Categories
мэдээ цаг-үе

Аавын нөмөр

Хавар болж модод гөлөглөхөд хаанаас ч юм ирсэн хөөр баяр үргэлж дагадагсан. Хөнгөн нимгэн хувцастай дуу аялсан шигээ алхана. Орчлонгийн бүх юм ирж байх шиг, мөнх ногоон мэт. Харин өнгөрсөн жилийн өдийд ирэх шувуудын түрүүчээр аав минь бурханы оронд заларсан юм. Модод ногоорон шувууд шулганасан хаврын өдрүүдийг уйтайхан давлаа. Хагацал гэж ийм халгам, итгэхийн аргагүй хурдан, бас зүрх зүсэм юм. Одоо би хүмүүсийг эрүүл байгаасай, ээж аавтайгаа элэг бүтэн урт удаан амьдраасай гэж залбирдаг болсон. Ийм амьдрал бол амгалан тайван, хүний амьдралын хамгийн үнэ цэнтэй, жаргалтай үеүдийн нэг юм шүү.

Миний аав бол БНМАУ-ын хошой аварга, Монгол Улсын гавьяат малчин, алдарт уяач Бандийн Дэмбээ билээ. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум бол аавын маань төрж өссөн нутаг. Хоёр жилийн өмнөх зун аавтайгаа бид нутгаар нь аялсан юм. Төрсөн газрынх нь дээхнэ талд халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын төрсөн газар байх. Доошоо жаахан уруудахад түүнд зориулсан сүм дугана алтан ганжираа гялалзуулан тосно. Ийм л ариун сайхан эрчим хүч, шүншигтэй газар аав минь төрж өсчээ. Шувуутын гол бол цамцаа дэрвүүлсэн бага балчир насных нь бүхий л дурсамжийг шингээсэн рашаан булаг юм. Сурч байсан бага сургуулийнх нь хэдэн байшингийн үлдэгдэл буйран дээрээ одоо ч байна лээ. Олон жилийн өмнө аав минь тэнд сурч, Шувуутын голыг өгсөн уруудан давхиж, ажаа аавдаа туслан, дүү нараа асран өсгөлцөө биз ээ.

Хожим өвөө аавынх хот руу шилжин ирж, аав харин Төв аймгийн Баянцогт суманд суурьшжээ. Анх “Оч” нэгдэл гэж байхад нэгдлийн мянган адууг хариулж байсан гэдэг. Эмнэг догшин, занг нь мэдэхгүй тэр олон адууг хэрийн хүн адгуулж хариулж чадахгүй нь мэдээж. Ёстой эрмэг залуу насныхаа ааг хиймориор л нугалж явсан хэрэг. Хожмоо аав маань мянган цагаан хонь авч хариулсан байдаг. Олон жил хонь хариулахдаа зүгээр ч хариулсан болоод байсангүй. “Зуун эхээс зуун хорин хурга авч өсгөснийг нь үнэлэн…” хэмээн шагнал урамшуулал дээр нь зориуд тодотгон бичсэн байдаг юм. Үүгээр нь тооцоод үзэхэд лав улсдаа 16000 толгой хонь бэлдэж өгчээ. Миний аав ийм л ажилсаг хүн. Өөрөө зүгээр сууна гэж байхгүй, байнга юм хийж хөдөлж байна. Залхуу хойрго хүнд ясны дургүй. Ажилгүй анхиагүй хүнд юм өгснөөс хээр аваачаад хаячихсан нь дээр гэж үзнэ. Сумын сургуулийг хоньтой болог хэмээн олон хурга хандивлаж байхад аавыг маань зарим нь магтаж “дотуур байрны хэдэн хүүхэд гэдэс цатгалан байх нь” хэмээж байхад зарим нь зарсан бол овоо мөнгө болох байсан даа хэмээн толгой сэгсэрч байсан гэдэг. Ингэлээ гээд манайх дутаж дундраагүй ээ. Сумынхаа анхны мянгат малчин болж, аав өнөө л өгөөмөр зангаараа мал хуйгүй олон айлыг малжуулсан. Бас өвдөж зовсон танил, найз нөхдөдөө байнга шөлний хонь өгнө. Сумын төв, хот суурин газраас байсгээд л машинтай хүмүүс ирнэ. Гэрт цайлж дуусаад аавыг сэмхэн дуудаж холхон очиж суугаад ярилцах нь надад их сонирхолтой санагддаг байж билээ. Юугаа тэгж тусдаа ярьдаг байна аа гэж сониучирхаж байгаа нь тэр. Удалгүй аав хонио хурааж, өнөө хүн машиндаа нэг “шөлний юм” ачаад арилж өгнө. Зарим хүн мөнгөтэй болохоороо өгье гээд зээлээр хонь мал авна. Өөрийг нь гээд ирсэн хэнийг ч болов аав сэтгэл дундуур буцааж байгаагүй. “Хүнд хонь мал өгөх бол олигтойхон юм өгчихөж бай. Хүнийг сэтгэл дундуур буцаах дэмий байдаг юм” гэнэ.

Миний аав гайхалтай ой сайтай хүн. Хэчнээн ч олон үлгэр мэддэг байсан юм. Биднийг багад орой тойруулж суулгаж байгаад үлгэр ярина. “Эр хар, бар хар” гээд хоёр их хүчтэний тухай, дээхнэ жинчид ямар хачин адал явдал туулж байж газрын холыг туулдаг байсан тухай, алдартай хурдан хүлэг морьдын үүх түүх, эрдэм чадал нь хэтийдсэн мэргэдийн тухай хэдэн орой дамнуулан хүүрнэнэ. Айл саахалтаараа түүнийг нь шимтэн сонсоно. Саахалт айлын эмээ аавын үлгэрийг сонсох нэрээр өдөржин данх хоослон манайд суудаг байлаа. Эгч сахилгагүйтэж эмээгийн нүүр рүү тас ширтэнэ. Эмээ уурлаж хариу тас ширтэлцэж бид элгээ хөштөл инээлддэг байлаа. Энэ мэт хөгжилтэй явдлууд өдөр болгон л өрнөнө.

Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай халхын сайхан эрчүүдийн нэг явлаа, миний аав. Аавын залуугийн зургуудыг харахад өөрийн эрхгүй цалгисан их эрч хүч мэдрэгддэг юм. Арга ч үгүй биз, эмнэг дошгин мянган адууг номхруулж явсан аав минь чамгүй сайн барилдаж, сумын начин цолтой болжээ. Найран дээр “Жаахан шарга”-ыг мэлмэртэл сайхан дуулна. Орчин үеийн дуунаас “Алсын анирхан уулс дундаа Агаарын анирхан хөдөө юм аа хө…” гээд ялимгүй халамцуу аав минь инээмсэглээд дуулж суудагсан.

Хурдны морь уях бол аавын маань хамгийн дуртай ажил. Улс, аймаг, сумын түрүү, айргийн тавд хурдан хүлгүүдээ хурдлуулж байсны гэрч нь гэрийн хоймроор дүүрэн байх медалиуд. Тэдний дундаас улсын наадмын хоёр мөнгөн медаль бусдаасаа содон харагдах төдийгүй манай гэр бүлийн бахархал юм. Манайх хонгор голдуу адуутай. 1978, 1979 оны улсын наадмаар аман хүзүүдсэн хурдан ажнай маань мөн л хонгор зүстэй. Энэхүү алдарт хүлгийн улсад үзүүлэх дараа дараагийн амжилтыг нэгэн шилийн сайн эр тасалсан юм. Орон даяар зартай хулгайч шоронгоос оргохдоо хамсаатнуудынхаа тусламжтайгаар хурдан хонгор тэргүүтэй сүргийн сор болсон дөрвөн сайхан морийг маань хулгайлан авч одсон. Олон ч удаагийн отоо, барианаас тэрхүү сайн эрийн амийг аварсан юм гэнэ лээ. Нэлээн хэдэн жилийн дараа өнөөх сайн эрийг баригдсан тухай мэдээ дуулдаж, хурдан хонгорын сураг Булганы Дашинчилэнд дуулдлаа. Аав маань эмээл, хазаараа төхөөрч хонгор морио авчрахаар найз жолоочийнхоо машинтай явлаа. Алдсан малын эрэл, арилжаа наймаа, ажил төрөл гээд ямар ч зүйлийг хийморьтойхон бүтээгээд ирдэг аав маань тэр удаа эвхсэн хазаартайгаа ирсэн юм. Аавын сонинг сонсох гээд манайд ойр хавиас дүүрэн хүн цуглажээ. “Сайн айлд байгаа юм байна. Хадаг барьж гуйгаад болдоггүй, орхичихоод ирлээ”. Аав ийм л тайлбар хийв. “Аваад ирэхгүй яасан юм. Тэр хурдан буян нутаг усандаа, ижил сүрэгтээ байх байсан юм” гэж ирээд бөөн яриа боллоо. Үүнээс үүдээд өдөржин, оройжин, шөнө дунд хүртэл хурдан хүлгийн яриа гэрт өрнөлөө. Хадаг барьж гуйсан хүмүүсийн сэтгэлийг бодсон ч нөгөө талаас аавын амь насанд эрсдэлтэй нөхцөл үүсээд байжээ гэдгийг би ярианаас нь ойлгов. Тэр нутгийн аль л хөдөлгөөнтэй, танхай гэсэн залуус цуглаад аавыг яахыг ажиглаад байж. Ганц морьтой хүн замд гарлаа гэхэд эзгүй хээр яагаа ч билээ. Ингээд найз жолооч нь тас хорьчихсон гэнэ. “Амьд мэнд гэрт нь аваачиж өгье, боль” энэ тэр болоо биз. Энэ тухай ам дамжин нэмэгдэж хачирлагдан хэдэн өдөр л сум даяар яригдсан гэнэ лээ. Тэр үед Сангийн аж ахуй тараагүй, хөдөө хүн ихтэй байжээ. Айлууд зун болохоор тав, арваараа айлсан бууж их ажлын хажуугаарх хөгжил хөөртэй өдрүүд үргэлжилдэг байлаа.

Хөгжилтэй явдал гэснээс хэдэн жилийн өмнө бас нэг ийм явдал боллоо. Зуны үдэд юм даа, аав доголон хонь аргамжина гээд гарсан юм. Ээж бид хоёр гэртээ ааруул тавьж байтал буун дуу гарах шиг болж, зэрэгцээд аавын хашгирах дуу сонстлоо. Гүйгээд гартал аав гуяа дарчихсан “Аавыг нь хүн буудчих шиг боллоо” гэж байна. Би гэж ухаан алдталаа айсан хүн ийш тийш харангаа аавын буудуулсан шархыг үзэхээр гүйн очиж, өмдийг нь дараад үзтэл чийг татаад, цус бололтой шингэн юм урсаж байна аа. Гэтэл аав өмдөө доошлуулж үзээд түс хийтэл инээд алдлаа. Гайхан харвал ямар ч шарх, цус алга. Тэгэх нь ээ, халуунд аавын өмдний халаасанд явсан зажиголк дэлбэрч, багахан шингэн гоожсон байжээ. Айж уйлах шахан гүйж явсан би, дараа нь энэ түүхийг сонссон хүмүүс элгээ хөштөл инээлдэж билээ. Тэрүүхэн зуур аав тарваганд явсан дүүгээ “буу алдчихлаа” гэж хардсан гэж байгаа.

Миний аавын намтар бол хийж бүтээх, хөдөлмөрлөхийн намтар билээ. Сангийн аж ахуйн үед мянган хонио авч намаржингаа ганцаараа оторт явна. Хадлангаа бэлтгэнэ. Хөрзөнгөө хуулж, хашаа хороогоо янзална. Хонио төллүүлнэ. Нүүдэл суудал хийнэ. Жилийн дөрвөн улиралд нойр хоолоо хугаслан зүтгэсэн зүтгэл өөрт нь алдар гавьяа болон эргэн ирсэн юм. Төрийн бүхий л том одон медаль, цолыг хүртсээн. 2009 онд гавьяат малчин цол авах үедээ хөлөө гэмтээсэн байсан юм. Аав залуу идэр насандаа аймгийн депутатаар сонгогдож энд тэндхийн хурал хуйд бишгүй нэг явдаг байсан ч Төрийн ордонд төрийн өндөр шагнал авахдаа суга таягтай орж байгаадаа жаахан зэнзийрхэж байгаа нь ажиглагдаж байлаа. Ер нь аливаа юманд барьц алддаггүй хүн л дээ. Үг дуу цөөн ч олны хүндлэл хайрыг хүлээсэн хүн байлаа.

Миний хүүхэд нас ийм л үлгэр домог мэт яриа хөөрөө сонсож, зогсоо чөлөөгүй их ажилд өөрийн хэмжээгээр хувь нэмрээ оруулж, дөрвөн цагийн нүүдэлд баясан хөөрч, намрын налгар цагийн найр хуримын дуунд бүүвэйлэгдэн, холыг зорих мөрөөдөлд умбан өссөн юм. Ах, эгч нар том болж гадаад дотоодод сургуульд явахад аав л тэднийг гаргаж өгнө. Угтаж авна. Уралдаан тэмцээнд аймаг, хот руу явахад аав л хамт явна. Хурал хуйд яваад ирэхдээ хэдэн хүүхдэдээ өнгөтэй өөдтэй харагдсан бүхнийг худалдаж аваад ирдэгсэн. Цоо шинэ улаан планетынх нь ард хэд хэдээрээ сундалдчихаад үсээ хийсгэн давхиж явсан цаг саяхан л мэт санагдана.

Ийм л сайхан аавынхаа нөмөрт хоргодон өдий хүрчээ, бид. Хөгшин залуу бүгд л “ааваас асууя, ааваас асуугаарай, ааваас асуусан уу” гэлцэнэ. Ах нар жаахан базаахгүй хэрэг хийчихээрээ ааваас айгаад хэд хоногоор дөлж явна. Тэд өөрсдийгөө ингэж шийтгэнэ. Аав бол ер нь юм дуугарахгүй, загнаж зэмлэхгүй. Ийм байх тусам л бүгд ааваас айдаг байлаа. Ах, эгч нар өрх тусгаарлаж өчнөөн хүүхэдтэй болсон ч аавын зөвшөөрөлгүй бол шинэ юм эхлүүлэхгүй. Найр наадам, хагацал зовлонгийн өмнө ч бид аавыгаа өмнөө бариад нөмөрт нь явдаг байлаа. Аавын нөмөр гэж хаана ч байхгүй дулаахан түшигтэй, юунаас ч хамгаалах шидтэй. Харанхуйд аавтайгаа явж байхад айдаггүй, гэгээн өдөр сагсуу бардам…ийм л байж.

Аав ер нь уйлхай нялцгай занд дургүй. Хэдэн хүүхэд нь нулимстай, уруу дорой, анхиагүй явах юм бол лав уурлаж дургүйцнэ. Тийм болохоор боломжоороо толгой өндөр явахыг хичээцгээж байна. Гэлээ гээд хааяа хааяахан сэтгэл нэвт сэнгэнэх харуусал, их санагалзлыг яаж ч намдааж болдоггүй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *