Categories
мэдээ цаг-үе

Аграмба Р.Санжайжавын шүтээн Итгэлт хамбынхаас илүү увдистай гэв

Буриад улсад байгаа Итгэлт хамба хэмээх амьд бурханд очиж мөргөвөл буян арвижиж, ажил үйлс бүтэн, хийморь лундаа сэргэдэг хэмээн ярилцдаг. Манай улсаас ч очиж мөргөөгүй хүн бараг л байхгүй байх. Буддын шашны төдийгүй хүн төрөлхтний түүхэнд байгаагүй гоц үзэгдэл Буриадад болж, эрдэмтэд хамба лам Итгэлтийн бие хорвоогийн жам ёсоор элэгдэн муудаагүй, энерги дамжуулж байдаг тухай ярьсаар манайхан зайгүй цувсаар…

Итгэлт Хамба 1927 оны зургадугаар сарын 15-нд баясалгал үйлдэн, лянхуа суудлаар завилан сууж, өөрийн хойтхыг уншсаар нирваан дүрийг үзүүлсэн гэдэг. Харин манай Монголд Итгэлт хамбатай дүйх багш, шавь хоёрын лагшин шүтээн бий гэдгийг өчигдөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц тэргүүтэй хүмүүс онцоллоо.

1894 оноос хойш саяхныг хүртэл Архангай аймгийн Цахир сумын иргэд мөнхийн бясалгал хийж гэгээрсэн хоёр шүтээнийг нууцаар залж, шүтэж ирсэн түүхтэй аж. Харин өнгөрсөн нэгдүгээр сард нууцалж байсан лагшин шүтээний нэг нь алдагдаж, энэ үеэс олон нийт 200 орчим жилийн түүхтэй, лагшин шүтээний талаар мэдэх болсон байна. Энэ онгоныг Цэвээнраашийн Чүлтэмжамц буюу “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн хувилгааны баруун гарын шавь цорж аграмба Р.Санжайжав болохыг тогтоожээ. Алдагдсан нэг аграмба Р.Санжайжавын лагшин шүтээнийг Сонгинохайрхан дүүрэгт айлын хашаанаас арван сарын өмнө олж, сэргээн засварлах ажил дуусчээ. Энэ лагшин шүтээнийг өчигдрөөс Гандантэгчэнлин хийдэд залж сүсэгтэн олонд таниулж, мөргөх боломжийг олгоод буй юм. Архангай аймгийн Цахир сумын нутгийн зөвлөлийн дарга Т.Халтар “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс улсын бүртгэлийнхэнтэй “Шүтээнийг MRI хийж үзэхэд уураг, тархи нь хатаагүй байна. Тиймээс бусад эрхтэнг шинжлэх шаардлагагүй” гэж үзсэн. Энэ нь бусад эрхтэн байгаа гэж үзсэн хэрэг” хэмээсэн юм. Эдгээр лам нар нь эрдэм ухаан увдисаараа түмэн олныг бишрүүлж, нутаг орноо гадны элдэв халдлагаас хамгаалж, өвчин зовлонгоос түмэн олноо аварч байсан гэх. Харин “Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамцын лагшин шүтээн нь бурхан шашны хэлээр гүдэн гэдэг бөгөөд одоогоор Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулнаа байгаа юм. Тус уул далайн түвшнээс дээш 2733 метрийн өндөрт байрладаг аглаг уул аж. “Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамцын шавь цорж аграмба Р.Санжайжавын гүдэнг маргааш Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулнаа залах юм байна. Уржигдар шөнө ихэнх нутгийг хамарч цас орох үед эндээс дуган барьж байгаа хүмүүс рүү залгахад Содномдаржаа уулыг тойроод цас ороод байна хэмээсэн байна. Мөн 1960, 2000, 2002 онд багш, шавь хоёрын лагшин шүтээн байрлаж байсан Содномдаржаа уул нэлэнхүйдээ түймэрт автжээ. Хачирхалтай нь, түймэр шүтээн бие байсан газраас нэг төө хэмжээтэй холуур дайрч өнгөрсөн гэдэг. Энэ мэт олныг гайхшруулсан үйл явдал олон болдог бөгөөд сүсэгтнүүд тэднийг амьд бурхад хэмээн тахин шүтдэг байна. Тус хоёр лагшин шүтээнийг үндэсний соёлын өвд албан ёсоор бүртгэж, гэгээрсэн багш, шавийн шүтээн байрлах дуганыг шинэчлэхэд зориулж, нийт 464 сая төгрөгөөр чулуун дуган босгосон ажээ. Хойшдоо Итгэлт хамбын хэмжээнд хүрэхүйц бурхан шашны цогцолбор болгон хөгжүүлэхээр бэлтгээд буй юм.

Багш, шавийн бясалгалын тухай

“Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нарын лагшин нь занданшуулсан шарил биш бөгөөд бясалгалын (самади) түвшинд өөрийгөө занданшуулсан шүтээн аж. Аграмба Р.Санжайжавийн нас өндөр гарсан хойноо шавь нараасаа багшийнхаа дэргэд аваачиж өгөхийг хүсчээ. Аграмба Р.Санжайжав таван мэдрэхүйг хаах бясалгал хийж лагшин шүтээн болсон байна. Таван мэдрэхүйгээ хаах бясалгалыг бурхан шашны хэлээр гогьнямба гэдэг аж. Бясалгалын тухай тодруулбал, хүний биеийг бүдүүн, нарийн гэдэг бөгөөд нарийн биед биеийн мэдлүүд багтдаг байна. Харин бүдүүн бие таван мэдрэхүйг хэлдэг аж. Энэ бясалгалыг сэтгэл маш амгалан, бие ямар ч зовлон мэдрэхгүйгээр лагшин шүтээн болдог байна.

Өвгөн Гэсэр лам” хэмээх Цэвээнраашийн чүлтэмжамц

Ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн алдаршсан Жагарын наян нэгэн дөвчингийн нэг, тойн эрдэнэ Ц.Чүлтэмжамц зуунаас зуун дамжин түмэн олонд шүтэгдэж байгаа эгэл бус хүн гэх. Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойт Тэрхийн эх Халзанбүргэдэй (Очирхайрхан) уулын өвөр хормойд эрдэнийн бумба мэт товойх “Алтат толгой”-д XIV жарны Баригч хэмээх улаан хулгана жил 1816 онд мэндэлжээ. Ная гаруй наслаад XV жарны Ялгуусан хэмээх хөх морин жил 1894 онд жанч халжээ. Чүлтэмжамц лам өндөр биетэй, алаг нүдтэй, шиврээ сахалтай, гонзгойдуу бор царайтай сайхан хүн байсан гэдэг. Түүний ер бусын ид шид, увдисын талаар одоог болтол ам дамжин ярилцдаг байна.

Чүлтэмжамц хүүг өлгийтэй байхад эцэг нь нас барсан тул бага насандаа төрсөн нутгаа орхин ээжийнхээ ах дүү нарыг бараадан Хөх нуур хэмээн өгөөж баян хангайд суурьшин, зуны цагт нагац нарынхаа мал, идээнд туслалцан, бусад үед нь Тариатын хүрээнд шавилан бурханы номонд шамдан суралцах болсон байна. Тийнхүү Тариатын хүрээнд шавилан сууж байхдаа ер бишийн ид шидтэй болох нь мэдрэгдэж, номын багш нь хүртэл гайхан бишрэх болжээ. Багш нь нэг шөнө сэрээд Чүлтэм чинь үхсэн хүн амилуулж, гудамжаар амьтан хүн айлгаад байдаг боллоо, үүнийг нь болиул гэсэн яриа сонсчээ. Багш Чүлтэм байна уу гээд гэрэл гаргаад хартал, байх шиг байна гэнэ. Босож очоод хартал, өшиглүүрэндээ дээлээ хийгээд, хүн унтаж байгаа юм шиг тавиад, ханын толгойд эрхээ өлгөсөн нь, өөрөө шажигнан эргэж байв. Багш нь суун тусан залбирч, би ямар заяагаар ийм ид шидтэй хүнтэй учирваа гэж бодоод, эрихээс нь адис авч, орондоо ороод үүр цайтал нойр нь хүрэхгүй хэвтэж гэнэ. Үүр бүдэг бадаг хаяарах үед, хаалганы оньс мултраад Чүлтэм хүү сэмээрхэн орж ирээд, ор руугаа орчихож гэнэ. Үүр цайнгуут багш нь босоод галаа түлэх гэтэл Чүлтэм багш аа, би түлье, та яахав гэж хэлтэл, багш нь, үгүй, зүгээр багш нь түлье, өнөөдрөөс эхлээд чи миний багш. Би чамд ном заана гэж юу байхав, надад чи адис тавь гэжээ. Чүлтэм яалаа гэж номынхоо багшид адис тавих вэ гэхэд багш нь чиний ид шидийг хэдэн шөнө дагаж, бүгдийг үзэж харлаа. Чи ч замаа хөө, би ч замаа хөөе гэжээ. Ингээд багшдаа эрхээрээ адис тавьж өгөөд ид шид нь тодорсон хүү шуумаазаа мөрөн дээрээ тавьж номын мөр хөөсөн гэдэг. Тэр цагаас хойш Чүлтэмжамц хүүг “Гэсэр лам” хэмээн нэрлэн хот, саахалтаараа байтугай жалга ус, хотлоороо хүндэтгэн хүрээлж, эрдэм номд сургах, эгэл бусын гайхамшгийг нь хөгжөөн хөхиүлэх болсон байна. Гэсэр сүмд 1842 онд “Урт үүлэн” хэмээх Гэсэр цамын хатуу сорыг Манжийн хааны зөвшөөрлөөр анх цүглэсэн бөгөөд энэ үйлсэд Чүлтэмжамц гэвш гол үүрэг гүйцэтгэсэн тул тэрбээр сүсэгтэн олонд улам хүндэтгэгдэж, “Үүл унадаг өвгөн Гэсэр лам” хэмээх алдрыг хүртсэн байна.

Гэсэр ламын олон шавь нарын дотроос Дорно дахины анагаах ухааныг өөрийн орны хүн, амьтан, ургамалтай холбон судалж, өөрсдийн онцлогт тохирсон эм, эмчилгээний аргыг боловсруулж, уламжлалт анагаах ухаанд томоохон шинэчлэл хийсэн Их эрдэмтэн, Маарамба Лүнрэг Дандар, Аграмба Санжайжав зэрэг олон арван хүн түүхэнд мөнхрөн үлдэж, бүтээлүүд нь Монголдоо төдийгүй Энэтхэг, Түвдэд өргөн дэлгэрч, одоо хүртэл хэрэглэгдэж байна.

Гэсэр ламын гэрээслэл

Шавь нар, нутаг хошууныхан нь Өвгөн Гэсэр ламыг жанч халсны дараа шарилыг нь өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагатай нурууны салбар уулсын нэг Содномдаржаа хайрхны салбар Хөх нуурын зүүн урдах гурван оньсын дунд сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж, хожим нь өөрийн гарын шавь эрдэм номтой Аграмба Санжжав ламтныг ойролцоо бунхалсан нь өнөө хүртэл олон арван жилийн нар, салхи, бороо цасанд гандаж, элэгдээгүй мөнхрөн оршиж байна.

Аграмба Равсалын Санжайжав

Аграмба Р.Санжайжав Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойт Тэрхэд тайж Равсалынд XIV жарны Баршгүй хэмээх улаан нохой жил (1826 онд) төрж, өсөж, бага наснаасаа шашин номын мөр хөөж, Буддын шашны таван дээд ухааны оргилд хүрсэн эрдэмтэн юм. Р.Санжайжав Тариатын хүрээнд шавилан суралцаж, түвд, монгол үсгийн анхны мэдэгдэхүүн олж, улмаар Ард олноо “Гэсэр лам” хэмээн алдаршсан хувилгаан Ц.Чүлтэмжамцын гарын шавь болж, Буддийн шашны таван их ухаанд суралцан төгс эзэмшжээ. Тэрээр Буддын шашны хамгийн дээд цол болох Аграмба цол хүртэж, Цорж цолтой шашны зүтгэлтэн байсан төдийгүй судас барьж оношилдог, засал ном хийж, эм тан барьдаг олныг бишрүүлсэн оточ маарамба байжээ. Р.Санжайжав маарамба судас барьж хүн эмчлэхийн зэрэгцээ өвс ургамал таньж бэлтгэн, эм тан хийх, эмгэг оношлох, эмчлэх зэрэг анагаахуйн бүх төрлөөр олон арван шавь бэлтгэж байсны дотор Лүнрэг Дандар, Шаравжин зэрэг олон алдартай оточ маарамба төрсөн байна. Тэрээр анагаах ухааныг бүх талаас нь судалж, сайтар эзэмшсэн нэгэн байсан нь одоо ч яригдсаар, бишрэгдсээр байдаг аж. Түүний энэ их эрдэм боловсрол, буддын шашны таван ухаанд төгс гэгээрсэн үйл мөр нь өдгөө асар их энергийн төвлөрлийг өөрөө цацруулсан шүтээн болжээ хэмээн үзэж буй аж. Үүнийг бататган Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц бээр “Аграмба Р.Санжайжавын шүтээн Итгэлт хамбынхаас илүү увдистай шүү” хэмээн сүсэгтэн олонд хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *