Categories
мэдээ нийгэм

Ажил хаялт үргэлжилж байна

Цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан нийтийн тээврийнхний ажил хаялт үргэлжилсээр байна. Тодруулбал, “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” гээд төрийн өмчийн компанийн жолооч, кондукторууд үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг нийслэлийн удирдлагууд, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаас шаардаж энэ сарын 25-наас ажил хаяж эхэлсэн. Талууд ямар нэгэн шийдэлд хүрээгүй учраас өнөөдөр ч ажил хаялт үргэлжилж байгаа аж. Ажил хаялтын зохицуулагч хийж байгаа гэх Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа ярихдаа “Биднийг тоож байгаа хүн нэг ч алга. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзах хүсэлт тавьсан ч хүлээж авахгүй байна. Одоогийн байдлаар жолоочийн нэг цагийн хөлс 2500, кондукторынх 1900 төгрөг байгаа. Энэхүү хөлсийг 4000, 5000 төгрөг болгохыг ажилчдын зүгээс хүсээд байгаа юм. Энэ шаардлагыг биелүүлтэл ажил хаялт үргэлжилнэ. 1500 гаруй ажилтны 1200 орчим хүн ажил хаялтыг дэмжиж байгаа. Дэмжихгүй байгаа нөхөд нь захиргааны албаны хэдэн ажилтан. Бид зорилгодоо хүрч байж л ажлаа хийнэ гэж жолооч, кондукторууд үзэж байгаа. Цалин нэмнэ гэх сургаар ажил хаялтаа зогсоож, ажилласаар байгаад хүмүүс ямар ч итгэлгүй болсон байна. Тиймээс л ийнхүү ажил хаяж байна гэсэн юм” гэлээ.

Харин “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын дарга Ц.Одонтунгалаг “Тарифын хэлэлцээрийн дагуу цалинг нэмэгдүүлэхэд жилдээ 3-5 тэрбум төгрөг шаардагдана. Улсын эдийн засаг хэцүү байгаа энэ үед таван тэрбум төгрөгийг гаргахад хүндхэн. Цалингаа нэмэхийг шаардсан болгонд төсвөөс таван тэрбумыг гаргаад байвал бас л хэцүү. Ингэж нэмбэл эмч, багш нар мөн хэрхэхийг хэлэхэд бэрх. Гэхдээ ажилчдын тавьсан шаардлагыг нийслэлийн удирдлагуудад уламжилсан” гэж мэдэгдээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *