Categories
мэдээ цаг-үе

Аймгийн заан О.Түмэн: Удмаа дуурсгаж улсын цол авахыг зорьж байна


Наадмын сорилго барилдааны түрүү бөх, аймгийн заан О.Түмэн, үзүүр бөх улсын заан Б.Соронзонболд нар

“Увс нуур” галын наадмын сорилго барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм. Барилдаанд улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс нараар ахлуулсан 64 бөх зодоглож Увс аймгийн Тэс сумын харьяат “Арвижих Увс” компанийн бөх аймгийн заан Очирбатын Түмэн түрүүлжээ. Түүний хувьд бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбат, тавын даваанд улсын аварга Н.Батсуурь нарыг өвдөг шороодуулсан юм. Залуу хүчтэнтэй хөөрөлдсөнөө хүргэе.


-Улсын наадмын түрүү тодордог “Увс нуур” галын наадмын сорилго барилдаанд түрүүллээ. Танд баяр хүргэе.

-Баярлалаа. “Увс нуур” галын наадмын сорилго барилдаан сайхан боллоо. Бөхчүүдийн маань бэлтгэл сургуулилт жигдэрсэн байгаа. Миний хувьд аварга, арслангууд ахалдаг энэ том галын сорилго барилдаанд түрүүлнэ гэж санасангүй. Үлгэр дуурайл авдаг ах нартайгаа сайхан барилдаж наадмын сорилго барилдаанд түрүүллээ. Н.Батсуурь, С.Мөнхбат гээд аварга ах нарыг өвдөг шороодууллаа, сэтгэгдэл өндөр байна. Залуу бөхийн тухайд их урам зориг авлаа. Өнгөрсөн жил энэ галын сорилго наадамд Н.Батсуурь аварга түрүүлж, П.Бүрэнтөгс арслан үзүүрлэж байсан.

-Наадмын чимэг аваргуудыг өвдөг шороодуулжээ. Хөл хорионы үед бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаав?

-Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш заалтны барилдаан зохион байгуулагдсангүй. Хөл хорионы үед бол хөдөө гэртээ байсан. Адуу малтай ноцолдоод л биеэ чангаруулж байлаа. Хүчний бэлтгэл түлхүү базаасан. Наадам болох сургаар хот руу ирж “Увс нуур” галдаа бэлтгэлд гараад байна. Манай галынхан зургадугаар сарын 12-ноос бэлтгэлдээ гарсан. Энэ жилийн тухайд галын ерөнхий дасгалжуулагчаар дархан аварга Х.Баянмөнх, үндсэн дасгалжуулагчаар улсын аварга О.Балжинням, туслах дасгалжуулагчаар улсын заан О.Одгэрэл нар ажиллаж байна. Аварга, арслангуудын үнэ цэнэтэй үгийг сонсож, зөвлөгөөг нь дагаж бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байна.

-Өнгөрсөн намрын барилдаануудад ямар амжилттай барилдсан бэ?

-Өнгөрсөн жилийн тухайд миний бэлтгэл сургуулилт сайн байсан шүү. Аймаг цэргийн цолтнуудын намрын улирлын нээлтийн барилдаанд их шөвөгт шалгарч түрүү бөх аймгийн арслан Б.Зоригтбаатарт өвдөг шороодсон. Сүүлд нэгдүгээр сард дахин их шөвөгт шалгарсан. Заалны барилдааныг болж өгвөл алгасахгүйг хичээдэг юм. Бэртэл гэмтэлгүй байсан учраас сайхан барилдсан.

-Та энэ жил улсын наадамдаа барилдах төлөвлөгөөтэй байна уу?

-Уул нь улсын наадамд барилдчихмаар байна. Гэхдээ багш нар “Ирэх жил 100 жилийн ойгоор 1024 бөх барилдана. Энэ жилдээ аймгийн наадамд барилдаад арслан болчих. Ирэх жилийн наадмаар барилдахад оноолтод чинь хэрэгтэй” гэж зөвлөж байна лээ. Багш нарын зөвлөснөөр шийдэж Дундговь аймгийн наадамд барилдахаар бүртгүүлсэн. Харин бүртгэж авчихаад сүүлд гадны бөх барилдуулахгүй шүү гэж байгаа сураг дуулдсан. Үнэхээр тийм бол барилдах наадамгүй хоцрох гээд байна. Битүүхэн айдас төрж л байна. Арай ч ингэж залуу бөхчүүдийн эрх ашгийг хохироохгүй байлгүй дээ гэж найдаж байгаа. Уул нь 21 аймаг, есөн дүүрэг бүгд л Монгол нутаг дэвсгэр биз дээ. Бөх хүн хаана ч очоод барилдахад нээлттэй л баймаар юм. Нэг талаараа хүний эрхэд бүдүүлгээр халдаж байгаа асуудал биз дээ. Өөрийн аймгийн цөөхөн бөхийг хооронд барилдуулаад цол чимэг олгодог ийм явцуу асуудал байж болохгүй. Гадны аймгийн бөх барилдуулахгүй гэж явцуу бодлого гаргаж байгаа аймгийн бөхийн холбоодыг МҮБХ-ноос анхааралдаа авч асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсч байна. МҮБХ бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан зөв шийдвэр гаргах байх. Аймгийн наадмыг улсын наадамтай нэг өдөр зохион байгуулж байгааг дэмжиж байгаа. Эн тэнцүү бөхчүүд сайхан хүч үзээд хэн чадалтай, хэн илүү хөдөлмөрлөсөн нь цол авна. Үзүүштэй гоё барилдаанууд гарах байх.

-Энэ жил үзэгчгүй наадам болох нь. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Цар тахал дэгдээд буй энэ хүнд үед бөхчүүдийн эрх ашгийг хангаж наадмаа хийж байгаад сэтгэл хангалуун байна. Орон нутгийн наадам үзэгчтэй явагдах юм билээ.

-Ирэх жил 100 жилийн том ойн баяр наадам тохионо. Таны хувьд дотроо бодсон зүйл байгаа л байх…

-Би өөрийгөө азтайд тооцдог юм. Миний ид барилдаж байх үед энэ том ойн наадам тохиож байна. Энэ том боломжийг алдалгүй ашиглаж улсын цол хүртэж нутгийн олноо баярлуулах зорилго тээгээд бэлтгэлээ чин сэтгэлээсээ базааж байна даа.

-Өнгөрсөн жил Увсын наадамд Түмэнг түрүүлнэ гэж таамаглаж байсан ч талаар болсон. Түрүүлчихээр хэмжээнд барилдаж байсан шүү дээ. Ямар алдаа гаргав. Ямар дүгнэлтэд хүрэв?

-Аймгийн наадамд дөрвөн жил барилдлаа. Эхний хоёр жилд нь бэртэл гэмтлийн асуудлаас шалтгаалаад санасандаа хүртэл бэлтгэл сургуулилт хийж чадалгүй барилдаад унасан. Харин сүүлийн хоёр жилийн тухайд цэвэр өөрийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж өвдөг шороодсон. Өнгөрсөн жил дөрвийн даваанд аймгийн начин Т.Төгсжаргалтай оноолт таарч барилдаад унасан. Алдаа оноогоо багш нартайгаа зөвлөсөн байгаа. Энэ удаа алдаагаа давтахгүйг хичээж байна.

-Анх 2015 онд бүх цэргийн наадмаар шуугиулж сайн барилдаж байсныг тань мэдэх юм…

-Тэр барилдааны өмнөх өдөр нь сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд одоогийн улсын начин Д.Цэрэнтогтохтой үлдэж үзүүрлэж байлаа. Маргааш нь бүх цэргийн наадам болох сургаар цүнхээ үүрээд Бөхийн өргөө орлоо. Гайгүй барилдчихаж болмоорч юм шиг санагдаад. Гурав даваад дөрвийн даваанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал ахад унасан. Тэр ирэн дээрээ нутгийнхаа наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн. Тэр жил бэлтгэл сайн байсан шүү.

-Ямар бөхчүүдээс үлгэр дуурайл авч бэлтгэл сургуулилтаа базааж байна вэ?

-Улсын арслан Б.Ганбат ахаас үлгэр дуурайл авдаг юм. Даруу төлөв зантай мөн ч сайхан бөх шүү дээ. А.Сүхбат, Г.Өсөхбаяр зэрэг дархан аваргуудтай нэг үед хүчтэй өрсөлдөж улсын наадамд түрүүлсэн мундаг бөх. Мөн улсын гарьд Ө.Бат-Орших ахын эрэмгий дайчин барилдааныг үзэх дуртай. Гарьдын барилдаанаас сурах зүйл их байгаа. Мөн Булганы жижиг Амарсайхан начинг их хүндэлж, үлгэр дуурайл авдаг. Тэр жижиг биед баймааргүй элдэвтэй барилддаг авьяастай бөх. Энэ мэт олон сайхан бөхчүүдээс суралцаж цэх шулуун явахыг боддог.

-Та бөхийн удамтай юу?

-Удам бий. Аавын минь талд Төмөрийн Артаг гэж улсын начин цолтой хүн байсан. 1968 оны Мехикогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдааны төрөлд хүрэл медаль хүртэж байсан мундаг бөх байлаа.

-Ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Удмаа дуурсгаж, улсын цол хүртэж Увс нутгийн зон олноо цэнгүүлэхийг л зорьж хичээж явна. Улсын цол хүртээд дэвж байх юмсан гэж мөн ч их бодох юм.

-Улсын цол өөрт тань хэр хол харагдаж байна вэ?

-Хичээж хөдөлмөрлөсөн хүнд зүлэг ногоон дэвжээ ивээлээ хайрладаг. Үүний амьд жишээ нь аварга, арслан ах нар маань юм даа. Эднийгээ залгаж улсын том цол авах зорилго өмнөө тавиад хөдөлмөрлөж байна.

Нэгэнт л бөхийн спортод бүх зүйлээ зориулж байгаагийнх том цолд л хүрэх зорилго тавьсан байгаа. Болох байлгүй дээ.

-Улсын наадамд барилдаж амжсан уу?

-2016 оны улсын наадамд барилдсан. Хоёр даваад Говьсүмбэрийн аймгийн арслан Т.Пүрэвсүрэнтэй тунаж барилдаад өвдөг шороодсон. Барилдаан удааширч шоо хаяхад Пүрэвсүрэнгийн талаар бууж барьц сонгуулсан.

-Таны төрсөн нутаг Тэс сумаас улсын цолтой олон бөх төрсөн байдаг. Нутгийнхаа талаар ярихгүй юу?

-Сайхан нутаг шүү. Зундаа 40 гаруй градус хална. Өвөлдөө тэр хэмжээнд хүйтэрдэг. Ийм л байгалийн эрс тэс уур амьсгалтай нутгаас улсын цолтнууд олноор төрсөн байдаг. Энэ нутгийн хүн зон нь ч тэвчээртэй, хатуужилтай байдаг.

-Бидний яриа энд хүрээнд өндөрлөж байна. Хүссэн цолондоо хүрч сайхан наадаарай.

-Баярлалаа. Монгол түмэндээ, Увс нутгийнхандаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье. Нийт бөхчүүддээ хүссэн цолондоо хүрч сайхан наадахын ерөөл дэвшүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *