргээлтийг
муу хийгээд замын тухайн хэсэг сууж эвдэрвэл хэн хариуцах юм бол?
-Бид тэр асуудлыг хариуцах боломжгүй шүү дээ. Улсын комиссынхон энэ
зам дээр ажиллах үеэр уг асуудлыг хөндөж ярина.
-Замын
ажил ид явагдаж байхад сэтэлгээний ажлаа хамт эхлүүлэхгүй яагаад ашиглалтад орсон
хойно нь ингэж байгаа юм бол?
-Төсөв мөнгө нь батлагдахгүй байсаар өдийг хүргэсэн юм шиг байна
лээ. Улсын ажил ямар ч уялдаа холбоогүй байгааг харуулж байна. Ядаж өнгөрсөн жил далангийн ажил хийж байх үед юм уу, үгүй юм аа гэхэд
хучилт авахаас өмнө ийм сэтэлгээ хийнэ гэж хэлэхгүй дээ. Гадаа хүйтэрч, ус хөлдөж
байгаа энэ үед замын ажил хийж байгаа нь баталгаатай харагдахгүй л байна.
-Шинэ замыг сэтлэхэд ямар сөрөг нөлөө гардаг вэ?
-Хучилтаа хийхдээ асфальт дэвсэгчээр
дагууд нь тасралтгүй хийдэг. Гэтэл тэрийг голоор нь хөрөөдөөд тэндээ асфальт залгахаар
ямар олиг байх вэ дээ. Өнгө үзэмжийн хувьд ч ямар харагдах билээ. Хэрвээ тэр залгасан
хэсэгт суулт өгвөл машин тэрэг явахад хүндрэлтэй болж, цаашлаад осол гарах магадлал
нэмэгдэж болзошгүй. Гэхдээ сайн нягтруулаад хучилтаа сайн хийвэл гайгүй байх гэлээ.
Сэтэлгээ хийж байгаа хэсгүүдэд
очиж ажлыг нь сонирхлоо.
Яармагийн дунд буудлаас эхлүүлээд
дээд аюулгүйн тойрог хүртэл таван хэсэгт сэтэлгээ хийж байна. Ямар учиртай сэтэлгээ
хийж байна вэ гэхээр Яармагийн замын урд талд буюу Богд уулын хормойд орон сууцны
хорооллууд барих юм гэнэ. Ирээдүйд баригдах барилгын сантехникийн асуудлыг нь эртнээс
шийдэж байгаа нь энэ аж. Сэтэлгээний ажлыг “Тэргүүн инвест” компанийнхан толгойлон
хийж байгаа бол нийслэлийн замын таван компани нөхөн сэргээлт, замын ажлыг хариуцан
туслан гүйцэтгэж байгаа юм байна.
Долоон метрийн гүнтэй урт хонгил ухчихаж. Дотор нь дөрвөн метрийн
өргөнтэй, гурван метрийн өндөртэй 50-70 метрийн урттай туннель суурилуулсан байна.
Тэр туннелиэр инженерийн шугам сүлжээг явуулах аж. Бэлэн болсон туннелиудыг шороогоор
хуччихаж. Усны машин зогсчихсон, жижиг оврын индүү шороог нягтруулж байгаа харагдана.
“Тэргүүн инвест” компанийн түр бааз дээр очлоо. Тус компанийн ерөнхий
инженер Ж.Баасанжав “Хүмүүс машиныхаа цонхоор толгойгоо гаргаад та нар юугаа гээчихээд
зам ухаад байна аа” гэж хашгираад байгаа гэсээр угтлаа.
Зам сэтлэх захиалгыг
Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам өгчээ. Засгийн газрын бүтээн байгуулалтын
зорилтот хөтөлбөрийн хүрээнд Эрчим хүчний салбарт 2014 онд хийгдэх ажлын жагсаалтад
Яармагийн замыг сэтлэх тухай орсон юм байна. Яармагаар ч зогсохгүй Сонсголонгийн
замыг нэг хэсэгт яг ингэж сэтэлчихсэн юм байна. Яармаг, Сонсголонгийн авто зам доогуур
нийт 360 метр, зургаан ширхэг нэвтрэх шугам барих аж. Одоогоор нэвтрэх шугамуудаа
замын нэг чиглэлд нь суурилуулчихсан юм байна.
Зам сэтлэх захиалгыг
өгсөн гол газар нь Эрчим хүчний Дэд бүтэц, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх нэгж юм
байна. Харин нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хаагуур нь яаж сэтлэх тухай
зураг төслийг нь гаргажээ.
Сонсголонгийн замыг сэтэлж суулгасан туннелийн ажил дууссан бол Яармагийн
зам доогуур тавих туннелийн ажил 65 хувьтай явж байна.
Энэ хавийг бүхэлд нь дулаанд холбох ажил өрнөж байгаа аж. ТЭЦ
IV, ТЭЦ III-аас татсан дулааны шугамууд ерөнхийдөө Яармаг руу ирсэн бөгөөд зам доогуур
гаргах туннелиэр тэр шугамыг Богд уулын хормой руу үргэлжлүүлэн татах юм байна.
Дулааны шугамаас гадна цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны шугамууд уг хоолойгоор
дамжих аж.
Яармагийн замын урд чиглэлийг сэтлэх ажил өнгөрсөн сарын 22-ноос
эхэлсэн бөгөөд өнөө өглөө дуусч байгаа бол үргэлжлүүлээд хойд талын замыг нь буюу
нисэх рүү явах чиглэлийг нь хаагаад сэтэлгээний ажлаа үргэлжлүүлнэ. Аравдугаар сарын
10 гэхэд энэ ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна.
Хан-Уул дүүргийн иргэн, өндөр настан Т.Нина “Яармагийн замыг гоё
болохыг үзсэндээ баяртай байлаа. Гэтэл сэтэлчихээр нь яасан их гайхсан гээч. Улсын
ажил яахаараа ийм уялдаагүй явдаг байна аа. Үйлээ үзэн байж барьсан замыг хэдэн
хүмүүс ирээд сэтлээд эвдчих юм. Сэтэлсэн зам ямар сайн байх вэ. Хөдөлмөрлөж үзээгүй
хүмүүс хүний хөдөлмөрийг ингэж үрэн таран хийдэг юм. Зам барихаас өмнө тэр хоолой,
шугамын ажлаа хийхгүй яасан юм” хэмээлээ.
Инженерийн шугам сүлжээ явуулах туннель барих ажил гүйцэтгэсний дараа
нөхөн сэргээлт, нөхөөсний ажлыг “HKB” компанийнхнаар хийлгэх санал тавьжээ. Тус
компанийнхан “Олон жил хийсэн ажлаа нүдэн дээрээ баллуулчихаад сэтэлснийг нь нөхөөд
зогсоно гэж юу байх вэ” хэмээгээд саналыг нь хүлээж аваагүй аж. Тиймээс “Тэргүүн
инвест” компанийнхан замын нөхөн сэргээлтийн хөрөнгийг нь нийслэлд буцаан өгсөн
юм байна. Нийслэл тэр мөнгөөр нь замын таван компаниар уг ажлаа гүйцэтгүүлж байгаа
нь энэ.
Засгийн газар бүтээн байгуулалт нэрийн дор олон ажил сэдэж, хийж
байгаа. Гэтэл нэг бүтээн байгуулалт нь нөгөөгөө үгүйсгэж байгаа мэт нэгийгээ сүйтгэж
байгаад иргэд дургүйцэж байна. Ашиглалтад өгөхөд бэлэн болчихсон, алаг эрээн шугамуудын
будаг нь ч хатаагүй байсан замыг сэтэлж байгаа энэ үйлдлийг ямар ч хүн хараад “Улсын
ажилд ямар ч уялдаа алга. Энэ бүхнийг зангиддаг хүн гэж байна уу” хэмээцгээж байна.
Г.ЛХАГВАДОРЖ