Энэ жил зургаан аймгийн төв
Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох юм. Өөрөөр хэлбэл,
Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай аймагт багтжээ.
Завхан, Говь-Алтай аймгийн чиглэлийн
авто замын ажлыг концессийн гэрээгээр хийхээр шийдвэрлэсэн бол бусад
аймгийн авто замын ажлыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа юм. Эдгээр
аймгийн төвүүдийн замын ажил өнгөрсөн хавар эхэлсэн байна. Улсын хэмжээнд хийгдэж
буй замын бүтээн байгуулалт, засвар арчлалтын ажлын явц, гүйцэтгэлийг Зам,
тээврийн яамны Авто замын газрын дарга Р.Ононгоос тодрууллаа.
Дорнод
Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 288 км
замын барилгын ажил хийгдэж байгаагаас одоогийн байдлаар 50 гаруй км авто замын
ажил бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Харин 143 км
замын гүйцэтгэгч компани шалгарсан боловч шаардлага хангаагүйн улмаас дахин
гурван компанийг шалгаруулж, замыг хуваан өгчээ. Эндээс 50 км замын хучилт
хийгдсэн байгаа бол 57 км замын авто замын хучилт хийгдэж байгаа бөгөөд
есдүгээр сард дуусах гэнэ. Мөн Чойбалсан хотын төвд 10 км авто замын ажил
хийгдэхээс 6,5 км замын санхүүжилт дутуу байсныг саяхан Засгийн газар
шийдвэрлэж 1,9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор болжээ. Энэ зам есөн
метрийн өргөнтэй бөгөөд ус зайлуулах шугам, явган хүний зам, гэрэлтүүлгийг
хамтад нь шийдвэрлэх үүднээс ийнхүү 1,9 тэрбум төгрөгийг дахин хуваарилсан аж.
Улаанбаатар-Чойбалсан чиглэлийн замын барилгын гүйцэтгэл 70-90 хувьтай яваа аж.
Хөвсгөл
Улаанбаатар-Мөрөн чиглэлийн 253 км
авто замын барилгын ажил хийгдэж байгаагийн 108 км замын ажил дууссан байна.
Үүний 29 км нь Улаанбаатар талаас, Мөрөн талаас 79 км замын ажил хийгдсэн аж.
Одоогоор 137 км замын барилгын ажил хийгдэж байгаа бөгөөд хэсэг бүрт гүйцэтгэл
харилцан адилгүй 30-70 хувьтай яваа юм байна. Зарим хэсэгт замын барилгын ажил
хожуу эхэлсэн нь ажлын гүйцэтгэлд нөлөөлж байгаа аж. Гэхдээ төлөвлөсөн ёсоор
энэ чиглэлийн замын ажил аравдугаар сард дуусах боломжтой байгаа бололтой.
Өмнөговь
Улаанбаатар-Өмнөговь чиглэлд энэ жил
400 км авто зам тавьснаар энэ аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар
бүрэн холбогдох юм. Тэгвэл энэ чиглэлийн ажил нэлээд ахицтай яваа юм байна.
Тухайлбал, 263 км замын барилгын ажил бүрэн дуусаж, үлдсэн хэсгийн барилгын
ажлын гүйцэтгэл гайгүй явж байгаа аж. Энэ чиглэлийн зам наймдугаар сард хучилт
нь хийгдэж дуусаж, есдүгээр сард засварын ажлыг хийснээр ашиглалтад өгөх аж.
Сүхбаатар
Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 177
км автозамын барилгын ажлыг үндэсний хоёр компани гүйцэтгэж байна. Уг хоёр
компани 45 км, 132 км-аар нь хуваан авсан бөгөөд 45 км замынх нь далангийн ажил
дуусч, хучилтаа эхлүүлсэн байна. 132 км зам барьж буй компани 40 гаруй км замын
хучилтыг хийгээд байгаа юм. Уг замын ажил 10 дугаар сард дуусч, 11 дүгээр сарын
1-нд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Энэ жил 22,6 тэрбум төгрөгийг
ашиглалтад орсон болон ашиглагдаж байгаа авто замын арчлалт засварт
зарцуулахаар улсын төсөвт суулгажээ.
Ер нь, жил бүр замын арчлалт засварт
тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөгддөг ч улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 4700
км хатуу хучилттай авто замд хүрэлцдэггүй аж. Зарим жил байгаль цаг уурын
нөлөөллөөс зам ихээр эвдрэх байдал ч бас байдаг байна.
Энэ жилийн автозам засварын ажлын
төлөвлөгөөнд Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Лүн, Улаанбаатар-Арвайхээрийн
чиглэлийн замууд багтжээ. Төмөр хүлэгтнүүдийн хувьд багагүй бэрхшээлтэйгээр
туулдаг дээрх чиглэлийн замын засвар арчлалтын ажилд Хөгжлийн банкнаас 17,6
тэрбум санхүүжилтийг хийхээр болжээ. Мөн энэхүү санхүүжилтэд
Улаанбаатар-Зуунмод чиглэлийн замын засвар ч багтсан байна. Гэхдээ одоогоор
засварын ажлыг гүйцэтгэх компаниуд тодроогүй байгаа аж.
Эх сурвалж: “Ган зам”