Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Адидастай” муммиг анх удаа олон нийтэд үзүүлж байна

Монголын Үндэсний музейд “Хадан гэрийн соёл” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд энэ удаад Монгол Алтайн нурууны бүс нутаг буюу Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Урд улаан үнээт” уулаас 2015 онд Монголын Үндэсний музейн судлаачид, 2016 онд Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас Ховд их сургуулийн судлаачид тус тус илрүүлэн судалж буй хоёр хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворыг дэлгэжээ.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялангийн дурсгалаас дэлхий нийтэд “аdidas” хэмээн алдаршаад байгаа гутал, олон төрлийн малгай, дээл хувцастай, эмэгтэй хүний хатмал шарил, хазаар, хударга, хөмөлдөргөтэй бүрэн эмээл бүхий бүтэн морь бусад олон тооны ховор үнэт олдворууд гарсан байв. Энэхүү олдворыг судлаачид лабораторийн судалгааны үр дүнд тулгуурлан Хятаны үед буюу НТ-ын Х зууны үед холбогдохыг тогтоожээ. Эдгээр дурсгалуудыг мөн үзэсгэлэнд дэлгэсэн байв.

Мөн Ховд аймгийн Мянгад сумын “Урд улаан үнээт” уулнаас олдсон дурсгалуудыг судлаачид урьдчилсан байдлаар Жужан улсын үед буюу НТ-ын IV-VI зуунд холбогдоно хэмээн таамаглаж байгаа аж. Уг дурсгалаас нэхий дээл, доргоны арьсан дах, арьсан өмдтэй эрэгтэй хүний хатмал шарил, эмээл хазаар, хутга, нум сум, саадаг, хоромсого, арьсан ууттай модон тоглоом, адууны зүлд зэрэг урьд өмнө олдож байгаагүй олон сонирхолтой олдворыг үзэсгэлэнд дэлгэсэн байна.
“Ховд” их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн багш Ч.Мөнхбаяр Ховд аймгийн Мөнххайрхан уулнаас олдсон “Үзүүр гялан”-гийн олдворыг талаар танилцуулсан юм. Тэрээр:
-Энэхүү “адидастай” мумми гэж нэрлэгдээд байгаа эмэгтэй маань 30 орчим насны эмэгтэй байсан. Эдэлж хэрэглэж байгаа зүйлээс нь үзэхэд эмэгтэй хүн гэдэг нь тогтоогдсон. Хүн судлалын үүднээс монголжуу төрхтэй эмэгтэй хүн байна гэсэн судалгаа гарсан. Цаашдаа ДНК-ийн судалгаагаар монгол хүн байсан уу, кидан хүн байсан уу, түрэг хүн байсан уу гэдэг нь тодорхой болно. Зарим хүмүүс “Үзүүр гялаан” гэж буруу хэлээд байгаа. Уг нэр нь бол “Үзүүр гялан” юм. Энэ газар нь Цэрэндорж гэдэг малчны хаваржаанаас 300м-н зайтай оршдог. Тэр малчны ээж 70 орчим насны хүн Үзүүр гялаан гэж нэрлэе гэсэн юм байна лээ. Энэхүү олдворын онцлог нь гэвэл гутал нь адидас пүүзтэй төстэй, мөн эмэгтэйн малгай нь дээрээ хээтэй байгаа. Ийм малгай өмнө нь олдож байгаагүй. Бас нэг малгай биш таван малгай нэг дороос гарснаараа онцлог юм. Нийтдээ 71 олдвор олдсон. Даавууны хийц байдал маш сайн хадгалагдсан, иж бүрэн олдсон гэдгээрээ их онцлогтой гэсэн юм.

Түүнээс дараахь асуултад хариулт авав.

-Энэ эмэгтэй язгууртан хүн байсан уу?
-Энэ бол язгууртан хүний булш биш. Хэрвээ язгууртан байсан бол морины хазаар нь алтаар юм уу мөнгөөр бүрэгдсэн байх ёстой. Харин энэ эмэгтэйн морины хазаарын товруу нь хүрлээр цутгагдсан, гадна талаар нь мөнгөөр цайрдсан байгаа. Мөн хөдсөн дээлний дотуур хормойнд нөхөөс байгаа. Мөн арьсан дээлэн дээр ч бага зэргийн эсгийн нөхөөс байсан. Энэ эмэгтэй гэнэтийн байдлаар толгойндоо цохиулж нас барсан нь тогтоогдсон.
-Цаашдаа энэ олдвор олдсон газраас олон булш гарах боломж бий юу?
-Монгол Алтайн уулс, Мөнххайрхан хавь бол олдвороор баялаг. Олдворын байрлаж байгаа газарзүйн байрлал, чулуун дараас, хадыг ашиглаж оршуулга хийсэн байгаа байдлыг нь харахад оршуулга дахиад байх магадлалтай байгаа.
-Өөр Мөнххайрхан уулаас ямар ховор олдворууд олдож байсан бэ?

-Энэ уулаас олдсон олдворуудыг дурдах юм бол 2013 онд Мөнххайрхан сумын Гоожуур гэдэг газраас хадны оршуулга олдсон. Судалгааны үр дүнгээр ХБНГУ-д энэ дурсгалын он цаг тогтоох, ДНК-ийн судалгаа явагдаж байгаа. Малгайн хувьд 13-р зууны үеийн өндөр богтого малгайтай байсан. Өөр нэг өвөрмөц олдвор нь 2001 онд энэ уулаас Монгол, Оросын хамтарсан судалгаагаар хиргисүүр малтсан. Тэндээс хүний ясны олдвор олдож байсан. Хиргисүүр нь гурван буган чулуун хөшөө дагалдуулсан өвөрмөц олдвор байсан.

-Морьтой хамт оршуулсан байгаа нь шашны ямар нэг зан үйлтэй холбоотой юу?

-Тухайн хүний ертөнцийг үзэх үзэл, оршуулгын зан үйлтэй л холбоотой асуудал. Морийг хойд насандаа очоод унана гэсэн утгатай. Жишээлбэл, толины хагархай олдсон. Яагаад хагалж дагалдуулав гэдэг нь шууд бөөгийн зан үйлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хүнийг оршуулахдаа эдэлж хэрэглэж байсан зүйлийг нь хагалж, тэр эдлэл хэрэглэлд байгаа сүнсийг нь явуулсны дараа тэр хүний сүнс нь хойд насандаа очиж үйлчилнэ гэсэн утгаар толийг хагалж дагалдуулсан байгаа. Та бүхэн сайн мэдэх байх, 2011 онд манай багш Эрдэнэбаатар “Гол мод-2” булшийг малтсан. Тэндээс зургаан тэрэг бүтнээрээ мөртлөө эд ангийг нь салгасан байдалтай гарсан. Хүннүгийн үед тийм оршуулга олдож байгаа нь саяын миний хэлсэнтэй л холбоотой. Жишээ нь ваарны ирмэгийг хагалаад бүтнээр нь дагалдуулсан байдаг. Бид айлд савыг нь хоосон буцаадаггүй. Савны эзэн нь гомдчихно гээд чихэр, боов хийж явуулдаг. Тэр утгаараа энэ нь бөөгийн шашинтай холбоотой зан үйл юм.
О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *