Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгээс мэдээлэл хийлээ

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгээс өнөөдөр (2018.01.30) хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Ажлын хэсгийн ахлагч, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар оролцож, Ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлаас байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа хуралдаж, Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулсан. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хариуцах эзэнтэй болгохын төлөө ажилласан.

Мөн Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал сонсч, шаргуу ажиллалаа. Одоо агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын тайлангаа Засгийн газарт хүргүүлнэ. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ирүүлсэн санал санаачилга, төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газарт хүргүүлнэ. Бидний хүргүүлсэн тайлан, зөвлөмжийг үзээд Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо.

Харин Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хэлсэн үгэндээ Ажлын хэсгээс Засгийн газарт танилцуулах агаарын бохирдлыг бууруулах санал, зөвлөмжийг бид маш тодорхой, бодит үр дүнд хүргэхэд чиглүүлсэн. Тухайлбал, Ажлын хэсгээс гаргасан зөвлөмжийн хоёрдугаар заалтад ойрын хугацааны төлөвлөгөөнд бодит үр дүнд хүрэх 3-5 ажлыг тусгаж, 2018 оны 12 дугаар сарын 01-ний дотор агаарын бохирдлыг одоо байгаа хэмжээнээс 50 хувиар бууруулах зорилт тавьж ажиллахыг тусгасан. Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ойрын, дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах төсөв, санхүүгийн эх үүсвэрийг олж УИХ-д танилцуулах ёстойг онцолж байлаа.

Ажлын хэсгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 16 асуудлыг тусгасан санал, зөвлөмж гаргаж, арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал, уг санал, зөвлөмжид айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлт нь цахилгаан халаалтын хэрэглээнд хүрэлцэхгүй байгааг анхаарч, шөнийн тарифын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрээ эргэн харах, 100 хувь цахилгаанаар гэр, байшингаа халааж зуухаа буулгасан айл өрхүүдийг дүүргийн тодорхойлолтоор 24 цагийн цахилгааны хөнгөлөлтөд хамруулах, дүүргүүдэд байгаа нам даралтын зуух, галлагаагаар халаадаг хороод албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг төвийн шугамд холбох, тэдгээрийг халааж байгаа зуухуудыг зогсоох, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэх, шинэ суурьшлын бүс байгуулах асуудлыг хөдөө орон нутгийг дэмжих, хөгжүүлэх бодлоготой уялдуудах асуудлууд тусгагджээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ үеэр, Утааныг асуудлыг улстөржүүлж, ашиг сонирхлын үүднээс хандаж болохгүйг анхааруулахын сацуу агаарын бохирдлыг бууруулахад төр засгаас эхлээд иргэн хүртэл бүх шатанд хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Агаарын бохирдлыг бууруулахад УИХ-ын зүгээс эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллах болсныг онцолж байлаа. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Ажлын хэсгийн гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээр ахлуулан, 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэ хүрээнд Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан юм.

Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал сонсохоор тогтсон юм.

Удирдамжид 2018 оны 01 дүгээр сарын 04-12 ны өдрүүдэд Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Л.Болд нар Баянзүрх, Хан-Уул дүүрэгт, Ажлын хэсгийн гишүүн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат нар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт, Ажлын хэсгийн гишүүн Л.Элдэв-Очироор ахлуулсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, агаарын бохирдлыг бууруулах талаар мэдээлэл цуглуулж, тодорхой санал бэлтгэн Ажлын хэсэгт танилцуулах юм.

Дээрх удирдамжийн дагуу өнөөдөр (2018.01.10) УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

“Эко түлш үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлж буй компанийн үйл ажиллагаатай танилцав

Эхлээд гишүүд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрладаг “Хөх тэнгэрийн мөнхийн гэрэл” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Эко түлш үйлдвэрлэх төсөл”-ийн талаар мэдээлэл сонссон юм.

Тус компанийн ерөнхий захирал К.Өнербек агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд эко түлш, мазут, хий үйлдвэрлэхээр ажиллаж байгаагаа гишүүдэд танилцуулсан.

Тэрбээр “Солонгос улсад бүтээсэн тоног, төхөөрөмжөөр эко түлшээ үйлдвэрлэдэг. Ашигласан түүхий нүүрсний 90 хувь нь хагас кокс болж гардаг технологи одоогоор монголд байхгүй. Иймээс дээрх тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд 33 тэрбум төгрөг шаардлагатай. Засгийн газраас дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулаад өгвөл эхний ээлжинд хоёр тоног төхөөрөмж оруулж ирээд бусад компаниудтай хамтран шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болно. Түүнчлэн дотоодын дулааны цахилгаан станцуудаа сайн чанарын мазутаар 100 хувь хангадаг болох зорилтыг тавин ажиллаж байна. Манай дулааны цахилгаан станцууд ОХУ-аас 1 тонн мазутыг 320 ам.доллароор худалдан авдаг. Харин манай мазутыг дулааны станцууд 224 ам.доллароор авах боломжтой болно” гэв.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй төслийн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа

Төслийн талаарх танилцуулгыг Д.Мөнхжаргал хийсэн юм. Тэрбээр “320 сая ам.долларын төсөл хэрэгжиж байна. Төвлөрлийг сааруулах АХБ-ны төслийн хүрээнд Улаанбаатар хотод 8 дэд төвийг байгуулах юм. Үүнээс Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 20-30 хувьтай явж байна. Хэдий ажил урагштай явж байгаа ч зарим иргэд газраа хэт өндөр үнэлж, газраа чөлөөлөхгүй байгаа нь асуудал дагуулж байгаа. Одоогийн байдлаар газар чөлөөлөлт 50 гаруй хувьтай байна. 2018-2019 онд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 14 метрийн өргөнтэй зам тавих, дулаан, цэвэр, бохирын шугаманд холбох ажлыг зуун хувь шийднэ” гэлээ.


Гишүүдийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад дээрх төслүүд чухал ач холбогдолтойг онцлоод ажлаа улам эрчимжүүлж ажиллахыг төслийг хэрэгжүүлэгчдээс хүссэн юм.

Дараа нь гишүүд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *