Categories
мэдээ соёл-урлаг

“Адууны түүх” жүжиг үзэгчдэд дахин хүрнэ

УДЭТ-ын уран бүтээлчид Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “Адууны түүх” сонгодог жүжиг энэ сарын 27-нд УДЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болно.

Жүжгийн найруулагчаар УГЗ, найруулагч, Б.Баатар агсан, ерөнхий продюссер УГЗ Д.Цэрэнсамбуу, уран сайхны удирдаач Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, ерөнхий зураачаар О.Баярмагнай нар ажилласан бол гол дүр Холстомерийн залуу, идэр, өтөл насанд жүжигчин СТА Э.Тодгэрэл, С.Болд-Эрдэнэ, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, адууны эзэн Серпуховский ванд СТА М.Түвшинхүү нар дүр бүтээх юм.

Алаг цоохор төрсөн адууг эзэн нь голсон ч адуунд нүдтэй баян Серпуховский ван түүнийг худалдаж авснаар жүжиг өрнөнө. Төрснөөс эхлээд өтөл насан хүртэлх түүхээ ярьж буй Холстомер адууны амьдралаар Лев Толстой хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулах нь үзсэн хүнд нэгийг бодогдуулах болов уу хэмээн уран бүтээлчид хэлж байв.

“Холстомер” хэмээх энэхүү бүтээлийг туурвихдаа зохиолч 30 жилийн амьдралаа зориулсан гэдэг. Тэр хэрээр ч эл бүтээл “Дайн ба энх”, “Анна Каренина” зохиолоос нь дутахааргүй алдартай. Зөвхөн урт удаан хугацаанд бичсэн гэдгээрээ бус унших тусам улам гүнд нь уусан шингэж бодол эргэцүүллийн ертөнцөд оюун санаа, сэтгэл зүрх, мөн чанараа дэнслэн үзэх орон зайг хэн хүнд нээж өгдгөөрөө онцлогтой.
Л.Толстойн мэндэлсний 190 жилийн ойд зориулан тус театрын уран бүтээлчид “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “Адууны түүх” буюу холстомер хэмээх хоёр бүлэгт жүжгийг өнгөрсөн 11 дүгээр сард тайзны бүтээл болгосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *