Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Агаарын бохирдлын үндэсний хөтөлбөрт 9.9 их наяд төгрөг зарцуулна

Хүн амын 50 хувь нь амьдарч буй нийслэлийн ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг шийдэх гарц болох Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн талаар БОАЖЯ, НЗДТГ-тай хамтран сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ.

Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нарын албаныхан оролцов.

“Нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад хотоос шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж байна. Утаа алсрах үед утааны асуудал орхигддог хэмээн иргэд шүүмжилдэг. Ийм шүүмжлэл гаргахгүйн төлөө бид хичээн ажиллаж байна. Өнөөдрийн зангиагүй уулзалтаар нийслэлчүүдийн гол асуудлыг шийдэх Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг танилцуулна. Уг хөтөлбөрийг олон нийтэд хүргэх ажилд сэтгүүлчид чухал үүрэгтэй” хэмээн НЗДТГ-ын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тодотгосон юм.

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг холбогдох яамд, төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын 32 төлөөлөл 25 шалгуур үзүүлэлтийг үндэслэн боловсруулснаар энэ сарын 20-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар баталж, хэрэгжих нөхцөл бүрджээ.

Үндэсний хөтөлбөр нь таван стратеги зорилт дэвшүүлсэн бөгөөд 2025 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжих юм байна. Эхний ээлжнийх 2017-2019 он хүртэл, хоёр дахь шат нь 2020-2025 он хүртэл бөгөөд нийт 9.9 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал үндэсний хөтөлбөрийн эхний зорилт нь байгаль орчинд ээлтэй үр ашигтай техник, технологийг нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлахад чиглэх аж. Харин дараагийн стратеги зорилт нь хот байгуулалт төлөвлөлтийг боловсронгуй болгох, дэд бүтцийн байгууламжийг оновчтой бодлогоор хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах юм байна.

Мөн утааны хэсгийг бүрдүүлдэг авто тээврийн хэрэгслээс ялгаруулах бохирдуулах бодисыг бууруулахаар тусгажээ. Харин дөрөв дэх зорилтоор агаар орчны бохирдлыг бууруулах, удирдлага зохицуулалт, санхүүжилтийг бүрдүүлэх, хариуцлага уруумшууллын тогтолцоог бий болгох аж. Мөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд сургалт, сурталчилгааны ажлыг түлхүү хийх, хяналтын системийг эрчимжүүлэхэд анхаарах юм байна.

Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь санхүүгийн асуудал бөгөөд тооцоо судалгааг гаргахдаа нэлээн нарийвчлалтай болсон гэдгийг албаныхан тодотгов.

Тодруулбал улсын болон орон нутгаас уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд 2.2 хувь буюу 201 тэрбум төгрөгийг гаргахаар төсөвлөжээ. Харин 13.7 хувь буюу 1.5 их наяд төгрөгийг гадны зээл тусламжаас бүрдүүлэх юм байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 650 тэрбум төгрөгийг босгохоор тооцсоноо танилцуулав.

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган ярихдаа, “Дэд бүтцийн байгууламжийг бий болгох төсөл хөтөлбөрт нэлээн хөрөнгө гарах төсөв гарсан. Тухайлбал зуны улиралд нийслэлчүүдийн өмнө тулгамддаг цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуудлыг шийдэхээр 650 тэрбум төгрөгийн өртөгөөр шинэчлэл хийх бол нийслэлийн хог хаягдлыг боловсруулах эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрт 350 тэрбум төгрөг, түүхий нүүрсийг халах хийн түлшний үйлдвэрт таван их наяд төгрөгийг төсөвлөсөн. Мөн төвлөрлийг сааруулах ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр 10 аймгийн төвд байгальд ээлтэй дэвшилтэт технологиор ДЦС барьж байгуулна. Түүнчлэн гэр хороололд байгаа 220 халаалтын зуухыг татан буулгаж, төвлөрсөн халтаалтад шилжүүлэх ажилд 91 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Дээрх хөтөлбөрийн хүрээнд 60 үйл ажиллагаа буюу 120 арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэлээ.

Ийнхүү нийслэлчүүд ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах хөшүүрэг бүхий нөхцөл бүрдэж ажил эхнээсээ ундрахаар болж байна. Хөтөлбөрийн хүрээнд арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, авто тээврийн захуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, дагуул хотуудыг хөгжүүлэх замаар аж үйлдвэрийн цогцолбор парк байгуулах ажил өрнөнө гэдгийг албаныхан хэллээ. Улмаар гэр хороололд инженерийн дэд бүтцийн байгууламжийг бий болгосноор иргэд амины орон сууцандаа ая тухтай аж төрөх нөхцөл бүрдэх нь ээ. Тодруулбал 300 айл өрхийг хамарсан 200 инженерийн дэд бүтцийг байгуулахын зэрэгцээ АХБ-ны 3 сая ам. долларын санхүүжилтээр Монголын нөхцөлд тохирсон ариун цэврийн байгууламжийн жишиг загварыг бий болгох юм байна. Мөн ирэх жилүүдэд шөнийн цахилгааныг тэглэх ажлыг үргэлжлүүлэх бөгөөд байгальд ээлтэй дулаан хадгалах шинэ халаалтын систем худалдан авах нөхцлийг бүрдүүлэхээр БОАЖЯ, Монголын банкны холбоо, Нийслэлтэй хамтран “Ногоон зээлийн сан”-г байгуулжээ. Эхний ээлжинд Нидерландын Хөгжлийн банкнаас 5 сая ам.долларын санхүүжилтийг бүрдүүлж бага хүүтэй зээлийг иргэдэд олгохоор болжээ.

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг олон нийтэд таниулахаар Драгон төв, Зургаан буудлын Оргил төв, Дүнжингарав худалдааны төв, Сансар мега төвд шоу рүүм байгуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *