Categories
мэдээ цаг-үе

Аавынхаа итгэлийг даах л гэж дундаас нь орхиогүй

Бороо хур ихтэй зуны ид халуун өдрүүдэд Токио хотноо Сумогийн башё ид дундаа, корона цар тахлын улмаас үзэгч цөөхөн, нам гүмхэн боллоо. Хүчирхэг монгол сумо бөхчүүдийн нэгэн болох мэргэжлийн Сумо бөхийн дээд макүүчи зиндааны баруун жигүүрийн хоёр дахь чансаанд эрэмбэлэгдэж байсан “Догшин бүргэд” хэмээх Араваши Эрхбаярын Дөлгөөн энэ жилийн нэгдүгээр сард зодог тайлсан билээ. Түүний аав хоёр ихэр улсын начны нэгэн, Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медаль, Ази тивийн дэлхийн аваргын алтан медальт, Сөүлийн Олимпийн чөлөөт бөхийн дөрөвдүгээр байранд орж байсан манай улсын нэрт тамирчин Лодойн Эрхбаяр билээ.

Түүний ээж Дармаагийн Оюун. Дүүг нь Хүслэн гэдэг. Одоо бүгд АНУ-д аж төрж байна. Хүүхэд байхаасаа л барилдаж, бөхийн зааланд ихэнх цагаа өнгөрүүлсэн. Аав нь Энэтхэгт үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 1994-1997онд ажиллан, гэр бүлээрээ амьдарч байсан. 2000 онд Малайз, Филиппин рүү нүүж, хүүхэд насаа гадаадад өнгөрүүлжээ. Монголд буцан ирсний дараа “Аварга” Биеийн тамирын дээд сургуулийн танхимд үндэсний бөхийн бэлтгэл хийдэг байв. 2002 оны Үндэсний их баяр наадмаар өсвөр насны барилдаанд үзүүрлэж байсан удаатай. Тун удалгүй Сумогийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Японы Осака хотноо оролцон, Сумогийн алтан хараацай болсон Кёкшюүзан Д.Батбаяр санал болгосноор анх 16 настайдаа “Араисо” дэвжээнд элсэн орж, сүүлд “Минэзаки” дэвжээнд харьяалагдан, цор ганц цолтой бөх нь болсон билээ. Болгарын бөх Котоошюү, Хошиказе Амармэнд нартай нэгэн үе. Анх сумоч болоод “Аавынхаа алдар нэрийг өндөрт өргөн үргэлжлүүлэн явах юм шүү” гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн, ид хав оволзон байсан юм.

Башёон үеэр аав нь юу ч ярьдаггүй харин дууссаны дараа хоёр цаг гаруй лекц уншдаг байсан. Барилдааны мэхээс эхлээд бодол санаагаа хэлж зөвлөнө. Өөртөө итгэлтэй барилдах хэрэгтэйг сануулна. Тамирчин аавынхаа аливаад тууштай, үнэнч, сэтгэлийн их хаттай, цэх шулуун, хэзээ ч цуцашгүй шургуу занг нь гайхан биширдэг ажээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Хийж байгаа бүхнийг чинь бурхан харж байгаа гэж үргэлж захидаг гэнэ. 2006 онд арван есөн настайдаа мөр нь мултраад хорин нас хүрэхээсээ өмнө цолтой болно доо гэж бодож байсан ч бэртчихээд амарч байтал аав нь “Чиний насан дээр ингэж барилдаагүй дээ” гэж гунигтайгаар хэлэхэд нь дотроос нэг юм огшоод, цээж хөндүүрлэснийг одоо ч мартаагүй билээ гэж ярьж байв. Хүүхэд байхаасаа аавынхаа нэр нүүрийг барахгүй, итгэлийг нь алдахгүй гэсэн сэтгэл минь үргэлж байдаг. Ингэж явсаар 2011 онд анх Жүрёод, 2014 онд дээд зиндаанд гарсан юм. Гадаад бөхчүүдээс хамгийн удаан дээд зиндаанд ахисан гэж тэмдэглүүлсэн. Бэртэл гэмтэл гол нь байсан ч цаг нь болсон болоод л дээшээ гарсан байх хэмээн тэр намуухан өгүүлэв. Бэлтгэл сургууль жигдрээд, жин нэмэгдээд дээд зиндаанд гарсны дараа тав, зургаан жил огт уулзаагүй аав, ээжтэйгээ Америкт очиж уулзаж билээ. Дээд зиндаанд гарч байж л уулзана гэж хатуу шийдсэн юм.

Макүүчид гарсны дараа аав маань ээжид “Ийм сайхан хүү төрүүлж өгсөн чамдаа баярлалаа” гэж хэлсэн гэнэ лээ. Түүнийг сонсоод сэтгэл жаахан тайвширч билээ. Уг нь хорин нас хүрэхээсээ өмнө жүрёод гарна гэсэн хатуу зорилготой байсан ч мөр мултарснаас хойш тэмцээн болгонд долоо, найман удаа мултарч, 2007 онд мөрөндөө хагалгаа хийлгэж хэдэн сар завсарласан. Амарсан хугацаагаа тоолоход бараг хоёр жил барилдаагүй өнжсөн байдаг юм.

Дээшээ гараад л унаад л эгзэгтэй мөчүүд ээлжилсэн үед өвдөгний бэртэл хүндрээд, бэлтгэл сургуулилтдаа шаргуу орж чадахгүй байсаар 2017 оны нэгдүгээр сарын башёон хамгийн эхний өдөр Какүрюү М.Ананд аваргыг давчихаад, найм дахь өдрийн барилдааны хамгийн сүүлийн бооцоо хамгийн өндөр, бөхчүүд болон үзэгчдийн хувьд хамгийн онцгой сайхан агшин байдаг барилдаанд Хакухо аваргыг даван түүний үргэлжилсэн рекордыг зогсоож байжээ. Аварга хүнийг өвдөг шороодуулна гэдэг бөх хүний нэг мөрөөдөл бөгөөд учраа таарч, барилдана гэдэг сандарч тэвдэх, сүрдэхийн хажуугаар бас баярлаж догдлох зэрэгцэж байдаг. Хамгийн их сэтгэлд хоногшин үлдсэн барилдаан гэвэл Жюүрёо зиндаанд барилдаад анх удаа тавин хувийн амжилт үзүүлчихээд, тэр үе хүртэлх сумогийнхоо амьдрал, туулж ирсэн жаргал зовлонг санаад, мэлмэртэл уйлж байсан нь сэтгэлд тод үлджээ гэж дурсан ярив.

Багаасаа гадаадад амьдарч байсан болоод тэр үү дахиад л харь оронд олон жилийг өнгөрүүлэх болсон түүнд идээшиж дасах нь амархан байсан ч эх орондоо эргэж очих юмсан гэсэн хүсэл үргэлж хүчтэй байдаг байлаа. Хүний нүднээс далд их уйлдаг байжээ. Мөрөөдөл, зорилго байгаа цагт хүн хэзээд босож сэргэдэг. Хүнд бэртэл авчихаад тааз ширтээд хэвтэж байхад тэрхүү мөрөөдөл холын хол сарнин алга болоход хамгийн хэцүү гашуун байж. Дээд зиндаанд барилдаж байхад элэгдлийн улмаас өвдгөнд нь ус хураад, шатаар өгсөхөд шаналгаатай, өвчин намдаагч тариулан, боолт хийгээд барилдаад байлаа. Ингэсээр 2017 оны 11 дүгээр сараас бэлтгэл хийж чадахаа байв. Түүний нэрийн ваши гэдэг нь бүргэд гэсэн утгатай бөгөөд дээд зиндааны бөх, нутаг нэгтэн Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаад давбал жинхэнэ бүргэд унавал хуурамч бүргэд нь гэж бие биенээ явуулж, хэвлэл мэдээллийнхнийг хөгжөөдөг байж. 2015 онд Монголд танилцаж байсан түүний гэргий П.Янжинлхам онгоцны үйлчлэгч хийдэг байжээ.

Дараа жил нь Японд ирж Токиогийн шөнийн тэнгэр дор нисдэг тэргээр аялж байхдаа агаарт гэрлэх санал тавин бөгжөө хуруунд нь зүүж өгч байжээ. Зодог тайлснаар сумо бөх байх завгүй, байнгын бэлтгэл, бэлэн байдалд байх, идэж уух хоол унддаа анхаарах, хатуу дэг журамд баригдах, олон нийтийн ажилд оролцох зэрэг цагийн нарийн хуваариас чөлөөлөгдөж, мөрнөөсөө нэгэн том ачаа авах мэт сэтгэл хөнгөрөх мэдрэмжийг одоо амсан суугаа билээ. Бэртсэн гэснээсээ бэртээгүй газраа хэл гэвэл хурдан байж магадгүй гэж хэлээд тэр инээмсэглэв.

Эргээд бодоход сумогийн бэлтгэл сургууль их хүнд байжээ. Өдөр болгон хамаг биеэрээ нэг нэгнээ мөргөдөг. Нэг мөргөлт гэхэд л бага оврын машинд мөргүүлсэнтэй адил бие болон тархинд доргилт өгдөг гэж үздэг. Өдөрт тэр доргилтыг хэдэн арван удаа авна. Тэрбээр сумодоо гурван багштай. Тэмцээн дуусангуут юун түрүүнд тэдэн рүүгээ өдөр өдрийн дүнгээ мэдээлж хэлнэ. Багшийгаа их хүндэлнэ дээ. Сумогоос тэсвэр хатуужил, хүн байхын хүмүүжил олж авсан. Зодог тайлах ёслол нь ирэх жилийн хоёрдугаар сарын 23-ны өдөр болохоор хойшлогдов. Тэр болтол сумо бөхийн хийморийн бэлгэдэл болсон чёнмаге үсээ хамаагүй тайруулж болохгүй учир зуны халуунд урт үс нь жаахан тээртэй байгаа ч тэвчихээс аргагүй гээд инээв. Амжилт гаргахгүй амархан больчихвол аавын нэр хүндэд муу.

Аавынхаа нүүрийг харах аргагүй гэж боддог байлаа. Сэтгэлийн мухарт яагаад ч юм би чадна гэдэг бодол төрөөд байдаг байв. Түүний мэргэжлийн сумогийн бөхийн амьдрал ямар он жил байсныг асуухад их хурдан ч юм шиг, нэлээн удаан ч юм шиг. Гаргаж болох л бүх боломж, хүч чадлаа дайчлан барилдаж, тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн ч аавынхаа нүдэнд баярын нулимс дуслуулах чинээ барилдаж чадаагүйдээ сэтгэл дундуур, харамсалтай байна хэмээн зодог тайлах хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан үг нь содон, сэтгэлд гүн тусч байсан юм. Тэр эргэж харамсахгүйн тулд дундаасаа орхиогүй. Монголын гурван их аварга болох Ёкозуна Хакухо, Харумафүжи, Какүрюү нарыг өвдөг шороодуулж, кинбоши буюу “Алтан од” урамшуулал гурвантаа хүртэж байсан нь түүний хувьд сумогийн барилдааны түүхэнд үлдээх онцгой агшин байсан нь гарцаагүй. Сумогийн энэхүү арван найман жилийн замналд тэр хэд хэд шархадсан ч элин халин дэвэх цуцашгүй бүргэд байлаа.

Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ В.ДАВАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *