Categories
мэдээ цаг-үе

Агч модны навчин дор (II)

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы № 271(5223) дугаарт>>

-ЗОХИОЛЧЫН ТЭМДЭГЛЭЛ-

Хойт Америкийн хамгийн хөгжингүй орны нэг Канадад аялаад ирсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Цэмбэлийн манай сонины захиалгаар бичсэн нийтлэл тэмдэглэлийг уншигч танаа толилуулж байна.

Хээр талын нүүдэлчин монголчуудын уртын дуу тэдний хүсэл эрмэлзэл тал шигээ хягааргүйг илтгэдэг бол эгц цавчим сүрлэг догшин уулс бүхий Кавказ нутгийн дуу бүжиг нь бадрангуй, огцом, дайчин сүрлэг байдаг. Энэ онцлог түүхэн урт хугацаанд төлөвшлөө олдог болохоор хойт америкчуудын хувьд Европоос ирсэн цагаан арьстнуудыг үл тооцвол уугуул нутгийн жинхэнэ эзэд болсон индианчууд ардын дуу, хөгжим судлаачдын хувьд сонирхолтой байх болов уу.

Номхон далайн эргийн ногоон модоор хүрээлэгдсэн тэгш саруул талбайд наадам гурав хоног үргэлжлээд өндөрлөхөд тэр газар өчүүхэн төдий ч цаасны тасархай, ширхэг ч хоггүй юм шиг цэвэр цэмцгэр хэвээр үлдлээ. Канадчууд өөрсдийгөө давтагдашгүй гоо үзэсгэлэн хосолсон аялал жуулчлалын жинхэнэ өлгийд аж төрж байгаагаараа бахархдаг нь зүйн хэрэг.

Хойт Америкийн хамгийн баруун эрэгт үзэсгэлэнт Грууз уул сүндэрлэнэ. Уулын оргил өөд ган татлаган замаар өгслөө. Дээш гарсан жимээр мань мэт нь хагас өдөр мацаж хүрдэг оргилд бараг хагас зуу шахам метр өндөр ургасан аварга бүдүүн, шулуун, гоолиг модод, элгэн халиа байцас, гүн жалган дээгүүр татлаган замаар арваадхан минут төвөггүй явж хүрлээ. Бэлд нь цэлэлзэх их далайн түвшинээс дээш 2300 шахам метр өргөгдсөн энэ уулын орой дээрээс харвал Номхон далайн зүүнтээ, эх газартайгаа зэрэгцэн орших Ванкувер арал бүхлээрээ харагдаж өмнө талд нь АНУ-ын шугам шиг шулуухан хойт хилийн дагуух цувраа ногоон уулс залган үргэлжилнэ.

Груузын уулнаас алтаар бороо ордгийн учир нь уулын оройг тэгшлэн байгуулсан амралтын иж бүрэн цогцолборт дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид хэдэн арав, зуугаараа тасралтгүй ирдэгтэй холбоотой. Тэнд гар урлал, түүх соёлын баялаг үзмэр бүхий галлерей, театр, алсыг харагч, индианчуудын модон эдлэл урлах ур чадварыг биечлэн үзүүлсэн сонирхолтой үзвэрүүд, юмыг хурдан тусгадаг канадчуудын монгол гэрийг дуурайлган хийсэн дөрвөлжин нүхтэй хана бүхий дугуй байгууламж гэхчилэн жуулчдын анхаарлыг гойд ихээр татсан зүйлсээр нэн баялаг.

Цардмал зам дээр гарсан баавгайн палигар том мөрөөр явж, Америкийн алдарт хүрэн баавгай нутагладаг зүрхэн хэлбэрт модот толгодод хүрч, түүнийг арваадхан алхмын цаанаас харж болно. Ууль, шар шувуу, шонхрууд сургагч нарынхаа заавраар хэрхэн дуулгавартайяа нисч, буухыг ч харж болно. Уулын муур, буга, коёоте чоно ч энд хүнтэй зэрэгцэн амьдардаг аж. Ногоон мод, жимс, цөөрөм бүхий ууланд баавгайнууд хүнээс айхгүй чөлөөтэй сүлжиж, харин жуулчид өөрсдөө битүү торны цаана шахцалдан зогсохыг харвал хүмүүс эрх чөлөөгөө байвгайд түр бэлэглэсэн мэт санагдана. Бас алтаар “бороо ордоггүй” газруудын нэг нь Грууз уулын баруун хойно оршдог, саяхных бололтой Кенёон хэмээх амралтын цогцолбор юм. Учир нь 1947 онд сүйрсэн нэгэн онгоцны сэг бүр 1994 онд буюу бараг хагас зуун жилийн дараа эндхийн битүү ойгоос, Хожим Райклек хэмээн нэрлэгдэх болсон зэлүүд, үзэсгэлэнт бяцхан цэнгэг нуурын баруун эргээс анх олж, сүйрэл болсон газарт нь хөшөө дурсгал босгожээ. Энд байгуулсан амралт зугаалгын газарт, ойн жимээр нуур руу явах зам дагуу үнэт модоор урласан тохилог ширээ, сандлууд олноор тавьж бас оньсон техник сайн хөгжөөгүй үед сал хэрхэн урсгаж байсан тухай задгай музейг замын хажууд ойн цоорхойд байгуулжээ. Тэртээ дор хагас зуугаад метрийн дор буй хавцлаар хөөсрөн буух хүрхрээн дээгүүр урт дүүжин гүүр барьснаас хойш энд жуулчдын хөл тасрахаа больжээ. Энд бүтэн өдөржин үнэгүй амарч, бас нуураас загас барьж болно. Нуурын эргэн тойронд нар, борооноос халхалсан олон сүүдрэвч, загасчдад зориулан барьсан нуур руу түрж орсон ур хийц сайтай модон гүүрүүд, бас л гоёмсог үнэт мод, чулуун ширээ эгнүүлэн тавихаас канадчууд гар татаагүй бололтой.

Нуураас нэг хүн өдөрт хоёроос илүү загас барих хориотой гэнэ. Гэвч загасчид тэндээс барьсан загсаа том, жижиг гэлтгүй буцаан тавьж байхыг харав. Тэд шарсан загас идэж, шөл уух гэсэндээ ч биш, ан хийх хорхойгоо дарж зугаацаж байгаа нь тэр аж.

Ванкуверийн “Тэрэлж” болсон өөр нэг амралт зугаалгын газар нь Сквамиш хэмээх үзэсгэлэнт хотхон. Виктория хот юм уу, “Георг” зочид буудал, Георгийн булан гэхчилэн эзэд хаадынхаа нэрээр англичуудын нэрлэсэн ганц нэг хот, газар усны нэрийг үл тооцвол уул усандаа хайрласан тэндхийн бүх нэр нь бүгд Индианых. Тэдний мөр нь хаданд, модонд, дуунд, нэр нь түүхэнд үлджээ. Харин өөрсдөө харагдахгүй юм. Индианы гэсэн нэгийн зэрэг тосгон ч алга. Харин индиан хүний сүрлэг дүр төрхийг аварга модоор бүтээсэн уран сийлбэрүүд газар сайгүй. Зөвхөн эртний судлалын музейд төдийгүй хотын гудам талбай, ойн нарийн жим дагуу тааралдана. Индианчуудын ахуйн соёл, зан үйлийг харуулсан сийлбэрүүд ч цөөнгүй. Хотын их хөлийн газар малгайгаа дээш харуулж тавиад хөгжим тоглон өглөг хишиг горилж суусан азийн гэмээр царайтай нөгөө эрийг үл тооцвол уугуул эзэдтэй нь огтхон ч тааралдсангүй.

Өвлийн олимпийн тоглолт хэдхэн жилийн өмнө энд болж өнгөрсөн болохоор жуулчдад зориулсан ган таталган замаар далайн түвшнээс дээш 2400 метр өндөрт орших Хар сан (индиан нэр) хэмээх Блаккомб, мөн вистлер уулын оройд төвөггүй гарч, сая сая жилийн турш тэнд хуримтлагдсан мөнх цасаар хоолойгоо норгон зулайгаа чийглэв. Тэдгээр уул руу өгсөж явах үеэр тэртээ дор битүү ойн цоорхойд юмуу, жим дагуу бамбаруушаа дагуулсан хүрэн баавгайнууд олонтаа тааралдах тул зургийн аппараттай явахад илүүдэхгүй. Ноён оргил дээгүүр нь бүргэд эргэлдсэн Блаккомб уулан дээр байгалын том үхэр чулуунуудыг эвлүүлж тавьсан юм уу, унаган төрхөөрөө байгаа чулуун жимийн хоёр талаар цөмөөхэй (Nutcracker) хэмээх ачит бяцхан шувуухайн зургийг самбарт байрлуулсан нь цөөнгүй. Ачит гэдгийн учир тэр шувуухай ойр хавийнхаа хушны самрыг түүж нөөцлөхдөө хожим нь түүнийхээ ихэнхийг олж чаддаггүйгээс тэр нь үржил шимт хөрсөнд ургаж төлжих нь амархан тул замын хоёр хажуу, Монгол Алтайнх шиг хөхөвтөр, үслэг том тарвага хошгорсон асга хад, хаана л бол хаана зулзаган хушин төглүүд тааралдана. Үхэр чулуунууддээр тарвага хэд хэдээрээ дүүлж гараад элгээрээ хэвтэн жуулчдыг болгоомжтой харах нь Монгол нутгийн цахир хадат хайрхан уулан дээр байгаатай адил.

Зам бүхний уулзвар болсон өөр нэг газар бол Ванкуверээс гуч орчим километр зайтай, Индианы нэгэн дайчин омгийн уугуул нутаг, ногоон моддоор битүү бүрхэгдсэн эгц сүрлэг уулнаас арай налуудуу хадан халилыг нь даган яг л хайлсан мөнгө шиг цалин цагаан туяа татуулан буух Шаннон хэмээх үзэсгэлэнт хүрхрээ юм. Хүрхрээ хүртэл хадан харгуй гарган тохижуулж, үхрийн чинээ боржингуудыг замын хоёр талаар эгнүүлэн тавьж хэдэн зууны тэртээ тайрч унагасан гэмээр Секвоя хэмээх хоёр гурван метр голчтой аварга моддыг тухайн үед нь тээвэрлэн авч чадаагүй үлдээсэн нь сүр бараатай харагдах агаад заримынх нь их бие, ёзоор дээр мөн л тэр мод салаалан ургажээ. Канадад энэ жил хуурайшилт ихтэй байсан тул мод бүхний дор олон цаг дусч байж усалгаа хийдэг зориулалтын савтай ус тавьжээ. Японд бол хальс, холтос нь гэмтсэн модон шархны туузархуу юм наадаг билээ. Георгийн хушууны ойн зөргөөр явж байхад торгон туузаар ороож, тоогоор тэмдэглэсэн модод олонтаа тааралдах бөгөөд их сургуулийн тухайн чиглэлийн оюутнууд судалгаа хийж байгаа нь тэр гэнэ.

Уул уурхайн чиглэлээр дэлхийд тэргүүлж бусад бүх үзүүлэлтээр гучин хоёрт бичигддэг Канадын Бритиш Колумбын их сургуультай танилцсан минь миний хувьд том аз завшаан.

Хавсарга шинжлэх ухааны, цахилгаан комьпютер, анагаах эм зүй, сэтгүүл зүй гэхчилэн байхгүй мэргэжил, сургалт гэж үгүй. Хэрэв их сургуулийг нэг улс гэвэл түүний харьяа сургуулиуд бүгдээрээ жижигхэн вант улсууд юм. Хичээлийн байр, судалгааны төвүүд, лабораториуд нь сүрлэг, гоёмсог, орчин цагийн дизайн, уран барилгын ухааны дээд хослолоор бүтсэн нь илт. Докторант, аспирант, оюутнуудын байрууд орон сууцны нүсэр том, гоёмсог хороолол гэсэн үг. Гэвч мөн чанар нь зөвхөн барилга байгууламж, цар хүрээндээ ч биш юм. Судалгааны ажлын үр дүн нь шинжлэх ухааны эргэлтэд шууд орж материаллаг баялаг болон хувирах нь гайхалтай. “Ногоон байшин” гэдгээрээ дэлхийд алдартай тогтвортой хөгжлийн судалгааны төв гэхэд л экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор байгальд ямар ч гэм хоргүй, харин ч цэвэршүүлэх үйлдвэрлэл явуулдаг бүхэл бүтэн цогцолбор болжээ. Энэ төв нарны эрчим хүчийг ашиглан ахуйн зорилгоор хэрэглэнэ. Асар том шилэн цонхнууд нь нарны эрчим хүчээр нээгдэж хаагдан бүх өрөө тасалгааны хэмийг тогтмол байлгахын зэрэгцээ, борооны усыг цуглуулан хэрэглээний усаа бэлтгэж, өөрийн цэвэрлэх байгууламжтай болжээ. Монгол гэрийн тооно хэлбэртэй шилэн дээвэр нь гэрэл нэвтрүүлж хичээлийн саруул танхимууд шөнө нь яг өдөр шиг л гэрэлтэнэ. Цонхны цаана өвч ногоон цэцэрлэгт ургадаг аварга моддын оройд тогоруу өндөглөдөг ажээ. Хүн төрөлхтөн ирээдүйд ийм орчинд аж төрөх арга ухааны эхлэлийг сургууль тавьж байна. Их сургуулийн эрдэмтэд ой судлалынхаа төвийн судалгаанд тулгуурлан мод хэрхэн ургадаг үйл явцыг нарийвчлан судалснаар нүүрстөрөгчөөр амьсгалан хүчилтөрөгч гаргадаг вагоны чинээ том оврын машин зохион бүтээж сургуулийнхаа орчимд байрлуулжээ. Дашрамд хэлэхэд, Ванкувер хот дэлхийн хамгийн цэвэр, гарын таван хуруунд багтдаг цөөн хотуудын нэгэнд зүй ёсоор ордог. Нүүрсний утаа бусад хорт хийгээр амьсгалж байгаа Улаанбаатарын гэр хороолол бусад бохир орчныг орон сууцжуулж дуусах хүртлээ цөөн тооны тийм машин тавьчихвал гайхам үр дүнд хүрнэ гэж эрдэмтэд хэлснийг судлахад илүүдэхгүй биз.

Тархи судлалын төв гэхэд л энэ чиглэлээр ажиллан дэлхийг гайхшруулсан олон том нээлт хийжээ. Байгалийн ухаанаар хийсэн бүхий л судалгааны үр дүнг захиалагчид, газар дээрээс нь худалдан авч, тэр нь дорхноо үйлдвэрлэлд нэвтэрдэг болохоор энэ алдартай их сургууль Канадын төдийгүй, дэлхийн хөгжлийн том хурдасгуур болж байна.

Эрдэмтдийн гуч, дөчөөс доошгүй хувь нь азийнхан гэнэ. Нэгэн цагт “Өөд өөдөөсөө хэзээ ч харахгүй Өрнө, Дорно хоёр” гэж Английн Киплинт эргэлтгүй итгэж, бичиж байсан хоёр ертөнц эдүгээ өөд өөдөөсөө харах нь бүү хэл, өвөр түрийдээ ч орж, бие биеэсээ хараат нэгэн цул болсныг харахад улс төрийн харалган санаа үеэ өнгөрөөдгийн тод нотолгоо. “Энэтхэг гаралтай ерөнхийлөгчийнхөө барааг харсан уу?” гэж тус их сургуулийн докторант Г.Дамдиннямаас асуухад тэр: “Өдөр бүхэн” гэлээ. Уриалаг сайхан зантай, дэлхийд зартай математикч энэ эрхэм сургуулийнхаа хотхон бүхнээр явган харайлгаж явдаг, оюутан, магистрант, докторант хэн ч байсан “Сайн уу?”, “Яамаар байна?”, “Хэлэх зүйл байна уу?” гэхчилэн яг л хуучин танилтайгаа уулзсан юм шиг ханддаг гэнэ.

Багш нараасаа эхлээд ректор хүртлээ хүнийг ялгаварладаггүй, маш энгийн хүмүүс шүү гэж Г.Дамдинням хэлээд сургуулийнхаа ерөнхийлөгчтэй татуулсан зургаа гар утасныхаа дэлгэцээс харуулав.

Азийн судлалын сургуулийн нүсэр том номын сангаар нь оров. Энд судалгааны мянга мянган бүтээл байгаагаас манай нэрт нийтлэлч Баабарын XX зууны монголчуудын тухай Кембрижид хэвлүүлсэн зургаан боть, доктор Сандагийн зарим бүтээл, бас Намхайнямбуугийн талаар гадаадын зохиогчийн бичсэн “хонины буян” зэрэг номууд байгаад их л олзуурхав. Түүнчлэн Манж, Хятад, Зөвлөлтөөс Монголд явуулж байсан бодлого, хятадаас айх Монголчуудын айдсын тухай судалгааны цөөхөн бүтээл байв. Латин Америк, Европын талаархи судалгаанаас төдийлөн хальдаггүй байсан энэ их сургуулийн судалгааны төвүүд нь эдүгээ Азийн хүрээлэн, Азийн хэл, соёлын судалгааны төв, мөн дэлхийн асуудлын хүрээлэн гэхчилэн салбарлан тэлжээ.

Харин энд Монголын судлал дутмаг байгаа нь Азийн орнууд, ялангуяа хятад, солонгос, япон, тайваньчууд эх орноо олон улсад сурталчлахын тулд багагүй мөнгө зарж, санхүүгийн туслалцаа үзүүлж томоохон төслүүд хэрэгжүүлдэгтэй холбоотой юм байна. Наад зах нь гэхэд л Өмнөд Солонгосын иргэн Чой Азийн хүрээлэнгийн барилгыг, Японы иргэн Ижазони Тоби Японы цэцэрлэгт хүрээлэнг өөрийн хөрөнгөөр бариулжээ.

Монгол дахь Хятадын эсрэг үзлийн талаар энд эрдмийн зэрэг хамгаалсан доктарант Жаргалсайханы Мэндээ урьд нь Монголын армид 16 жил алба хаажээ. Төрийн чухал албанд ажиллах хугацаанд олж авсан ажлын туршлага, суусан хатуужил энд хэрэг болж байна гэж хэллээ. Багаасаа гэрийн багш авч, бүхнийг хүнээр хийлгэж сурсан хүүхдүүд энд ирээд бие дааж амьдрах, сурах, бэрхшээлийг давах сэтгэлзүйн бэлтгэлгүйгээсээ болоод буцах нь олонтаа гэнэ.

Энд Америкийн нэрт монголч эрдэмтэн Латтимор их сургуулиас гаргадаг “Pa­cific Affairs” сэтгүүлийг эрхлэн ажиллаж байжээ. Өнгөрсөн зууны далаад оны эхээр энэ их хүн Монголд ирэхэд нь радиогийн залуу сурвалжлагч миний бие монгол хэлээр чөлөөтэй ярьдаг энэ эрдэмтэнтэй уулзаж, ярилцлага хийснээ эргэн дурсав.

Би Канадаас буцахын урд орой усан онгоцны буудлын зогсоол хавьд, далайн хөлөг онгоц хэлбэртэй том ордонд орж, нисэх онгоцонд суудагтай адил суудлын бэхэлгээгээ хийгээд бараг хагас цагийн дотор үлгэрийн сайхан Канад орон дээгүүр нисэв. Хоккейчид, аялагчид, цаначид, завьчид, адуучид бас далайн аварга мөсөн уул, хадан уул ангал дээгүүр, хүрхрээн дээгүүр нисэв.

Хажуугаар минь бөмбөгдөгч онгоцууд нисэн өнгөрч байв. Хойт мөсөн далайн хүйтэн агаар нүүр өөд мөс шиг хүйтнээр үлээж байлаа. Канадад хийсэн миний аялал ийнхүү өндөрлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *