Афганистаны Вардак мужид байрлах цэргийн цогцолбор т халдлага болж, аюулгүй албаны 126 ажилтан амиа алдсан талаар Ройтерс агентлаг өчигдөр мэдээлжээ. Дэлбэрэлтэд өртөж шархадсан 35 цэргийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Энэхүү мэдээг орон нутгийн засаг захиргаа мөн баталсан байна. Харин Афганистаны Засгийн газраас энэ талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ. Амиа золиослогч орон нутгийн цагаар өглөөний 7 цагийн үед Майданшахр хотод байрлах цэргийн баазад бөмбөг тэсэлжээ. Дэлбэрэлт хүчтэй байсан тул бүхэл бүтэн барилга байгууламж нурсан талаар мэдээлжээ. Мөн энэ үеэр 12 алан хядагчийг устгасан байна. Майданшахр хот нь Вардак мужийн засаг захиргааны төв аж. Халдлагын хариуцлагыг радикал үзэлт “Талибан” хөдөлгөөнийхөн хүлээхээ мэдэгджээ. Алан хядах бүлэглэлийн тэргүүн Забиулла Муджахид халдлагад 190 хүн амиа алдсан гэв. Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани алан хядагчдад хатуу шийтгэл оноохоо мэдэгдэн, хохирогчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэхээ амлав. Сүүлийн үед тус улсын засгийн газар халдлагын үеэр амь алдагсдын талаар дэлгэрэнгүй мэдээлэхээ больсон. 2015 оноос хойш зэвсэгт дайчдын гарт 28 мянган цэрэг, цагдаа амиа алдсан тухай өнгөрсөн онд онцолж байв.