Categories
мэдээ нийгэм

Ажил хаясан бүгдийн цалинг нэмэх чадал Монгол Улсад бий юу?

Ажил хаясан бүгдийн цалинг нэмбэл манай эдийн засаг дороос нь өндийхгүй гэдгийг сэхээтнүүд мэдэж байгаа байх. Тэд ойлгож л байгаа. Гэсэн ч хусмаа чамласан хүүхэд шиг гудамжинд гарч жагсаад ажлаа хөсөр хаяж байна. Адаглаад ардын үрсийн үзэх нүд, сонсох чих нь болсон багш гэдгээ ухамсарладаггүй юм болов уу. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Багш” найраглалд хэлснээр

Багш та

Тус бүтээж

Даяныг тэтгээд

Хариу нэхдэггүй өглөгч биш бил үү гэж асуумаар.

Тэр дүүрч. Орчин цагийн зах зээлийн нийгэмд сурган хүмүүжүүлэгчдэд энэ юуны хамаа болсон бололтой. Мэдээж цалин хөлс муугаа бодохоор бахирмаар байгааг нь ойлгож байна. Цалин нь бага гэдгийг ч хүлээн зөвшөөрье. Ажлын хөлсөө нэмүүлэх нь зөв. Төр засаг ч нэмэх хэрэгтэй. Гэхдээ заавал ийм тарчиг үеэр ингэж давчдах хэрэг байна уу.

Өнөөдөр улс орны эдийн засаг сэхээнд байна. Монгол Улсад мөнгө алга. Хөрөнгө оруулалт бүр таг. Алдагдалд ороод байгаа төсөв, өсөөд буй долларын ханшаа яая гэж байна. Өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн ийм л нэг улс дотроо хий дэмий бужигнаж, улстөрчид нь хөл толгойгоо алдаж, засаг төрөөрөө оролдож сууна. Цалин багатай зовоод байгаа нь зөвхөн багш нар гэж үү. Монголчууд бүгдээрээ туйлдаж байна. Яавал хоногийн хоолоо тасалчихгүй байх вэ гэж толгой гашилгасан амьдрал буцалсаар. Бараагаа хичнээн хямдруулаад ч худалдан авагчгүй болсон хэдэн дэлгүүр, таван цаасны төлөө хүний нутагт боолын ажил горилсон мянга мянган залуусаас өөр зүйл Монголд бараг үлдсэнгүй.

Ийм хүнд үед цалин нэмэхийг төр засаг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Алийн болгон эвий минь хөөрхий минь гэж нялуурах вэ. Багш нарын цалинг нэмэх мөнгө Монгол Улсад байхгүй. Үнэн юм үнэнээрээ сайхан. Үгээр нь явж, хүлцэнгүй загнаад, байхгүй мөнгийг байлгахын төлөө зүтгэж, бэлэн мөнгө хэвлээд тараана гэвэл эдийн засаг бүр булшлагдана. Багш нарын цалинг нэмнэ гээд ам гарчихвал энэ үзэгдэл гинжин урвал шиг үргэлжилнэ. Эмч сувилагч нараас эхлээд хувийн хэвшлийнхэн, ажил хийдэг бүхэн цалин нэмүүлэх буухиа эхлүүлнэ.

Тиймээс төр эрс шийдэмгий хариулт өгч, энэ асуудалд цэг тавих хэрэгтэй. Жишээ нь эдийн засаг сэргэтэл эсвэл өрөө төлж дуустал цалин нэмэхгүй ч гэдэг юм уу. Хямрал дууссаны дараа цалин нэмнэ гэсэн ч яадаг юм. Нялуунаас шулуун нь дээр. Энэ бол цалин нэмэхийг эсэргүүцсэн хэрэг биш. Улс орноо хүнд байдалд орчихсон үед нэрмээс бололгүй, бүгдээрээ бүсээ чангалж, шүдээ зууж байж энэ хямралыг давмаар байна.

Яг үнэндээ эдийн засаг сэхэл авахгүй байгаа энэ цөвүүн цагт “цалин нэм” гэж зөрүүдлээд яваа багш нар юмны учир ойлгохгүйдээ биш. Засгийн газрыг огцруулж, эрх мэдлийн шинэ хуваарилалт хийх улстөрчдийн өдүүлсэн сендромуудын нэг үзэгдэл юм биш байгаа. Аав, ээжийгээ юу ч үгүй явахад харснаа авахуулах гээд орилчихдог эрх хүүхэд шиг аашлах багш нарын үйлдэл эцэстээ ийм л хардлага руу түлхэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *