Categories
мэдээ цаг-үе

Афганистанд үүрэг гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад шагнал гардууллаа

Афганистанд үүрэг гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад шагнал гардууллаа

Дэлхийн халуун цэг Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад Монгол Улсын зэвсэгт хүчний гуравдугаар ээлжийнхэн үүрэг гүйцэтгээд иржээ. Тодруулбал, дэд хурандаа А.Төгс-Эрдэнэ захирагчтай цэргийн хамгаалалтын дайчид Афганистанд долоон сар орчмын хугацаанд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн байна.

Эдгээр цэргийн бие бүрэлдэхүүнийг төр засаг, цэргийн удирдлагаас даалгасан үүргийг амжилттай биелүүлсэн учраас Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагнахаар болсон. Төрийн дээд одон медаль гардуулах ёслол өчигдөр Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд болсон юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Та бүхэн зургаан сар гаруй хугацаанд дэлхийн халуун цэг болох Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад, төр засгийн итгэл найдварыг өвөртлөн, тангараг өргөсөн. Цэрэг хүний ёсоор тус орны ард түмэнд эв нэгдэл, тогтвортой байдлыг бий болгох үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, мөр зэрэгцэн алба хааж байгаа бусад орны дайчдад эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалттай байхын үлгэр дуурайлыг харуулж чадсан явдалд та бүхнээр бахархаж байна. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болох үйл хэрэгт та бүхний оруулсан хувь нэмэр их гэдгийг энд онцлон хэлье. Дэлхийн улс орнууд гавьяа байгуулсан цэргийн алба хаагчдаараа бахархаж, төрийн ивээл хүртээн шагнаж урамшуулдаг ёс эрт дээр үеэс уламжлагдан ирсэн байдаг. Зөвхөн шагнаж урамшуулаад өнгөрөх биш тэдний үйл хэргийг залуу хойч үеийнхэндээ сурталчлан таниулах нь чухал юм” гэв.

Нийтдээ 100 гаруй цэргийн албан хаагчдад энхийн төлөө одон, Батлан хамгаалах яамны бусад медалийг гардуулсан юм.

Ингээд энэ удаагийн энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн хошууч Б.Хуягбаатартай цөөн хором ярилцлаа.

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд явж байсан уу?

-Сэтгэл өндөр байна. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай сайн биелүүлээд ирлээ. Салбарын одон медалиар шагнуулсандаа баяртай байна. Нийт шагнал авсан цэргийн алба хаагчдадаа баяр хүргэе.

-Хэдэн сарын хугацаанд үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Бид энэ оны хоёрдугаар сард явсан. Долоон сар гаруй үүрэг гүйцэтгээд энэ сарын 28-ны өдөр эх орондоо ирлээ.

-Афганистан бол дайнтай орон. Нөхцөл байдлын хувьд хүнд байсан уу?

-Бид Афганистанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний гуравдугаар ээлжийн дэд хурандаа А.Төгс-Эрдэнэ захирагчтай цэргийн хамгаалалтын ротын дайчид бид шалган нэвтрүүлэх байран дээр үүрэг гүйцэтгэсэн. Цэргийн ажиллагаа хэвийн байсан. Афганистанд цагийн байдал тогтворгүй байсан ч бид үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирлээ. Хэдийгээр гүйцэтгэх хугацаа сунгагдаж ажилласан ч манай цэргийн алба хаагчид бэлтгэлтэй байсан юм. Манай энхийг сахиулагчдын 80 орчим хувь нь өмнө нь ажиллагаанд оролцож байсан туршлагатай. Тиймээс нэг цул хамт олон болж, нэгнээ дэмжин тэтгэж, үүрэг даалгавар бүрт хянамгай хандаж ажллалаа.

Би өмнө нь 2007-2008 онд Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцож байсан. Урьд нь ажиллагаанд явж байсан учраас туршлагатай. Бусад залуучууддаа тусалсан. Анх удаа энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргүүд маань харьцангуй чадварлаг байсан гэж бодож байгаа.

Тус ажиллагааны энхийг сахиулах үйлсэд анх удаа оролцсон дэд ахлагч Т.Буяндэлгэр туршлага хуримтлуулаад ирсэн бол дөрөв дэх удаагаа оролцсон хошууч Э.Сэрээтэр ур чадвараа улам нэмэгдүүлээд ирсэн.

Цэргийн багийн орлогч дарга, хошууч Э.Сэрээтэр:

-Афганистаны Кабул хотын олон улсын цэргийн баазад харуул хамгаалалтыг хариуцаж ажилласан. Ажиллагааны газар орон тийм ч тогтвортой байсангүй. Ялангуяа, дулааны улирал эхлэхээр цагийн байдал хүндэрч байсан. Афганистанд амиа золиослогчид, аюултай халдлагууд болон иргэний дайнтай байсан. Энэ үеэр манай цэргүүд аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжээ алдалгүй оновчтой зөв шийдвэр гаргаж, хамгаалалтын үүргээ гүйцэтгэлээ. Багийн захирагч маань бүрэлдэхүүнээ удирдан ажиллахдаа чадварлаг байсан шүү.

Миний хувьд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд дөрөв дэх удаагаа оролцож байна. Нэг дуулгах сайхан мэдээ гэвэл үүрэг гүйцэтгэж байхад эхнэр маань амаржиж бүл нэмсэн байгаа. Ажиллагааны хугацаанд манай цэргийн багаас есөн цэргийн алба хаагч шинэ хүнтэй боллоо. Гэр бүл, ах дүүс, найз нөхөд, хамт олонтойгоо уулзсандаа баяртай байна гэв.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахмад Д.Цэнд:

-Эх орондоо ирсэн чинь намрын урь орчихсон сайхан байна шүү. Бид анх ийм цаг үед эх орон, Зэвсэгт хүчнээсээ үүрэг аваад нисч байлаа. Харин өнөөдөр тэр үүргээ биелүүлчихээд ирж байгаадаа баяртай байна. Гэр бүлийнхэнтэйгээ уулзахад сэтгэл их хөдөлж байлаа. Гэр бүлээ их санасан байна” гэсэн юм.

Зэвсэгт хүчний 303 дугаар ангид нисдэг тэрэгний механикч Б.Ган-Эрдэнэ:

-Үүрэг гүйцэтгэх бүх зүйл хэвийн байсан. Монгол хүн бусдаас ялгарах давуу онцлогуудтай байдаг. Тийм ч учраас монгол цэргүүд маань дасан зохицох чадвар сайтай байлаа. Хэцүү үе байсан. “Сэтгэлийн хүчээр мянгыг, биеийн хүчээр нэгийг ялна” гэдэг үг байдаг. Энэ үгийг бодож, тэсвэр хатуужил, сэтгэлийн тэнхээтэй байлаа. Эзэн хичээхэд амжилт ирдэг юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Харин түүний ээж Б.Энхтуяа “Сэтгэл өндөр байна. Энэ олон аавын хүүтэй миний хүү мөр зэрэгцээд яваад ирсэнд баяртай байна. Манайхан Дорнод аймгийнх. Хүүгээ энхийг сахиулах ажиллагаанд оролцож байхад нь холбоотой байсан. Хүүдээ урам зориг их өгдөг байсан даа гэв.

Б.Уранчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *