Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Агаарын бохирдлыг бууруулахын тулд хотын дарга “Улаан шугам татна”

“Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн хуралдаан нээлттэй болно” гэсэн зар түгсний дараа Нийслэлийн Засаг даргын тамгын газрын А танхимд хэвлэлийнхний камерууд ярайж байлаа. Хурал 13 цагт товлогдсон ч хотын даргын орлогч, бусад албан тушаалтныг хүлээн, Нийслэлийн иргэдийн хурал дахь МАН-ын бүлгийн хэдэн төлөөлөгч, хэвлэлийнхний хамт 20 хормыг үдэв.

МАН-ын бүлгийн ажлын хэсгийнхэн агаарын бохирдлыг бууруулахын тулд “Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах хотын татвар бий болгох, арванхоёроос дээш жил “гүйсэн” тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, нийслэлд шилжин ирэхийг түр хязгаарлах, шинэ суурьшлын бүсэд яндантай байхыг хязгаарлах, сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулах гэх мэт арга замуудыг бодож олжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ажлын хэсгийнхэнд товч мэдээлэл өглөө. Агаар бохирдуулагч гол эх үүсвэр болсон гэр хорооллын айлууд өвөлдөө 800 мянга орчим тонн нүүрс шатаадаг нь түүхий нүүрсний хэрэглээний арваад хувийг эзэлдэг ч нийт агаарын бохирдлын 80 хувийг үүсгэдэг гэнэ.

Агаарын бохирдолд илүү өртөж байгаа хүүхдүүд цэцэрлэг дээрээ өнждөг. Тийм учраас цэцэрлэгийн дотоод агаарыг сайжруулааар нийслэлийн удирдлагууд шийджээ. Олон цэцэрлэг, сургууль утааны бүсэд хамрагддаг учраас Дэлхийн банкнаас 200-гаад цэцэрлэгт агаарын чанарыг сайжруулах багаж төхөөрөмж суурилуулсан гэнэ. Нийслэлийн Засаг дарга улаан шугам татахгүй бол хүндрэлтэй асуудлууд үүсээд байна. Улаан шугамд багтсан өрхүүдэд төрийн үйлчилгээг хүргэнэ гэж Засаг даргын орлогч ярилаа. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах , агаарын бохирдол хамгийн ихтэй Баянбүрдийн тойрог, Баянхошуунд арга хэмжээ авах юм байна.

Энэ жил агаарын бохирдлыг бууруулах ажилд өмнөхийг бодвол хамаагүй бага мөнгө төсөвлөсөн хэмээн чамлав. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын багцад энэ зориулалтаар 5 тэрбум төгрөг батлагдсан. Үүнийхээ 80 хувийг цахилгааны тарифын зөрүүнд зарцуулах аж. Хөнгөлттэй үнээр цахилгаан нийлүүлж байгаа байгууллагуудад нөхөн төлбөр олгох юм байна. Нүүрс авч дийлэхгүй байгаа өрхүүдэд сайжруулсан зуух, түлш авч өгөхөд үлдсэн мөнгийг нь зарцуулна гэлээ. Нийслэл агаарын бохирдлыг бууруулахад зориулж 3,2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Дэлхийн банкны санхүүжилтээр 7,4 тэрбум төгрөгийн ажил хийгдэж иржээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар агаарын бохирдолтой холбоотойгоор дурдагддаг “Амьгүй төрөлт ихэссэн” гэдэг үзүүлэлтийн талаар тайлбар хийв. 2016 оны 1-12 сард тохиолдсон амьгүй төрөлтийг судлахад долдугаар сард хамгийн олон байжээ. Тийм учраас энэ үзүүлэлтийг зөвхөн агаарын бохирдолттой холбож тайлбарлаж болохгүй. Олон шалтгаантай гэж тэр хэлсэн.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас энэ талаар тодрууллаа.


-Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, Улаан шугам татах тухай та ярилаа. Улаан шугам яг хаагуур хаагуур татагдах вэ?

-Төвийн шугаманд холбогдоогүй 200 гаруй мянган өрх бий. Утааны гамшгийг арилгахын тулд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаас аргагүй. Хотод гэр барьж амьдрах гэж байгаа бол больё оо. Өөр ямар ч арга алга. Нийт хүн амын 60 хувь нь Улаанбаатарт ирчихсэн байна.

-Энэ асуудлыг бүгд ойлгож байгаа. Шилжилт хөдөлгөөнийг хориглоно хязгаарлана гэхээр Үндсэн хуулинд заасан хүний эрх зөрчигдлөө гэнэ. Энэ бүхнийг яаж шийдэх вэ?

-Одоо тэгээд ярина, хийнэ дээ. Хийхээс өөр аргагүй.

-Тэднээс хязгаарлаж эхэлнэ гэж тодорхой шийдвэр гараагүй юм уу?

– Ажлын хэсэг ажиллаж байна. Улаан шугам аль бүсээр байх вэ, хязгаарлалт хэднээс байх вэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр оруулна, УИХ, Засгийн газарт танилцуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ дээр ч энэ асуудал яригдах байх. Нэлээд ажил болно. Гэхдээ цаг алдах эрх бидэнд байхгүй. Маш яаралтай ажил хэрэг болгох ёстой.

-Та түрүүн агаарын бохирдол хамгийн ихтэй Баянбүрдийн тойрог, Баянхошуунд арга хэмжээ авна гэсэн. Илүү хурдан үр дүнд хүрэх, агаарын бохирдлыг бууруулж болно гэдгийг харуулахад агаарын бохирдол харьцангуй багатай хэсгийг сонгож авч ажиллаж болох биш үү?

-Өнөөдөр хамгийн ноцтой байгаа хэсэг рүүгээ л анхаарахгүй бол хайран хөрөнгийг утаа багатай газар зарцуулах нь өмөнх алдааг давтахад хүргэнэ. Жишээлбэл дахин төлөвлөлтийн дэд бүтэц нэрээр 100 гаруй тэрбумыг аваачаад гэр хороололд булчихсан. Яг таны хэлдгээр жишиг бүсийг 100 тэрбумаар бүрэн орон сууцжуулах мөнгө шүү дээ. 100 өрх гэдэг жишээ нь долоон га газар шүү дээ. Төрийн буруу бодлого тэр хэрээрээ айхавтар хор уршигтай. Одоо хамгийн гол нь асуудлын цөмөөс нь арга хэмжээ авахгүй бол гэр хорооллыг бүхэлдээ сайхан болгоно гэвэл хайран хөрөнгө болно.

Халамж шаардлагатай хэсэгт тэрбум төгрөг зарцуулах юм байна гэж ойлгосон зөв үү?

-Зөв. Үндэсний хороон дээр батлагдсан сайжруулсан зуух, түлшинд зарцуулах юм.

-Энэ хэсэгт анхаараад эхлэнгүүт дугуй түлдэг хүмүүсийн тоо эрс нэмэгдэж магадгүй?

-Мэдээж бүгдэд нь үнэгүй зуух түлш авах сонирхол бий. Яагаад гэхээр халамжийн бодлогоор 176 мянган зуух тараасан. Харамсалтай тоо. Өнөөдөр өдий тооны зуух ажиллаж байна уу гэхээр үгүй.

-Дугуй түлдэг айл яг хэд байгаа вэ?

40 гаруй мянган өрх байна. Бүгд дугуй түлж байна гэсэн үг биш. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдийн тоо.

-Түүхий нүүрсийг хориглолоо гэхэд оронд нь түлэх түлш санал болгох ёстой. Утаа бага гаргадаг түлшийг яаж дэмжих вэ?

-Та бүхэн санаж байгаа. Засгийн газрын шийдвэрээр “Нүүрс” хөтөлбөрийн шугамаар хямд нүүрс тарааж, маш сайн ажиллаж байсан арав гаруй байгууллагыг бүгдийг дампууруулсан. Яагаад ийм хэмжээнд хүрсэн гэхээр хямд үнээр түүхий нүүрс тараасан. Таны хэлдгээр хямд нүүрс авахыг бүгд хүссэн. Үүний хор уршиг нь ард түмний татварын хөрөнгийг зарцуулж тараасан зууханд хийх түлшийг үгүй болгосон. Өнөөдөр ажиллаж байгаа долоо, найман үйлдвэр байна. Гэхдээ тэднийг элгээр нь хэвтүүлсэн. Утаа багатай түлш авъя гэхээр нөөц байхгүй. Ямар хөрөнгөөр ийм түлш гаргах вэ гэсэн асуудалтай тулгарч байна. Халамж шаардлагатай айл өрхүүдэд эдгээр үйлдвэрийн түлшнээс тараах юм.

-Агаарын бохирдлын 10 хувь нь тээврийн хэрэгслээс гарч байна гэлээ. Хотын замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах арга зам нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах. Гэтэл одоо “Ажил тарахад автобус байхгүй” гэж гэцгээдэг болсон. Иргэд маш их шүүмжлээд байдаг. Энэ асуудалд хотын удирдлага анхаарч байна уу?

-Ер нь ганц хотын асуудал биш болчихоод байна. Тээврийн хэрэгсэл агаарын бохирдлын багагүй хувийг нийлүүлж байна. Бараг 400 орчим мянган тээврийн хэрэгсэл явж байна. Аль ч орны хөгжилтэй хотод хамгийн гол зүйл нийтийн тээвэр байдаг. Хотдоо түгжрээд хэдэн цаг зогсохыг хэн хүсэх вэ дээ. Замын түгжрэл, агаарын бохирдол иргэдийг бухимдуулдаг том асуудал. Хот, Засгийн газар, УИХ-ын зүгээс ч томоохон бодлого явж байна. Машин унана гэдэг олон улсад тансаг хэрэглээнд тооцогддог. Тэгэхээр татварын бодлого ч хэрэгтэй байна, нийтийн тээврийг хөгжүүлэх бодлого ч хэрэгтэй байна. 400 гаруй мянган тээврийн хэрэгслийн 80-аад хувь нь арваас дээш жилийн насжилттай. Асар аюултай тоо. Дэлхийд бараг явуулахыг хориглочихсон машинуудыг бид авч унаад байна шүү дээ. Энэ мэдээж амьжиргааны түвшинтэй холбоотой. Хотын зүгээс нийтийн тээврийг сайжруулах бодлого барьж явуулна. Харин яаж Засгийн газар, УИХ-тайгаа хамтарч зөв бодлого явуулах вэ гэдэг байна. Насжилттай машиныг явуулахгүй гээд байдаг, хилээр оруулаад байвал хот яах юм бэ. Хот иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд бүсчлэл тогтоох шаардлага гарч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *