Categories
мэдээ нийгэм

Ажил хаялтаа “түр” хойшлуулжээ

-“Автобус 1” ОНӨҮГ-ын удирдлагууд жолооч, кондукторуудын үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн тул тэд ажил хаялтаа түр хойшлуулжээ-

Нийтийн тээврийн жолооч, кондукторууд өнөөдөр 06.00 цагт хуучнаар Автобус-1 компанийн хашаанд ажил хаялт зарлах талаар үйлдвэрчний эвлэлийн хорооноос нь мэдэгдсэн. Харин жолооч, кондукторууд ажил хаялтаа ирэх баасан гариг хүртэл буюу гурван хоногоор хойшлуулахаар шийдэж, өнөөдөр ажилдаа гарлаа. Учир нь “Автобус 1” ОНӨҮГ-ын удирдлагууд жолооч, кондукторуудын үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн тул ажилчид ажил хаях шаардлагаа эргэн харахаар болжээ. Мөн “Автобус 2”, “Автобус 3” ОНӨҮГ-уудын удирдлагууд ч мөн цалинг тодорхой хэмжээгээр нэмэхийг ажилтнууддаа амалсан гэнэ.

Жолооч кондукторуудын зүгээс цалинг 35-аас доошгүй хувиар нэмэхийг шаардаж байгаа тул талууд ирэх баасан гаринт эцсийн тохиролцоод хүрэхээр болж ийнхүү ажил хаялт хойшилжээ.

“Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” баазын ажилтнуудын зүгээс тарифын хэлэлцээрийг мөрдөхийг шаардаж байгаа. Энэхүү хэлэлцээрт ажилтнууд цалингийн 70 хувь үндсэн, 30 хувь нь шагналт цалин байх ёстой гэж заасан. Гэтэл одоо цалингийн 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин болчихсноос ажилтнууд хохирч байна. Орлогын төлөвлөгөөг биелүүлэхгүй бол 60 хувийн цалин авахгүй байна. Одоогоор автобусны жолоочид 1.1 сая төгрөг, кондуктор 700 мянган төгрөгийн дундаж цалинтай байгаа. Тиймээс цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна” “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Гэрэлчулуун хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *