Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ай түүлс” компанийн үүсгэн байгуулагч А.Баттамир: Орчин үед өгөгдөл, дата мөнгөнөөс ч үнэ цэнтэй болсон

А.Баттамир Компьютер техник менежментийн сургууль төгссөн. Үндсэн мэргэжил нь программ хангамж. “Айтүүлс” саяхан Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, урьд хийгдэж байсан IPO-нүүдийн амжилтыг шинэчлэн тогтоолоо” хэмээн мэдээлэгдсэн билээ. Мэдээллийн технологийн ирээдүй, энэ технологийг ашиглан хэрхэн амжилттай бизнес хийх, “Айтүүлс”-ийн шинэ үйлчилгээний нэг хэсэг болсон “Клоуд майнинг” үйлчилгээ, блокчэйн технологийн тухай яриач хэмээн түүнээс хүссэн юм.

А.Баттамир ийнхүү ярьж байна:

-Өнөөдөр мэдээллийн технологи чухал. Урьд нь мөнгөтэй хүнд хүч байсан бол одоо өгөгдөл, дататай хүн хүчтэй цаг үе ирж байна. Өөрөөр хэлбэл, мэдээлэлд суурилсан шийдвэрүүд, мэдээлэлд суурилсан баялаг бий болчихсон. Дата нь үйл ажиллагааны автоматжуулалтаас үүсдэг. Бид автобусанд суугаад карт уншуулж байна. Банкинд карт уншуулах, дэлгүүрт бараа худалдаж авах болгонд өгөгдөл, датаг үйлдвэрлэдэг юм. Тэр байтугай гудамжаар явж байхад л камерын бичлэгээр өгөгдөл, дата үйлдвэрлэдэг. Дэлхий дээр одоо нийт дөрвөн зеттабайт буюу бидний мэдэх нэг терабайт хэмжээг дөрвөн тэрбумаар үржүүлсэнтэй тэнцүү хэмжээний дата үүссэн байна. Энэ нь өгөгдөлд суурилсан шинэ төрлийн бизнесүүдийг бий болгосон. Орчин үед энэ их өгөгдөлгүйгээр бизнес урагшлахад хэцүү боллоо. Зөв ашиглаж чадсан нь амжилт олдог тул өгөгдөл дата, асар үнэ цэнтэй болчихоод байгаа юм.

АЛТНААС ҮНЭ ЦЭНТЭЙ ДАТАГАА БИД УЛААНБААТАР ГЭДЭГ ГАНЦХАН САГСАНД ХИЙГЭЭД БАЙНА

Би нэг жишээ хэлье. Шинэ Зеландад 2011 онд хоёр удаа газар хөдөлсөн. Энэ үеэр хүмүүс үрэгдэж, байшин барилга нурж, 6000 бизнес дампуурсан. Тэд яагаад дампуурсан гэхээр өгөгдөл, датагүйгээс болсон. Өөрөөр хэлбэл, харилцагчийн мэдээлэл байхгүй, өнгөрсөн хугацааны борлуулалтын түүхгүй, ирээдүйн шинжилгээ хийх аргагүй болсон. Санхүү, бүртгэл бүгд датанд суурилдаг.

“Ай түүлс”-д Монголд байршиж буй вэб сайтын 50 хувь нь ажилладаг. Зөвхөн вэб сайтаар зогсохгүй олон компанийн лояалти картын систем, төлбөрийн систем бий. “Ай түүлс”-ийн дата центр 30 минут зогсоход маш их асуудал үүснэ. Дата гэдэг ийм үнэ цэнтэй. Энэ мэтчилэн Монголд маш их хэмжээний дата бий болчихсон. Нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатарт байна. Бүх том бизнесүүд төвлөрчихсөн. Үүнийг дагаад датагийн төвлөрөл Улаанбаатарт бий болчихоод байна. Хөрөнгө оруулалтын алтан зарчим бий. Нэг сагсанд бүх өндгөө хийж болохгүй гэдэг. Алтнаас үнэтэй датагаа бид Улаанбаатар гэдэг ганцхан сагсан дотор хийчихээд байна. Та төсөөлөөд үз. Төв шуудангаас Монгол банк орчмын хоорондох хэсэгхэн газарт Монгол Улсын маш их мэдээлэл төвлөрсөн. Төв шууданд цахилгаан холбоо, мэдээлэл холбооны сүлжээ, Монголын шилэн кабелийн сүлжээний төв бий. Хойд талд нь Хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээлийн мэдээлэл байна. Баруун талд нь Жи мобайль, Мобиком байна. Тэгээд Улсын бүртгэлийн дата төв байна. Баруун талд нь Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, зүүн тийшээ явахаар “Ай түүлс” бий.

Монголд далайн шуурга, цунами байхгүй. Гэсэн ч Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхтэй бүст ордог. Гамшгийн эрсдлийн бүсэд бүгд цуглачихсан. Бид байхгүй боллоо ч өгөгдөл дата нь үр хүүхдэд маань үлдэх ёстой. Тийм учраас “Ай түүлс” Дарханд дата центр барина. Усанд чулуу шидэхэд долгион тархдаг шиг газар хөдлөлт адилхан зарчимтай. Газар хөдөлсөн бүсээс 180 км-ийн цаана эрсдэлгүй болдог. Монголын нөхцөлд эрсдлийн өөр бүс гэхээр Дархан тохиромжтой. Сайн дэд бүтэцтэй. Бас ойрхон. Өөрийн цахилгааны эх үүсвэртэй. Хятад, Оросыг холбосон шилэн кабель дайрч өнгөрдөг. Төмөр замтай. Ийм боломжууд байгаа учраас бид Улаанбаатарт байгаа датагаа Дарханд аваачиж нөөцлөх хэрэгтэй байна. Бид өгөгдөл, дата дээр бага ч гэсэн хамгаалалт хийлээ. Тэгвэл одоо үүнийгээ боловсруулж сурах хэрэгтэй. Манайд үйл ажиллагааны автоматжуулалт сайн явагдаж, дата үүсч байгаа ч өгөгдөл, датагаа үнэлж, ашиглаж чадахгүй байна.

БИД ӨДӨР БҮР ФЭЙСБҮҮК АШИГЛАХДАА ӨГӨГДӨЛ, ДАТАГАА АШИГЛУУЛДАГ

Хамгийн өндөр үнэлгээтэй дэлхийн арван компанийн найм нь мэдээлэл технологийнх байна. Тэд өгөгдөл, датан дээр суурилж энэ өндөр үнэлгээг бий болгодог. Энэхүү найман компанийн эхний тав нь бидний мэддэг Гүүгл, Майкрософт, Фэйсбүүк, Аппле, Амазон. Бидний өдөр тутам хэрэглэдэг фэйсбүүк датан дээрээ суурилж мөнгө хийдэг. Өөрөөр хэлбэл бид өдөр бүр фэйсбүүк ашигладаг. Гэтэл өөрсдөө бид өгөгдөл датагаа ашиглуулж байгаа гэсэн үг. Бидний найз нөхөд хэн бэ, юу сонирхдог вэ, юун дээр лайк дарж байна, хоорондоо ямар мессеж бичиж байна. Энэ болгон дээр чинь судалгаа хийнэ. Өмнө нь өгөгдөлтэй ажиллах хэцүү байсан. Одоо бол хиймэл оюун хүний зан үйлийг судлах хялбар болжээ. Бид юунд дуртайг тэд мэднэ. Таньдаг байж магадгүй гэсэн хүмүүсийг санал болгоод сүлжээг өргөтгөдөг. Өмнө нь телевизийн зар сурталчилгаа хамгийн үр дүнтэй байсан бол одоо яг хүндээ чиглэж, маш бага зардлаар оновчтой сурталчилгаа хийх боломжтой.

Интернетийн бус компани гэвэл Уолл Март дэлгүүр байна. Уолл Март интернэт худалдаагаа салбар дэлгүүр гэхээсээ мэдээлэл цуглуулах хэрэгсэл гэж үздэг. А.Баттамир Уолл Мартын сайт руу орлоо. Оронгуут Монголоос ийм компьютер ашиглаад, ийм хүн холбогдлоо гэдэг мэдээлэл шууд очно. Би утас авах гэж байлаа гэхэд эхлээд самсунгийн утас үзлээ, зураг, үзүүлэлтүүдийг нь харлаа. Дараа нь аппле үзлээ, сонголоо.Тэгээд ямар дагалдах хэрэгсэл сонгож, ямар төлбөрийн хэрэгслээр тооцоо хийсэн бүх мэдээллийг цуглуулж аваад, түүндээ анализ хийнэ. Олон хүний ийм мэдээллийг цуглуулсны дараа дэлгүүрийнхээ стратегийг тодорхойлохдоо ашигладаг. Тухайлбал, Монголоос орсон хүмүүс аппле сонирхдог юм чинь эхлээд аппле харуулчихъя гэх мэтээр шийддэг. Энэ өгөгдөл өөрөө үнэ цэнийг бий болгодог. Монголд энэ алга. Үүнийг бид дата, дата анализ гээд янз бүрээр нэрлэдэг. Дүгнэж хэлбэл өгөгдөл, датагаа ашиглаад, яаж хамгийн бага зардлаар зөв шийдвэр гаргаж, хамгийн их ашиг олох вэ гэдэг ганцхан зорилготой. Манай хүмүүс дата анализ чиглэлээр мэргэшиж байгаа.

Жишээлбэл лояалти картын системүүд манайд байршдаг. Үүнийг бид шууд авч хэрэглэж болохгүй. Энэ компаниудтай гэрээ байгуулаад бид өгөгдөл, дата дээр чинь боловсруулалт хийж өгье гэж болно. Монголд и-баримт татварын суурийг нэмсэн сайн алхам болсон. Далд эдийн засгийг ил гаргаж байна. Энэ мэдээллийг ашиглах ёстой. Жижиг, том бүх бизнест зах зээлийн судалгаа хэрэгтэй. Арвангуравдугаар хороололд дэлгүүр нээх гэж байгаа хүн тэр хавийн хүмүүс юу хэрэглэдгийг мэдэх хэрэгцээ бий. Энэ судалгааг сайн хийвэл тээвэр ложистик сайн хөгжинө. Монголд и-баримтыг нээлттэй болгох хэрэгтэй. Мэдээж А.Баттамир ийм юм худалдаж авдаг гэж зарлаж болохгүй шүү дээ. Гэхдээ гучаас дөчин насны эрчүүд ийм юм худалдаж авдаг гэдэг мэдээлэл том, жижиг бүх бизнест хэрэгтэй. Үүнийг дэлхийд нээлттэй дата гэдэг юм.

ДАТА ХАДГАЛАХ ШИНЭ БИЗНЕСИЙН ХУВЬД МОНГОЛ, ШВЕЙЦАРИАС Ч ДАВУУТАЛТАЙ

Дэлхийд нэг шинэ бизнес бий болоод байна. Өгөгдөл, датаны хувьд Монголд шинэ боломж бий. Швейцарид дэлхийн нийт мөнгөний багагүй хувь нь хадгалагддаг. Түүний 96 хувь нь дата төвд байдаг тоо болсон. Тиймээс Швейцарь дата төвийг хамгаалдаг Өгөгдөл хамгааллын хууль баталсан. Тэнд маш олон бизнесүүд датагаа хадгалуулдаг. Хятадын Чайна мобайль Швейцарид датагаа хадгалуулдаг. Өвөрмонголд хамгийн том дата төв барьсан газар шүү дээ. Хятад даяар олон дата төвтэй. Хятадын бизнесүүд улс дотроо датагаа олон хувилж хадгалахаас гадна бусад улсуудад хадгалуулах болсон. Гэтэл Монгол Швейцариас давуу талтай. Газарзүйн байршлын хувьд аюулгүй. Хоёр хөршийн дунд оршдог Монгол Улс дата төвийн хувьд хамгийн чухал бүс. Биднийг хоёр том хөрш 24 цагийн турш маш сайн хамгаалж байгаа гэсэн үг.

Бидний хэрэглэдэг гар утас, компьютерээс авахуулад серверүүд ч бүгд адилхан. Нийт хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчнийхээ нэгээс бага хувийг тооцоололдоо ашиглаад, 99-өөс илүү хувь нь дулааны энерги болдог. Утсаа их хэрэглэхээр халдаг шүү дээ. Хөргөхгүй л бол утас, компьютер серверүүд бүгд л шатдаг. Нэг киловаттын цахилгаан хэрэглэж байгаа серверийг хөргөхийн тулд нэг киловаттын хөргүүр хэрэгтэй. Харин халуун оронд бол нэг сервер ажиллуулахын тулд хоёр дахин их цахилгааны мөнгө төлдөг. Монголд хүйтэн сэрүүн уур амьсгалтай. Үүнийгээ ашиглавал хөргөлтийн системийн цахилгааны хэрэглээг 80 хүртэл хувь бууруулах боломжтой. Монголын цахилгаан дэлхийн бусад орнуудаас хямд. Тэгсэн мөртлөө цахилгааны хэрэглээг бууруулах боломжтой учраас маш хямд дата төвийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Мөн блокчейнд суурилсан крипто валют олборлогчдын хамгийн сайн байршил гэсэн үг. Бидэнд өгөгдөл хадгалдаг бүс болох ирээдүй байна. Энэ бол маш чухал экспорт.

Орчин үеийн клауд үйлчилгээнүүдийг оруулж ирье гэвэл Монголд датагаа байрлуулах шаардлага тавьдаг. Тэгэнгүүт зөрүүлээд “Тэгвэл танайд дата центр байна уу. Бид дата төв барихгүй, гуравхан сая хүнтэй улсад ашиггүй” гэдэг. Үндэсний дата төв байна гэхээр гадны ямар ч томоохон байгууллага төрийн мэдлийн дата төвд датагаа байршуулахыг хүсдэггүй. Хувийн компанийг ч бас сонирхохгүй. Хөрөнгө оруулагч нь хэн бэ гэдэг. Тэд олон нийтийн компанид ханддаг. Олон улсад дата төвийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд манайхтай хамтарч ажиллахаар ярилцаж эхэлсэн. Дэлхийн мэдээллийн технологийн компаниуд Евро Азийн бүс нутаг буюу дэлхийн хамгийн тогтвортой тектоникийн хавтан дээр дата төв барих хүсэл байдаг. Гэхдээ хэн ч Орос эсвэл Хятадад дата төв барихгүй.Тийм учраас Монголыг сонирхдог.

БЛОКЧЕЙН ТЕХНОЛОГИ БОЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ БҮХЭЛД НЬ ХӨДӨЛГӨЖ ЧАДАХ ТОМ БОЛОМЖ

Бид технологийн давалгаан дунд амьдарч байна. Микро компьютерууд хувийн хэрэглээнд орж эхэлсэн. Интернет, ухаалаг утас, клауд байна. Үүний дараагийн технологийн давалгаа блокчейн. Блокчейн технологийн түүх 1991 оноос эхтэй. Анх Стюарт хабер, Скотт Сторнетта нар криптографаар холбоо нь баталгаажсан блокуудын гинж гэдэг ойлголтыг тодорхойлсон. Харин 2008-2009 онд анх энэ технологийг ашиглан төлбөр тооцооны хэрэгсэл бүтээсэн нь биткойн. Хэн ч нүүр тулан уулзаж, ярилцаж үзээгүй, зөвхөн и-мэйлээр харилцдаг байсан гээд байгаа Сатоши Накамота гэж нэрлэгдсэн программист биткойны санааг гаргаж, загварыг нь боловсруулан программчлаад, эх кодыг бичиж, 2008 онд бий болгосон цахим мөнгө шүү дээ. 2009 оны нэгдүгээр сарын 3-нд анхны блок нь бий болсон. Энэ өөрөө блокчейний нэг хувилбар. Блокчейн гэдгийг товч тайлбарлавал хэн ч өөрчлөлт хийх боломжгүй бүртгэл. Одоо байгаа технологиор бүхнийг өөрчлөх боломжтой. Юм болгон дээр edit буюу засах гэсэн функц байдаг. Санаандгүйгээр, эсвэл хакердаад өөрчилж болно. Блокчейнд тийм боломж байхгүй. Бид дэвтэр дээр бүртгэл хийхдээ мөр мөрөөр нь бичдэг. Штрихдэж байгаад дундаас нь засч болдог. Харин блокчейний мөр болгон холбоотой. Нэг мөр бичихэд тэр мөрийг илэрхийлэх код үүсээд, тэр кодыг нь дараагийн мөрөндөө ашигладаг. Аль нэг мөрийг өөрчилбөл түүнээс хойшхи бүх мөрийг өөрчлөх шаардлагатай болдог. Тэгэхээр хэзээ ч өөрчлөлт хийх боломжгүй бүртгэл үүсдэг. Үүнд л технологийнх нь хүч бий. Биткойн бол блокчейнийг санхүүгийн салбарт мөнгөн дээр хийх оролдлого. Хамгийн анхны амьдралд нэвтэрсэн хувилбар гэсэн үг. Сүүлийн үед хүмүүс олборлогч буюу майнер гэж нэрлээд байгаа биткойн олборлодог машиныг сонирхоод байгаа. Энэ машин үнэн хэрэгтээ хэн ч өөрчилж болдоггүй тэр бүртгэлийг хийдэг компьютер юм. Бүртгэл хийснийхээ төлөө биткойн гэдэг юмыг авдаг. Ажил хийгээд, мөнгө аваад байгаа болохоор олборлогч гэж нэрлэчихсэн. Түүнээс биш технологийн гол ажлыг хийдэг машин. Нэг ийм цикл бий болчихсон. Биткойны хувьд бүртгэлийн дэвтэрт нь зөвхөн гүйлгээний мэдээлэл хадгалагддаг. Энэ мэдээлэл хэнд ч нээлттэй.

Систем нь 210 мянган блок олборлогдох болгонд олборлолтыг тал хувиар багасгаж байхаар загварчлагдсан учраас нийтдээ 21 сая ширхэг биткойн л олборлох боломжтой юм. 2140 онд сүүлийн биткойныг олборлож дуусна. Алтны нөөц ч хязгаартай шүү дээ. Гэхдээ нэг ширхэг биткойн 100 саяд хуваагддаг. Хүмүүс анх бартераар бараа солилцооны зарчмаар наймаа хийдэг байсан. Дараа нь зоос, цаасан мөнгө бий болсон. Энэ болгонд хүний сэтгэхүй хувьсан өөрчлөгдсөн. Алтанд итгэдэг хүн зоосонд итгэдэг болж, зоосонд итгэдэг хүн цаасанд итгэдэг болсон шүү дээ. Одоо бол цахим банкинд байгаа мөнгөн дүнг илэрхийлсэн тоондоо итгэнэ. Магадгүй ирээдүйд бид крипто мөнгөнд илүү итгэдэг болох байх. Үүнийг одоогоор хэн ч баттай хэлж чадахгүй учраас хүмүүс өөрсдөө энэ талаар илүү сайн судалж,мэдээлэлтэй болох шаардлагатай байна.

Дэлхий нэгэнт тэр чигээрээ биткойн болон бусад крипто валютад анхаарал хандуулсан учраас Монгол Улс майнингийн үйлчилгээг дэлхийд экспортлох боломж байгаа юм. Энэ нь эрчим хүчний тогтвортой хэрэглээг бий болгож, шинэ цахилгаан станцууд баригдах, хүрэн нүүрсний ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, сэргээгдэх эрчим хүчний томоохон шийдлүүдийг нэвтрүүлэх, улмаар гадаад валютын дотогшоо чиглэсэн асар их урсгалыг бий болгож, эдийн засгийг маш хурдтай хөдөлгөх учиртай. Өөрөөр хэлбэл, бид төмөр замын өргөн нарийн цариг ярих биш, хүн тоодоггүй хүрэн нүүрсийг шилэн кабелиар экспортлох боломжтой гэсэн үг. Бидний хувьд энэ бүхний технологийн суурийг бий болгохоор ажиллаж байна. Крипто валютын олборлолтыг өргөн хүрээнд хийхэд шаардлагатай нөүд, түрийвч, арилжааны систем, клауд майнинг зэргийн хөгжүүлэлтийг хийж ашиглалтанд оруулсан, пүүл үүсгэх ажил ид өрнөж байна.

Харин блокчейн технологи бол цоо шинэ бизнес. Блокчейн гэдэг энэ технологийг хэн хамгийн сайн эзэмшиж, ямар улс өөртөө ашигтайгаар хэрэглэж чадна тэр улс хүчийг авах магадлал өндөр. Монгол Улс бүх салбарт хоцрогдчихсон. Блокчейний хувьд харин дэлхийд хэн ч манлайлагч биш. Тийм учраас бид бусадтай нэг гараанаас өрсөлдөх боломжтой.

Зөвхөн хүнсэн дээр жишээ авъя. Дэлхий даяар хүнсний аюулгүй байдал асуудалтай. Хуурамч мах, өндөг, будаа хийж байна. Хиймэл хүнсийг шууд өгвөл та мэдчихнэ. Нийт хүнсний таван хувьд хийгээд явуулчихаар мэдэхгүй. Нэгэнт хүнс гэдэг асар том зах зээл тул ийм асуудал байх л болно. Үүнийг шийдэх ганц боломж нь блокчейн буюу бүртгэлийн систем. Нэг үхэр байлаа гэхэд хээлтэй байх хугацаандаа ямар өвс тэжээл, эм идэж уусан. Тугалыг яаж бордсон, хаана нядалсан, хаана савлаад, ямар дэлгүүрт аваачсан гэдэг бүх мэдээллийг блокчейнд хадгалчихвал хүн мах худалдаж авахдаа гар утсаараа махны савлагаан дээрх кодыг уншуулахад бүх орц нь түүхтэйгээ гарч ирнэ. Өөрөөр хэлбэл блокчейн гэдэг технологи өнгөрсөн хугацаанд технологийн салбарын шийдэж чадаагүй итгэлцлийг бий болгосон юм. Тэгвэл энэ мэт маш олон шийдлийг манай мэдээллийн технологийн компаниуд хөгжүүлж, дэлхийн зах зээл дээрх анхдагчид болох боломжтой. Блокчейн Монголын эдийн засгийг бүхэлд нь хөдөлгөж чадах том боломж.

АЙ ТҮҮЛС

Ай түүлс Монголын хөрөнгийн бирж дээр гарсан технологийн анхны компани. Хөрөнгийн бирж сэргэсэн, өгөгдөл дата улам бүр үнэ цэнтэй болж байна, блокчейний технологи дээр ажиллаж байгаа компани гэдэг утгаараа тохироо нь бүрдээд хүмүүсийн анхаарлын төвд орсон байх. Манай хувьцаа оргил үедээ 260 хүрсэн. Одоо 200 дээр тогтворжиж байна. 1,3 тэрбум төгрөг босгосон. Энэ мөнгө Дарханд дата төв байгуулахад зарцуулагдах юм. Бид 2018 оны эхний улиралд дата төвөө бариад дуусгачихна. Модуляр дата төв сүүлийн үед дэлхийд трэнд болсон. Гурваас, дөрөвдүгээр зэрэглэлийн модуляр дата төвийг уламжлалт дата төвөөс 10-20 дахин хямдхан үнээр байгуулах боломжтой. Бидний хувьд ийм 30 модуляр дата төв байршуулах боломжтой маш сайн дэд бүтэцтэй нөөц эх үүсвэрүүдтэй дата төвийн паркын барилгыг байгуулж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *