Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтуудын ачаалалтай байдлаас шалтгаалан үндэсний аж ахуйн нэгжүүд импортын бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан татан авах хандлага сүүлийн үед нэмэгдэж байна.
Манай аж ахуйн нэгжүүд дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаар ОХУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зохицуулалтуудыг хангалттай сайн судлаагүй, улмаар эдгээр зохицуулалтуудыг биелүүлээгүй зэргээс шалтгаалан бараа бүтээгдэхүүнээ хураалгах, улмаар устгалд оруулах эрсдэл гарч байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №290 тоот зарлигаар хориг арга хэмжээ авсан орнуудаас зарим нэр төрлийн барааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд гагцхүү ОХУ-ын нутаг дэвсгэрээр хоригт багтсан бараа бүтээгдэхүүний дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэхэд шаардлагатай Глонасс навигацийн систем дээр ажилладаг таних хэрэгсэл буюу цахим навигацийн хэрэгсэл “Пломб/Лац/”-ыг тавиулах зохицуулалтыг танилцуулсан.
Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн №290 тоот зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд ОХУ-ын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр № 1877 тоот тогтоолыг баталсан бөгөөд тус тогтоолоор Олон улсын дамжин өнгөрөх тээврийг хэрэгжүүлэх журам, Олон улсын тээвэрлэлт хийж буй жолоочид “тооцооны хуудас” олгох журам, Глонасс навигацийн систем дээр ажилладаг таних хэрэгсэл буюу лац тавигдах шаардлага, лац тавих хилийн боомтуудын зохицуулалтыг баталсан.
Олон улсын дамжин өнгөрөх тээврийг хэрэгжүүлэх журмын 3-19 дэх зүйлийг зөрчсөн тохиолдолд барааг оруулсан маршрутаар буцаан гаргах, бусад тохиолдолд 2015 оны долдугаар сарын 29-ний өдрийн “ОХУ-ын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эдийн засгийн зарим тусгай арга хэмжээний тухай” 391 тоот Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу устгалд оруулах зохицуулалт мөрдөгдөж байна.
Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн ОХУ-ын хил дээр саатах, хураагдах нөхцөл байдал цаашид ч үүсэхээр байгаа өнөөгийн нөхцөлд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэлт хийхэд шаардлагатай дээрх эрх зүйн зохицуулалтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна.