УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.
-УИХ-ын дарга огцорлоо. Таны хувьд УИХ-ын даргыг огцруулж байгаа энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-УИХ-ын гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төслийг баталлаа. Миний хувьд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг буруу гэж үзэж байсан. Өнөөдөр ч гэсэн тогтоолын төслийг дэмжихгүй гэсэн саналыг өгсөн. Тэрэээр УИХ-ыг даргалж байх үеийнхээ үйл ажиллагааг дүгнэсэн чухал үгнүүдийг хэлж байна лээ. Сүүлийн хоёр сарыг эс тооцвол түүний даргалж байх үеийн УИХ-ын үйл ажиллагаа сайн байсан. Баталсан хууль тогтоомжийн тоо, хэлэлцсэн асуудлуудын тухайд, ямар эдийн засаг хүлээж аваад хэр хэмжээнд аваачсан гэдгээ ч хэлсэн. Мөн уг хуулиараа дараагийн УИХ-ын дарга нарыг огцруулж, тогтворгүй байдал үүсгээд байх вий гэх асуудал дээр ч байр сууриа илэрхийллээ. Тэр бол хамгийн чухал асуудал гэж бодож байна.
Өнгөрсөн 20-иод жилийн бүх л болохгүй, бүтэхгүй үйл явцыг нэг хүн дээр тохож байгаа нь туйлын зарчимгүй, шударга бус, ёс бус үйлдэл. Нийгэмд ахиц дэвшил их л гарч, амьдрал бага ч болов сайжирч байгаа. Гэхдээ болохгүй зүйлүүд ч бий. Гэсэн ч тэр бүхэн нэг хүнээс хамаарна гэдэг боломжгүй зүйл. Хамтын засаглал, парламентын системтэй, чөлөөт ардчилсан нийгэмд зөвхөн нэг хүнээс бүх зүйл хамаарна гэдэг өрөөсгөл. Магадгүй дарангуйллын нийгэм байсан хэн нэгнийг оноож, түүнд бүхнийг тохож болох байх. Ийм бүтэшгүй санаа гаргаж, түүгээрээ ард иргэдийн тархийг угаах маягаар ажиллаж байгаа нь сайн үр дүнд хүргэхгүй.
-Дараагийн УИХ-ын дарга хэн байх вэ гэдэг асуудал яригдаад эхэлсэн. УИХ-ын дарга болвол хамгийн тохиромжтой хүн хэн бэ гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Урьдын практикийг харж байхад олон удаа сонгогдсон, ноён нуруутай, жинхэнэ төрийн хүнийг УИХ-ын даргын албан тушаалд сонгодог уламжлалтай явж иржээ.
Энэ удаад миний хувьд олон удаа сонгогдсон, тулхтай гэж болохуйц намын ахмад гишүүддээ үнэхээр сэтгэл дундуур байгаа.
Тэмцэгч гээд байгаа таван залуу гишүүн гэж ярьж байна. Ийм инээдтэй юм ярьж болохгүй л дээ. Жишээ нь Л.Болд гишүүнийг би залуу хүн гэж хэлэхгүй. 60 хүрч яваа хүнийг залуу хүн гэдэг юм уу. Хамгийн олон сонгогдсон гишүүдэд Д.Лүндээжанцан, Л.Болд зэрэг хүмүүс орж байна. Тэр үүднээсээ Л.Болд мөн манай намын олон удаа сонгогдсон гишүүд энэ бүх зүйл гэнэт өнөөдөр бий болчихсон юм шиг ярьж байна. Өнгөрсөн практикийг бүхэлд нь шүүмжилж байгаа юм. Тэгвэл тэд өнгөрсөн хугацаанд юу хийж байсан юм бэ. Яагаад гэнэт өнөөдөр нойрноосоо сэрсэн юм шиг яриад байгаа юм. Энэ логикоор харах юм бол хуучны, олон удаа сонгогдсон гэдгээрээ тулхтай төрийн түшээ болохгүй юм байна гэдгийг эдгээр хүмүүсийн үйлдлээс харж болохоор байна. Үг үйлдлийн зөрүү, биеэ авч яваа байдал нь парламент дотор байгаа улстөрчид, улс төрд идэвхтэй залууст сөрөг үлгэр дуурайл үзүүлж байгаа. Үүн дээр үндэслээд ярихад Их хурлын дарга болохоор хүн алга л гэж хэлнэ. Огцруулах асуудлыг зохион байгуулсан хүмүүсээс Т.Аюурсайхан УИХ-ын дарга болох сонирхолтой, Ж.Энхбаяр хүсэлтэй байна гэх зэрэг зүйлүүдийг мэдээ, сэлтнээс олж харсан. Санал дэвшүүлээд гишүүд олонхоороо л шийдэх байх.
-УИХ-ын даргыг огцрохыг шаардаж эсэргүүцэл зарласан таван гишүүн бий. Тэдгээрийг УИХ-ын даргын албан тушаалыг булаацалдан өөр хоорондоо хагаралдсан гэх яриа гараад байна. Энэ хэр бодитой вэ?
-Надад анзаарагдсан юм алга байна. Магадгүй тэд дараагийн УИХ-ын дарга болохыг хүсч байгааг үгүйсгэх аргагүй юм. УИХ-ын даргыг огцруулах санаачилга гаргасан энэ хүмүүс дотор Их хурлын дарга болох хүн лав харагдахгүй байна.
Түүнчлэн энэ жагсаал, цуглааныг зохион байгуулаад байгаа жинхэнэ шалтгаан нь зарим зүйлийг мартагнуулж, нийгмийн анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн үйл ажиллагаа л гэж бодож байна.
-ЖДҮ-ийн асуудлыг уу?
-ЖДҮ, Таван толгойн асуудлаас хүмүүсийн анхаарлыг холдуулахыг эрмэлзсэн байх.
-УИХ-ын даргыг огцруулна гэх дуулианы хажуугаар ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудал дарагдаад хоцорлоо гэдгийг чуулганы хуралдааны үеэр гишүүд онцолж байсан…
-Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр О.Баасанхүү гишүүн “ЖДҮ-ийн асуудлаар шударга, хуулийн дагуу зөв шийдвэр гаргана гэж хэлэхэд хүнд байна” гэж байсан. Өөрөө өөрсдийнхөө эсрэг шийдвэр гаргахгүй шүү дээ гэдгийг тэрээр хэлж байна лээ л дээ. Энэ нь надад зөв л санагдсан.
-Ээлжит сонгууль болоход хугацаа богинохон үлдлээ. Эрх баригч нам цаашид яах ёстой гэж та бодож байна вэ?
-Намын удирдлагуудын хувьд хагарсан бутарсан намаа эвлүүлэх хэрэгтэй. Хамтын шийдвэр гаргадаг тэр механизмыг эргээд бий болгохын төлөө ажиллах ёстой. Намыг удирдаж байгаа хүмүүс нь ухаалаг, хүлээцтэй, олон талын байр суурийг сонсох тэвчээртэй байж баг хамт олныг удирдах нөхцөл үүснэ гэж бодож байгаа. Тэр утгаараа М.Энхболд дарга маш мундаг зохион байгуулагч байжээ. Багийг удирдаж, манлайлж ажиллаж байсан арга барил нь үгүйлэгдэж байна. Хүн бүр өөрийн гэсэн санаа бодолтой. Хэвэнд цутгачихсан юм шиг бүгд нэг санал, санаачилга гаргана гэж байхгүй. Тэгэхээр хүмүүсийн санаа бодол зөрөхийг би асуудал гэж бодохгүй байна. Тэр саналуудыг тал бүрээс нь ярьж байж зөв шийдвэр гарна. Өнөөдөр манай намын бүлэг хүмүүсийн санаа бодлыг сонсох нь битгий хэл, хурлаа хуралдулж чадахгүй байгаа. Удирдлага байхгүйтэй адил байна. Намынхаа эв нэгдэлгүй байдлыг арилгаж, өөр гарц хайж, юу болохгүй байна гэдгийг сонсохоос илүүтэйгээр дуу хоолойг нь боомилох байдлаар хандаж байна. Би энэ тухай намын Бага хурал дээр ч хэлсэн. Хэт түрэмгийлсэн, дарангуйллын шинжтэй энэ байдал хол явахгүй. Энэ нь бидний намынхаа дүрмэнд тунхагласан үнэт зүйл, үзэл баримтлал, бүх зүйлээс зөрүүтэй байна. Нам, бүлгийнхээ үйл ажиллагааг жигдрүүлэх үүрэг нь тус тусын дарга нарт нь бий. Тэр үүргээ хэр зэрэг биелүүлэхийг цаг хугацаа л харуулах байх. Асар том асуултын тэмдэг л бидний өмнө байна.
-Ардчилсан намын зүгээс УИХ ажиллаж чадахгүй бол тарах хэрэгтэй гээд байгаа. Тарах нь зөв үү?
-УИХ тарах асуудлыг гишүүдийн олонх батална. Тэгэхээр тарах шийдвэр бодитойгоор гарна гэдэг эргэлзээтэй. Гэхдээ ажиллаж чадахгүй ингэж байж байснаас дахин ээлжит бус сонгууль явуулж, дүнгээ тавиулах нь ч зөв байх.
Миний хувьд залуучуудын байгууллагуудад уригдаж лекц тавих явдал их байдаг л даа. Нийгмийн шилдэг гэж байгаа залуучуудын бүлэг дотор ороод харж байхад улс төрийг үл ойшоох, улстөрчдөд дургүйцэх хандлага маш хүчтэй байна. Үүнийг аргагүй ч байх гэж бодож байна. Гэхдээ нөгөө талдаа улс орноо авч явах, ачааны хүндийг үүрэлцэх хүмүүс нь тэдгээр манлайлагч залуус байх учиртай юм. Тэгэхээр хэдий чинээ дургүй байна, төдий чинээ үүнийг өөрчилж, зөв болгохын төлөө оролцоосой гэж хэлмээр байна.