Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ад үздэг ардчилал, парламентын засаглал нь манай Ерөнхийлөгчийг авч гарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 910ны өдрүүдэд БНХАУын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод ирлээ. Тэрээр энэ үеэр Орос, Хятад, Беларусь, Иран, Киргиз, Энэтхэг, Казахстан зэрэг улсын төрийн тэргүүнүүдтэй уулзаж тодорхой асуудлуудаар санал солилцоод амжсан. Энэ удаагийн хурлын эргэн тойронд өрнөсөн үйл явдлаас бидний хувьд ШХАБд элсэх эсэхээс илүүтэй хамгийн чухал, гол асуудал бол манай хоёр хөрш “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн явдал байлаа.

ШХАБын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУын ерөнхийлөгч В.Путин, БНХАУын дарга Си Жиньпин нар МонголОросХятадын гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалт хийсэн. ОХУын ерөнхийлөгч В.Путин “Бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх тус байгууллагын хүрээнд манай гурван улсын хамтарсан “Эдийн засгийн коридор” хөтөлбөр хэрэгжинэ гэдэгт найдаж байна” гэсэн бол БНХАУын дарга Си Жиньпин “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлж, гурван талын хамтын ажиллагаанд улам их ахиц гаргахад Хятадын тал бэлэн байна” гэж тус тусынхаа байр суурийг илэрхийлсэн юм. Энэ нь бидэнд эдийн засагтаа нааштай нөхцөл бүрдүүлэх боломж гарч ирэх нь гэсэн сонор мялаах мэдээ л дээ. Хэрвээ “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр хэрэгжвэл хэдэн жилийн өмнөөс төлөвлөчихсөн байсан тээврийн дэд бүтэц, аж үйлдвэр, хилийн боомтыг шинэчлэх, худалдаа, гааль, мэргэжлийн хяналт шалгалт, хорио цээр, хүрээлэн буй орчныг хамгаалах болон экологи, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, анагаах ухаан гэсэн чиглэлүүдээр гуч гаруй томоохон ажил, бүтээн байгуулалт хөдөлнө гэсэн үг. Ийм нааштай мэдээ дуулсан нь л болоод явчихаж байгаа юм. Тэглээ ч үүнээс өөрөөр томоохон яриа хэлцэл өрнөсөнгүй, манайх хатавчинд нь сууж хүмүүсийн яриаг чагнасхийж байтал хурал тэгэсгээд дуусчихсан даг.

Жижиг орны зовлон их ээ. Би жижиг орны Ерөнхийлөгч гэж бодоод биеэ бариад дөлсхийгээд байх нь бас хэцүү. “Үүл нь гараад бороо орохын цагт үүдэн хоймрын ялгаа юу байх вэ” гээд тоохгүй зогсоод байх бас бэрх. Гэхдээ ингэхээс өөр арга байгаагүй ч юм шиг. ШХАБын энэ удаагийн хурал үнэндээ манай Ерөнхийлөгчийг нэлээд хүнд байдалд оруулсан, шахалт үзүүлсэн өнгө аястай байв. Гэвч тэр байдлаас түүнийг цэвэрхэн сугалаад гаргаад ирсэн зүйл бол ад үзээд байдаг өнөө л парламентын засаглал, ардчилал хоёр нь байлаа. Энэ хоёр түүний аминд орсон ч гэж хэлж болно.

Хурлын үеэр хоёр хөрш маань Монгол Улсыг ШХАБ-ын ажиглагч орны статусаа ахиулж гишүүн болж, хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэхийг дэмжиж байгаагаа илт илэрхийлээд зарлачихсан. Манай орны хувьд ШХАБд 2004 оноос ажиглагчийн статусаар оролцсоор өнөөдрийг хүргэсэн. Тус байгууллагад манай улсыг гишүүнээр элсүүлэх “урилга”, уриалга, санал хэдэн жилийн өмнөөс идэвхтэй ирж байсан ч өнөө жилийнх шиг ийм хүчтэй шахалт байгаагүйг ажиглагчид онцолсон. Мэдээж олон улсын улс төрд энэ байтугай л юм өрнөдөг байлгүй.

Хэрвээ Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай улс байсан бол ШХАБ-д гишүүнээр элсэхгүй байхын аргагүй нөхцөл байдал тэр хэдэн хоногт үүссэн. Монгол Улс тус байгууллагад элссэн бол юун хатавчинд нь суух вэ хурлын өрөөнөөс нь хөөгдөж гадаа нь зогсч байгаа өрөвдөлтэй, хүчгүй харагдуулах “ажиллагаа” явагдах байлаа шүү дээ. Хэдий жижиг улс ч гэлээ Ардчилсан орон болохоор тэр хуралд улсын дайтай оролцоод уулзах хүмүүстэйгээ уулзаж, ярилцах ёстойгоо ярилцчихсан. Манай Ерөнхийлөгч “Манайх парламентын засаглалтай, ардчилсан орон. Би мэдэхгүй. Ард түмэн мэднэ. Ард түмнээс сонгогдсон парламент мэддэг юм аа. Ямар ч байсан би өргөн хэлэлцүүлэг эхлүүлчихээд ирлээ” гэж хэлээд нэг юм мултарч амиа авч гарч ирлээ, ШХАБын хурлаас. Энэ үгнээс ардчилал гэж ямар их хүчтэйг, парламентын засаглал гэж ямар бат бөх, олон тулгууртай вэ гэдэг нь мэдрэгдэж байна.

Парламентын засаглал нь аливаа нэг зүйл, үйл явдлыг олон ургалч үзлээр задалж, дүгнэж, талцахдаа ихээхэн цаг хугацаа бардаг ч эцэст нь харьцангуй зөв шийдвэрт хүргэдэг нь энэ л дээ. Парламентын засаглал шийдвэр гаргахдаа удаан гэж шүүмжилж чичлүүлдэг ч алсуураа “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдгийн том илэрхийлэл. Судлаач Пщеворски 135 оронд хийсэн судалгаагаараа “Парламентын засаглал нь ерөнхийлөгчийн тогтолцооноос илүү удаан оршин тогтнодог”-ийг олон жилийн өмнө дэлхий нийтэд дэлгэн тавьж парламентын засаглал нь ардчилсан тогтолцоо болохын хувьд илүү дархлаа сайтай, оршин тогтнох хавьгүй дээр чадвартайг харуулж байгааг баримт нотолгоотойгоор тайлбарласан байдаг.

Хэдийгээр манай улс одоогоор эдийн засгийн хувьд асуудалтай байгаа ч ардчилал, парламентын засаглал хэмээх том дархлаатай байгааг энэ удаагийн хурал нэг талаараа харуулаад өглөө. Бид дотроо хэрүүл уруултай, нэг асуудлыг шийдэх гэж тал талаас нь маргадаг ч хөгжлийн хуулиараа манай улс бартаатай ч гэсэн урагшлаад л байгаа юм. Хэрвээ манайд улс төрийн тогтолцоо арай өөр байсан бол сая бид Чиндаод гадаалсан шиг ээ, хумсаараа оролдоод доожоо муутайхан дүртэй зогсч байх байлаа. Гэвч ад үзээд байдаг ардчилал, удаан хойрго гэгддэг парламентын засаглалынхаа ачаар сугараад л гараад ирлээ. Бүгд харсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *